УИХ-ын чуулганы энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Боловсролын ерөнхий хуульд, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зарим зүйл заалтын дугаарлалтыг өөрчлөх талаар тусгасан. Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуулийн төсөлд цахим орчинд хүүхдийг урхидсан, дээрэлхсэн, дарамталсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгатай контент хийвэл түүнийг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авна. Мөн гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүй орхисон, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явсан, тээвэрлэсний улмаас хүүхэд эрсдэлтэй нөхцөлд орсон зэрэг тохиолдлуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шийтгэл оногдуулах зохицуулалтуудыг тусгажээ.
Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэхүү хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.