-Түүврийн аргаар сонгогдсон иргэдээс авах санал асуулгын асуултууд бэлэн болсон уу. Санал асуулгын хүрээ хязгаарыг хэрхэн тогтоосон бэ?
-Санал асуулга хоёр удаа явна. Үндэсний статистикийн хороо энэ сарын 24-31-ны хооронд хот, хөдөөгийн 1570 иргэнээс санал асуулга авна. Дараа нь хуулийн дагуу санал асуулга өгсөн иргэдийн 50-иас илүү хувийг нь Улаанбаатарт авчирч дахиад асуулга асууна. Мөн энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач, шинжээч нарын асуулт бүрээр гаргасан гарын авлагыг уншуулаад, зарим тохиолдолд 1570 хүнийг 10-20 хүнтэй бүлэгт хуваагаад тайлбарлаж өгөх юм. “Энэ асуулт нь ингэвэл зүгээр, ийм сайнтай муу тал нь тэр” гэх мэт. Үүний дараа хоёрдугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 750 хүнээс санал асуулга авах юм. Санал асуулгын дараа зөвлөлдөх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргана. Ерөнхийд нь санал асуулгад статистик анализ хийгээд хаврын чуулган нээхээс өмнө зөвлөлдөх зөвлөлийн 11 гишүүн зөвлөмж бичнэ. Жишээлбэл, ийм асуулт бий. Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд оролцох боломжийг нь нээж өгөх ёстой юу гэж асууж байгаа. Ихэнх иргэд нээж өгөх ёстой гэж хариулбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, 2028 оноос өмнө анхаарч ажиллана уу гэсэн зөвлөмж өгнө.
-Нийт хэдэн асуулттай юм бол?
-Нийтдээ 60 гаруй асуулттай. Үүний арав нь тухайн хүнээс асуудаг. Та эрэгтэй юу, эмэгтэй юу ажилтай юу, гэрлэлтийн байдал, боловсролын түвшин гэх мэт. Тэрний цаана 38 асуулт бий. Үлдсэн 7-8 асуулт нь 2017 оны санал асуулгад орж байсан асуултууд багтсан. Тэр нь ерөнхий хүний мэдлэг үзэх буюу та сонин уншдаг уу эсвэл мэдээ үздэг үү, сүүлийн долоо хоногт хэдэн удаа мэдээ үзсэн бэ, сонгуульд санал өгч байсан уу гэдэг ерөнхий асуулт байдаг.
-Улс төрийн агуулгаар ямар асуулт орсон бэ. Олон нийтийн зүгээс санал асуулгын цаана Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж магадгүй гэх хардлага байна?
-Иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой. Зарим нь 1992 оны Үндсэн хуулийг 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу засч залруулаад явъя гэж байсан бол нэгдүгээр сарын 11-нд болсон “Нийгмийн зөвшилцөл” гэсэн хуралд олон иргэн “Үндсэн хууль болохгүй байна. Авлигал, тогтолцооны гажуудал болохоо байлаа. Ер нь хоёр танхимтай болох ёстой, нэг нь нэгийгээ хянадаг байя гэдэг ч юм уу, шинэ Үндсэн хуультай больё” гэдэг санал байна лээ. Тэрийг бид асууна гэсэн үг. Нэг талыг барьж асууж болохгүй. Иргэдийн санал дурдагдсан асуултуудыг асууна.
-Таны хувьд 1570 иргэн Монголын 3.3 сая хүн амыг төлөөлж чадна гэж үзэж байна уу?
-Монгол Улсад сонгуулийн насны 2.1 сая иргэн бий. Тиймээс 2.1 сая хүнээс бүгдээс нь асууж амжихгүй. Ялангуяа, цагаан сарын өмнө давчуу хугацаанд асууж амжихгүй. Тэгэхээр тухайн иргэдийг төлөөлж чадах иргэний байршлыг нь санамсаргүй байдлаар хоёр шатлалтай сонгож байгаа юм. Байршлаар нь, санамсаргүй гэдэг нь бүх аймгаас орно гэсэн үг. Бүр санамсаргүй сонгочихвол зарим аймгийн хүмүүс орохгүй байж магадгүй. Статистикийн түүвэрлэлтийн том шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр байршлаас нь санамсаргүй байдлаар асуугаад өрхөд нь ороод өрхийн тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тухайн өрхөд ороод хэн нэгнээс шууд асуухгүй. “Та санамсаргүй байдлаар сонгогдлоо, танаас авья” гэхгүй. Тухайн өрхийн насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс дотор нь сонгож авна гэсэн үг юм. Хоёр удаагийн санамсаргүй сонголтоор 1570 хүнээ 2.1 сая хүнийг хүйс, нас, орлого мэргэжил боловсролын хувьд бүрэн төлөөлөх чадвартай хүнийг сонгох юм.
-Зөвлөлөөс Ц.Мандхайхатан гарсан шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Одоо зөвлөлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж чадаж байна уу. ТББХ-ны дарга Ж.Мөнхбат гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэдэг агуулга оруулж ирэх нь гэсэн учраас гарлаа гэдэг зүйлийг ярьж байсан шүү дээ?
-Ц.Мандхайхатаныг Зөвлөлдөх бүрэлдэхүүнээс гарсанд нь харамсаж байна. Ц.Мандхайхатан юу гэж эсэргүүцэж гарсан бэ гэхээр шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос саналаар оруулж ирж байна. Үүнийг эсэргүүцэж байна. Бид биеэ дааж ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу бид ажиллаж байгаа. Хуульд зааснаар төрийн санал асуулгыг хариуцаж буй Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцдаг. Мөн төрийн байгууллагын саналыг заавал хүлээж авах, олон нийтийн саналыг хүлээж авах гэсэн хоёр үг бий. Заавал хүлээж авах учраас бид ТББХ-ны зөвлөлийн гишүүдтэй ярьсан хурлын үеэрх саналыг хүлээж авч буй. Үндсэн хуультай ч холбоотой биш юм. Жишээлбэл, манай асуултууд маш их байгааг шүүмжилсэн. Ихэнх нь “за” гэж хариулахаар боловсруулагдсан байна, энийгээ зас гэсэн. Тэр болгоныг бид хүлээж авч байгаа. Хэвийн ажиллагааны хувьд 10 гишүүнтэй ажиллаж байна. 10-уулаа ирэхэд хэвийн боломжийн ажиллаж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яриад эхэллээ. Эдийн засагч хүний хувьд харахад Үндсэн хуулийг өөрчилбөл ямар эерэг талтай бий болох вэ?
-Эдийн засгийн хувьд гарах давуу талыг сайн мэдэхгүй байна. Би Үндсэн хуулийн эдийн засагч биш учраас. Хууль ба эдийн засаг гэх шинжлэх ухаан бий. Аливаа хуулийг гаргаснаар эдийн засагт ямар үр нөлөө гарах уу гэдгийг судалдаг салбар шинжлэх ухаан байгаа.
-Эрх баригчид 30 жилийн нийгмийн тогтолцоо, алдаа дутагдлын гол буруутан нь Үндсэн хууль гэж тайлбарлаж байна. Үүнтэй та санал нийлэх үү. Үнэхээр өөрчлөхөөр болбол эдийн засаг талаасаа ямар давуу талууд харагдаж байна вэ?
-Хэзээ нэгэн цагт улсын хөгжил өөрчлөгдөнө, хүн ам өснө, иргэдийн үзэл бодол өөрчлөгдөнө. 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар явснаар авлига хэвээрээ, албан тушаалын хэрэг нь буурахгүй иргэдийн бухимдал нь нэмэгдэх хэрээр хэзээ нэгэн цагт шинэ Үндсэн хууль руу орох байх л даа. Яг одоогийн нөхцөлд эдийн засгийн хэцүү байдалтай үед бид нар эрс шинэчлэл рүү орох нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй гэж харж байна. Гадаад эдийн засаг чинь тодорхой эдийн засгийг дандаа ажиж байдаг байхгүй юу. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, зээлжих эрх, авлигалын индекс гэх мэт тоон үзүүлэлэлтүүд бий. Дотроо учраа олохгүй бужигнаж байх хооронд тэр үзүүлэлтүүд буурч, улам тодорхойгүй болно гэсэн үг юм. Зээлжих эрх зэрэглэл нь хасах руу яваад байвал гадаад өрөө төлж чадахгүй гаднаас маш их хэмжээний ам.долларын зээл дахин, дахин авч бонд гаргаж өрөө төлж явж байгаа. Тэгэхээр энэ байдал нь улам үнэтэй, хүү төлдөг хэцүү байдалд орох байх.