Нийтэлсэн огноо: 2024/05/24

“Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” цуглаан болов


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд “Иргэд мэдэх эрхтэй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Үг хэлэх эрх чөлөө”, “Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө” хэмээн бичсэн лоозонг барьж, байр сууриа илэрхийлэв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтсан олон нийтийн хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Ирсэн оюутнуудын бараг 90 гаруй хувь нь сэтгүүлч мэргэжлээсээ татгалзана гэж байна. Дөрвөн жил сурсан мэргэжлээрээ цааш ажиллахгүй гэдгээ илэрхийлж байсан. Яг энэ чиглэлийн судалгаа ч бий.

Манай төгсөгчдөөс ихэнх хувь нь сэтгүүлчээр ажиллахгүй гэх хэмжээнд очжээ.

Залуу үеийг айдаст автуулсан байна. Тиймээс ч хууль, эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай” гэв.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Дэлхийн сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага, МСНЭ хэд хэдэн удаагийн хурал хийж, мэдээлэл солилцсон. Тэдний зүгээс

  • Монголын хэвлэлийн эрх чөлөөний байдал, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд аюул учирч байна.
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гомдол, маргааныг шийдвэрлэж буй процесс хэрээс хэтэрч байгаа талаар Монголын улс төрчид, төр, засгийн байгууллагуудад зөвлөмж, шаардлага өгсөн.

Ингэж шаардлага, зөвлөмж авч байгаа нь таагүй үр дагавартай үйл явдал.

Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар айлгаж буй арав гаруй зүйл заалт байна. Голлон барьж хэрэгжүүлж байгаа нь тус хуулийн 13.14 буюу “Илт худал мэдээлэл” байсан.

Илт худал мэдээллийг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцож байгаа улс орнууд бий. Гэхдээ манайхаас ялгаатай.

Тодруулбал нийгмийн сайн сайхан аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын эсрэг үр дагавар бүхий худал мэдээлэл цацсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Үүнийг сэтгүүлчид эсэргүүцэхгүй байх.

Гэтэл өнөөдөр манайд илт худал мэдээлэл гэдгийг “Бусдын нэр хүндэд халдсан” тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж байгаа юм. Энэ зүйл заалт бодит амьдралд хэрэгжихдээ ялгаатай. Өөрөөр хэлбэл даргын эсрэг мэдээллийг гэмт хэрэг гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Анализ, ярилцлага