Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авахад 59 хувь нь дэмжсэнгүй.
Санал асуулгад нийт 4015 хүн оролцсоноос 2379 нь буюу 59 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй бол 1636 буюу 41 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.
Нийслэлээс энэхүү санал асуулгыг есдүгээр сарын 2-нд эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 8-н хүртэлх хугацаанд авсан юм.
Автомашины улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх нь харин ч иргэдийн хувьд дахин шинээр автомашин худалдан авч, хэрэглэхээс аргагүйд хүргэж байна. Иймд дээрх зохицуулалтыг нийслэлээс авах шаардлагагүй гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдөж ирсэн. Ингэхдээ нийслэл түгжрэлийг бууруулъя, автомашины хөдөлгөөнийг сааруулъя гэвэл авто зогсоолын тарифыг нэмэгдүүлэх, нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус зорчдог байх зохицуулалт хийсэн нөхцөлд эл асуудал шийдэгдэнэ гэж зарим хүмүүс байр сууриа илэрхийлдэг.