Чимээгүй нь олонхи. Чанга дуутай нь цөөнх байдгийг мэднэ биз дээ. Чанга дуутай цөөнх ихэвчлэн гарах үр дүнг тооцолгүй асуудалд сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Аливааг олон талаас нь бодох цөлх ухаан ядмаг. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нинжин сэтгэл дутмаг. Ихэвчлэн өөрийгөө бодсон хувиа хичээгсэд байх нь элбэг. Энэ мөн чанарыг илэрхийлсэн олон сайхан зүйр цэцэн үгийг ухаант монгол хүмүүн эртнээсээ хэлэлцсээр иржээ. Жишээ нь, муу хүний дуу их. Мухар үхрийн тархи их. Муу эр дайнд хөөрнө гэх мэтээр хөвөрнө. Харамсалтай нь хүн төрөлхтөн хэзээнээсээ чанга дуутай, харанхуй цөөнхийн сэтгэл хөөрлөөр удирдуулж олон олон хар түүхийг бүтээсээр ирж. Энэ зөвхөн монголчуудын зовлон биш л дээ. Яг үүн шиг өнөөдөр монголчуудын цөөнх сошиалд “галзуурч” байна. Юу ч нотлогдоогүй, шийдэгдээгүй байхад газ тээвэрлэж явсан машины жолоочийг өрөвдөн хайлж байна. Гай болсон новш гэж Патролын жолоочийг харааж байна. Барьж хорь гэж баруун солгойгүй хашгирч байна.
Угтаа бид ингэж хөнгөн хуумгай хандаж болохгүй юм. Хэнийг нь ч буруутгахад эрт байна. Хоёр жолооч эрүүл байсан уу. Аль аль нь нойр дутуу, ядарсан байв уу. Эсвэл утсаар ярьж анхаарал нь сарнив уу. Автомашинуудынх нь бүрэн бүтэн байдал стандарт хангаж байсан уу. Өвлийн дугуйгаа тавьсан байж уу. Тухайн компани газын машинд өдөр тутмын үзлэг хийдэг үү. Ёмкостийн насжилт хэр байв. Арай актлагдах шахсан байсан юм биш биз. Жолооны дүрмийг хэн хэн нь яаж зөрчсөн юм. Замын халтиргаа гулгаа хэр нөлөөлөв. Амиа алдсан гал сөнөөгчдийн аюулгүй ажиллагаа стандартын дагуу хангагдсан уу. Осол аваар гаргахгүй байх, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжоор төр засаг хангаж чадав уу гэх мэтийн олон хүчин зүйлийг нягталж байж асуудлыг үнэн мөнөөр нь шүүнэ. Түүнээс биш жолооч нарын ядарсан, задарсны ялгаа энд ямар ч хамаагүй. Өнгөц харснаараа бүгдийг дүгнэж хэн нэгнийг шүүхээс өмнө яллаж доромжлох эрх хэнд ч байхгүй юм. Магадгүй сошиалаар цуураад байгаа шиг газын машин сигналдаад байхаар нь Патролын жолооч зөрүүдэлж зогссон ч байж мэднэ. Хэрэв тийм бол түр зуурын уурын мунхаг, тэнэглэл юунд хүргэдгийн сургамж нь энэ. Ганцхан газын машины жолооч сигнал чарлуулдаг юм биш. Зөвхөн Патролын жолооч тэрэнд уурласандаа зогсч мунагладаг юм биш. Монголчууд бүгдээрээ зам дээр машин барихаараа ингэж авирладаг. Өөрсдийгөө ямар болчихоод байгааг ер нь ойлгож байна уу. Шүргээд өнгөрөх төдийд ярдагладаг, яахаас ч буцахгүй хөмсгөө зангидсан ууртай хүмүүс болоод хувирчихсанаа мэдэж байна уу. Хэнийг, юуг буруутгахаа ч мэдэхгүй юм. Ямартай ч энэ хоёр жолоочийн оронд өөрсдийгөө тавиад үзээрэй. Гагцхүү нэг л гашуун үнэн бий. Хоёр жолоочийн хэн нь ч санаатай энэ үйлдлийг хийгээгүй. Тэдний оронд та ч, би ч байж болох байсан.
Чимээгүй олонхи энэ бүхнийг эргэцүүлэн ажиглаж дуугүй суугаа. Харин үүнийг тунгааж бодоогүй сошиалын цөөнхийн “шударга ёс” хоёр жолоочийг тойрон эргэлдэж байна. Байтлаа бүр төрд ажилласныхаа төлөө иргэд шөнө дөлөөр гадуур явах эрхээ ч хасуулах бололтой. Уянгын халил нь уул давж газ, бензин ялгалгүй хамаг колонкуудаа хотоос хөөхийг шаардаж байна. Мухар сүсэгтнүүд нь гал гэж ярихыг ч хориглож байна. Газ ашигладаг бүхнийг, газаар хоол хийдэг гуанз бүрийг үлдэн хөөхөөр шаагиж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь тэднийх тул тархиныхаа хэмжээгээр “галзуурч” л байг гээд тоохгүй өнгөрдөг төр засагтай бол хамаа алга. Гачлантай нь цөөнхийн байр суурийг олонхийн үг гэж андуурдаг ухвар мөчид улстөрчид улс орныг удирдаж байгаа юм. Гаргасан шийдвэрээсээ буцаж, сошиалаар удирдуулж, эргүүтсэн төлөг шиг дороо эргэлдсээр улсынхаа хөгжлийг ул болгосон дарга нарыг бид харсаар… Тэд олон хүний цус нулимсыг урсгаж, орон гэргүй, тахир дутуу болгосон энэ гай зовлонгийн буруу бүхнийг хоёрхон жолооч дээр тохоод өөрсдөө сонгуульд орохоор яарах тэдний шунал сошиал цөөнхийн харанхуй хүсэлтэй яв цав “эвцэлдэх” нь гаслантай.
Ядрах тусам зовлон зоолдог хойно. Ядуу Монголыг өдөр бүр гай гамшиг, үхэл хагацал ээрсээр байхад ядаж бие биедээ хайртай байхсан даа монголчууд минь…
Ричард Скэммон гэдэг судлаач Америкийн чимээгүй олонхийг “залуу биш, ядуу биш, хар биш” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний судалгаагаар чимээгүй олонхи нь нийт хүн амын 95 орчим хувийг эзэлдэг гэдэг юм билээ. Тиймээс Монголын чимээгүй олонхи дуугарах цаг болоогүй юу. Үгүй аваас чанга дуутай цөөнхийн “хар шуурга” эх орныг минь газартай нь тэгшиллээ.
Я.Мөнгөнцэцэг