Хонконг хотноо энэ сарын 24-25 нд болж буй арван долоо дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож байна.
“Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл” чуулганд 130 гаруй өндөр түвшний зочин, 3000 гаруй төлөөлөгч чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр сорилтуудыг хэрхэн даван туулах тухай ярилцжээ.
Чуулга уулзалтын эхний өдөр болсон яриа хэлэлцээ нэгдсэн салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон улсын санхүүгийн байгууллага, бусад төв банкны төлөөлөгчидтэй хамт зочин илтгэгчээр оролцлоо. Тэрбээр санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрх зүйн хүрээнд бий болгоод буй боломж нөхцөл, түүнчлэн Монгол дахь финтек, ногоон санхүүжилтийн хөгжлийн тухай яриандаа онцолсон юм.