Малчдаас амьд хонь худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 1-нийг хүртэл орон даяар зохион байгуулах юм байна. Тэр дундаа өвөлжилт хүндэрсэн аймгуудын малыг Иран руу экспортлохоор ажиллаж байгаа юм. Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай. Ингээд тогтсон хуваарийн дагуу мал худалдан авч эхэлжээ. Тиймээс малчид, иргэд аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандах аж. Амьд хонь малчдаас худалдаж авч, Иран руу экспортлох ажлын зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” ХХК юм. Малчид орон нутгийн онцгой комисс, үйлдвэрүүд рүү доорх дугааруудаар холбогдож болохоос гадна зохицуулалт хийж буй нэгжтэй 85002550 дугаар утсаар холбогдох боломжтой гэнэ. Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын найман цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг арга хэмжээний үр дүнд 2023 онд махны экспорт дээд хэмжээнд хүрсэн буюу нийт 80.4 мянган тоннд хүрсэн байна. Энэ жил ч мөн махны экспортыг нэмэхэд харьяа яамнаас анхаарч ажиллаж байгаа юм.