Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Д.Доржготовт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээлээ.
Тэрбээр сэтгэгдлээ хуваалцаж хэлсэн үгэндээ “Монгол бахархлын өдөр олгодог Чингис хаан одонг шинжлэх ухааны салбарын олон зуун хүмүүсийн төлөөлөл болгон надад олгосонд баяртай байна. Шинжлэх ухаанд үзүүлж буй асар том үнэлгээ, их том итгэл хэмээн үзэж байна.
Би 1962 онд Москвагийн их сургуулийг төгсөж ирснээс хойш 60 жил судалгаа явуулж байна. Монголын сайхан эрдэмтэд, гадаадын эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо бараг бүх нутгаар явж судалгаа хийсэн. Нийт 330 сумаас 250 орчим суманд очсон. Хөрс байхгүй бол хуурай газрын амьдрал байхгүй. Тиймээс үүнийг судалж, хайрлаж, хэлхэж явах хэрэгтэй юм.
Хоёр хоногийн өмнө надад хэлсэн. Тэгээд би юу хийсэн болоод намайг шагнах гэж байгаа билээ хэмээн номуудаа харлаа. 300 гаруй ном бичсэн байна. Би олон сайхан шавьтай. Дөчөөд жил багшиллаа. Шавь нар маань миний бахархал юм. Монгол орон асар том орон. Бид бүрэн судалж дуусаагүй л явна. Энэ бол 20, 30 хүний хийчих асуудал биш. Бид бичил ертөнцөд амьдарч байгаа жижигхээн хэсэг. Тиймээс судлах зүйл их байна” гэв.