-ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ-
Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтдын тухай хуультай болоод, тэр нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэнийг та мэдэх үү. Уг хуулийн төслийг “Азтай савар” төрийн бус байгууллага санаачлан боловсруулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд УИХ баталжээ. Ингэснээр гэрийн тэжээвэр амьтад болон түүний асран хамгаалагчид хуулийн дагуу ямар эрх, үүрэг хүлээх болсныг танилцуулъя.
Нохой, муураа хүүхдийн тоглоом, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй
Асран хамгаалагч тэжээвэр амьтнаа хоол хүнсээр хангаж, халдварт өвчин, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлнэ. Зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зайтай үүрээр хангана. Цэвэр, аюулгүй орчинд байлгана. Тэднийг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гаргахгүй, бусад амьтныг оруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандаж, тусламж үйлчилгээ авна. Нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлнэ. Нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулна. Нохой, муураа төрснөөс хойш 6-12 сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэнэ. Нохой, муурын хүзүүвч эсвэл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулна. Олон нийтийн газар, автозам, гудамж, талбай, орон сууц, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй. Бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн цэгт хаяна. Нохой, муурыг тав хоногоос дээш хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй. Гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглана. Мөн нохой, муураа хүүхдийн тоглоом, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй. Нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй хэмээн хуульд тусгажээ. Энэ хориглолт Монголын уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй юм байна.
Гэрийн тэжээвэр амьтаддаа чип суулгаж, харьяа баг, хороонд бүртгүүлнэ
Хуулийн дагуу асран хамгаалагчид гэрийн тэжээвэр амьтаддаа заавал бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ. Дөнгөж төрсөн нохой, муурыг 50 хоногийн дотор, шилжүүлэн авсан амьтныг авснаасаа хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх гэнэ. Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлэг нь энэхүү бичил чип унших төхөөрөмжтэй болох юм байна. Мөн асран хамгаалагч болохын тулд зайлшгүй сургалтанд суун, асран хамгаалагчийн албан ёсны эрхийг авсан байх шаардлагыг тавьж байгаа юм. Асран хамгаалагч өөрийн амьтнаа үрчлэн аваад хариулагатай тэжээж байгаа эсэхийг чипний бүртгэлээр шалгах аж. Тодруулбал, тухайн асран хамгаалагчтэжээвэр амьтнаа тодорхой хугацааны дагуу эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Үзүүлж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид давтагдахгүй дугаар бүхий бичил чипийг суулгуулан бүртгэнэ. Бүртгэлийг хйилгэснээр тухайн амьтны амьдарч байгаа газар,эрүүл мэндийн байдал гэх мэт мэдээллийг тусган тусгай системд байршуулан хянах боломжтой болох юм.Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой бүх чиг үүргийг хэрэгжүүлэх Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг хуулийн дагуу бий болгож байгаа аж.
Эзэнгүй муур, нохойг буудаж устгахыг хориглов
Монголчуудын хуучин ойлголтоор эзэнгүй муур, нохойг зөвхөн буудан хөнөөж устгалд оруулдаг байсан. Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар энэ асуудлыг зохицуулжээ. Ингэхдээ харгис хэрцгий арга хэрэглэхгүй, тэр тусмаа буудаж хороохыг хориглосон байна. Харин үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэхийг хуульд заажээ. Мөн гэрийн тэжээвэр амьтныг алах, санаатайгаар хаях, төөрүүлэх тохиолдлуудыг хүчирхийлэл гэж үзнэ. Эдгэшгүй өвчинтэй эсвэл гэмтэлтэй, орчин тойрондоо аюултай л биш бол муур, нохойд унтуулга хийх нь хориотой. Гэрийн тэжээвэр амьтнаа зодох, тамлах, хэт ачааллуулсан тохиодолд хүчирхийлэлд тооцно. Мэдээ алдуулалтгүйгээр мэс ажилбар хийж, хараа хяналтгүй орхиж, өлсгөж, харангадуулснаас болж гэрийн тэжээвэр амьтан үхэлд хүрсэн бол мөн л хүчирхийлэлд тооцно. Гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулж оролцуулахыг хоригложээ. Нохой, муурыг байнга уяж, хөдөлгөөнийг нь хязгаарлахыг ч хуулиар хязгаарласан байна. Мөн гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцахаар заажээ. Асран хамгаалагч, түр харагчийг гэрийн тэжээвэр амьтан тэжээснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байхыг энэ хуульд тусгаж өгчээ. Мөн алга болсон амьтдыг сум, дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсэн тохиолдолд дээр дурдсан чипийн тусламжтай олох боломжтой болно.Цаашлаад нохой муурыг үржүүлэн ашиг олох сонирхолтой хүмүүс болон, аж ажуй нэгжүүд заавал зөвшөөрөл авдаг болох юм байна. Мэдээж Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг зөрчвөл Зөрчлийн хуулиар шийтгүүлэх гэнэ.
Э.МОНГОЛЖИНГОО