Жил бүр Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэнэ.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.
Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9-н хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.
Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.
Өнгөрсөн жил тус арга хэмжээнд 1,000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчлэн, нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт дотооддоо хийжээ.