Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатартай Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд уулзжээ. Энэ талаар Х.Баттулга:
-Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын хуулийн талаар Г.Занданшатартай уулзаж, энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Бид газрын асуудлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томруулсан тойргоор явуулах гэж байгаа бол тэр бүтцээр хэлэлцүүлэх хэрэгтэй. 1993 онд гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын босгыг тавьдаг байсан. Энэ босго 2013 онд ч үйлчилж байсан. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, ямар ч хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирнэ. Газар нутаг эзэмшин гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал үүсэх цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээд, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хэлэлцээч гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин Ардчилсан намын төлөөллийн хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх үед Японы Ерөнхий сайд Ш.Абэ ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гэдэг санамж бичиг зурсан. Санамж бичиг зурсны дараахан Баянгол зочид буудалд над руу дайрсан. УИХ-ын гишүүн байхад баривчилна гэсэн төрийн том дайралт байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, Орос, Япон гэх мэт гадны хөрөнгө оруулалт орох үед ганц шийдвэрээр зогсоож, Хятадын компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулийн байгууллага өөрсдөө үгүйсгээд байдаг учраас эргэн хараач ээ гэсэн саналтай байна. Өрөөсгөл олон ургальч үзэл байхгүй байна. Улс төрийн, бүлэг шийдвэр гаргалаа гээд яваад байвал, гурван сая Монголын эрх ашгийг хамгаалж чадахгүй. Монгол Улсын хууль тогтоомж өөрөө тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэж өөрчлөгдөж байгаа. Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа ямар нэг үл ойлголцол байхгүй.