Нийтэлсэн огноо: 2024/01/24

Р.Чойномыг хэлмэгдүүлсэн технологийг 21 дүгээр зуунд сэргээхээр бэлтгэлээ базааж эхлэв үү?  


 

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр нь  “Монгол түүх” бүтээлдээ 1932 оны бослогыг “Ардын бослого” гэж нэрлэсэн нь  гэмт хэрэг гэж үзэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Б.Зинамидар гомдол гаргасан гэнэ. Тиймээс улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал гомдолд хэрэг үүсгэн, шалгуулахаар болжээ.

Гэхдээ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тайлбарлахдаа  “Прокурорын байгууллага хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчил шууд шалгахгүй, харьяалал тогтоож, хяналт тавьдаг, цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн гомдол, мэдээлэл бүрийг шалгах үүрэгтэй.  Хуулийн хүрээнд тухайн иргэнийг дуудаж мэдүүлэг авах, бусад ажиллагааг явуулах эрх зүйн зохицуулалттай.  Энэ хүрээнд дуудсан байна. Тухайн гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн” гэжээ. Ямартай эхний удаад хэрэг нээгээгүй юм байна. Гэвч хэтдээ  үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд хяналт тавих ажил энэ мэтээр үргэлжилж магадгүйг энэ жишээ харууллаа.

 Бүр цаашилбал Р.Чойномыг бичсэн шүлгүүдийнх нь төлөө ялласан шиг.  Хамаг өнгөтэй өөдтэй бичиг соёлын эрдэмтэн сэхээтнүүдээ ногоон малгайтнуудын матаасаар хэлмэгдүүлэн толгой дараалан цаазалж, залхаан цээрлүүлж байсан коммунизм Монголд эргэн сэргэхээр ийнхүү бэлтгэлээ базааж буй бололтой. Энэ сануулга Баабараар эхлэв үү гэлтэй.

Анализ, ярилцлага