Нийтэлсэн огноо: 2024/01/24

СУРВАЛЖИЛГА: Монголчууд 1.2 их наяд төгрөгөөр Цагаан сар тэмдэглэдэг үү


 Монгол түмэн хавар болж, урин цаг ирснийг угтан “Цагаан сар” тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хаврын баяр ирэх хоёрдугаар сарын 10-нд тохиож буй. Цагаан сараар ах дүү, ураг саднаараа мэндлэн золгож, идээ будаа элбэг дэлбэг, инээд баяслаар дүүрэн, айл хотлоороо айлчлан баярладаг билээ. Монголчууд, тэр дундаа Улаанбаатар хотынхон Цагаан сардаа хэрхэн бэлдэж байгааг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.  

 “Нарантуул” зах хэзээний л түм түжигнэж, бум бужигнаж байдаг газар даа. Цагаан сар дөхсөн тул хөл хөдөлгөөн бүр ч ихэссэн байв. Хэвийн боов, цагаан идээ, хонины ууц, үхрийн өвчүү, айраг, амттан хайсан хүмүүс захын гудамжаар шахцалдан алхана. Хаа газрын зах, худалдааны төвөөс хамгийн хямд үнэтэйгээрээ хэрэглэгчдийн мөнхийн түнш болсон “Нарантуулаа” л тэд хот, хөдөөгөөс зорин ирсэн нь энэ.  

 Үүдээр ормогц “Бөөний үнээр хямд аваарай” гэх худалдаачдын дуу энд тэндгүй цангинана. Зузаан гэгчийн дах дэгтийгээр өөрсдийгөө хучиж, аягатай халуун цай гартаа барьсан худалдаачид “Юу хэрэгтэй байна. Ярьж хөөрөөд хямд аваарай” хэмээн үүдээр орж ирсэн хүн бүрийг урин дуудна. 

 Гэвч Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ хэдийнэ тэнгэрт хадаад удаж байгаа. Харин “Нарантуул” зах дээр ийм үнэтэй байна.  

2024.01.25, “Хэвийн боовны лангууны өмнө зогсох хүмүүс 

 Хэвийн боов ширхэг нь 4500 төгрөг. Бөөндөөд авбал арай хямдрах юм уу даа. Харин килограмм нь 70-80 мянгад хүрчихлээ гээд олныг шуугиулаад байсан нөгөө гайхал ааруул чинь нэг килограмм нь 38 мянган төгрөг гэж байна. Тавгийн чихэр нэг кг нь 8000 төгрөгөөс эхэлж байх жишээтэй. Идээ будаанаас гадна хаврын баяраар хүн бүр шинэ дээл хувцсаар гоёхыг хичээнэ. Мөн цагаан сараар ирсэн зочид гийчдийнхээ гарыг цайлгадаг уламжлалтай. Тиймээс иргэд бэлэг сэлт ч цуглуулж байлаа. Ингээд тооцвол цагаан сарын бэлтгэл базаах зардал дор хаяж сая төгрөг түүнээс дээш байх шинжтэй.

Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг, тэтгэврийн доод хэмжээ 325 мянган төгрөг байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсч байгаа энэ үед сард ийм мөнгөөр амжиргаагаа залгуулаад дээрээс нь өндөр өртөгтэй Цагаан сарын баяр тэмдэглэнэ гэдэг иргэдийн хувьд хүнд ачаа болж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Өнөө жил бүр ч тааруу байгааг худалдагчид ярьж байлаа. Нэгэн худалдагч “Хүмүүс үнэ асуухаас цааш хэтрэхгүй болж дээ. Худалдан авалт бараг хийхгүй байна” хэмээн хэлж байсан юм.  

 

 Зарим иргэд “Цагаан сар тэмдэглэхийн тулд зээл авахаас өөр аргагүйд хүрч байна. Зориод ирж байгаа хүмүүсийн өмнө тавгийн идээгүй сууж байлтай биш” хэмээн ярих нь харуусалтай.  

 “Цагаан сар болон бусад баяр ёслолын үеэр иргэд ихэвчлэн хадгаламж барьцаалсан болон цалин, тэтгэврийн зээл авдаг. Нэг айл багадаа сая төгрөгөөр цагаан сар тэмдэглэдэг гэж үзэхэд улс даяар 1.2 их наяд төгрөг эргэлтэд ордог. Богино хугацаанд ийм өндөр хэмжээний гүйлгээ, бараа бүтээгдэхүүний эрэлт үүсдэг гэсэн үг. Өнөөдрийнх шиг бараа бүтээгдэхүүний хангамж хэвийн байдалдаа орж чадаагүй үед энэ нь инфляцад нөлөөлөх нь гарцаагүй юм” хэмээн эдийн засаг Ж.Дэлгэрсайхан хэлж байлаа. 

 

 

 

 

 Э.Монголжингоо

Анализ, ярилцлага