Нийтэлсэн огноо: 2024/01/24

Доктор, профессор Н. Лүндэндоржид Хөдөлмөрийн баатар Б. Чимидийн нэрэмжит шагналыг олголоо


Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ. Б.Чимидийн нэрэмжит шагналд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас доктор, профессор Н.Лүндэндоржийн 2023 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хууль-Шинжлэх ухааны тайлбар” хэмээх бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулах үеэр:

“Доктор, профессор Н.Лүндэндорж нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан судлаач, олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг бид сайн мэднэ. Түүний бүтээл нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, агуулгыг хуульчдад төдийгүй ард иргэдэд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой сайн бүтээл болжээ. Түүнчлэн философи, иргэний эрх зүй, эрх зүйн онол зэрэг олон шинжлэх ухааны уулзвар цэгт огтлолцсон, хууль зүйн болон нийгмийн байгуулал, эдийн засгийн онол, арга зүйг хослуулан туурвисан бүтээл болсон гэж үзсэн” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Лүндэндорж :

“Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний оюун ухаанаар бүтээгдэж, монголын ард түмний хэлэлцэн баталсан анхны Үндсэн хууль юм. Орчуулгын хууль биш гэдгийг олон баримтаар нотолж болно. “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” нь Үндсэн хуулийг тайлбарласан тав дахь бүтээл бөгөөд Үндсэн хуулийн бүтцэд байгаа бүхий л хэм хэмжээ, үг агуулгыг иж бүрнээр тайлбарлахыг зорьсон. Ингэхдээ Үндсэн хуулийн онол, философийг нь таниулахын төлөө чармайн ажилласан. Үндсэн хуулийн гол философи бол оршил хэсэгтээ “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж оруулсан байдаг.  Хүнийг бүхний төвд тавьж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хэрэгжүүлэх хамгийн чөлөөт орчныг бүрдүүлэх гол агуулгыг эндээс харж болно” гэв.

Анализ, ярилцлага