Швейцарын Давос хотноо зохиогдсон Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд 30 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Уг чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болжээ. Энэхүү арга хэмжээ энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөөд байна.