Нийтэлсэн огноо: 2024/01/24

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзжээ. Тэд “Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа нисэх буудал руу шилжүүлэх талаар санал солилцов.

Сайд С.Бямбацогт “Чингис хаан ОУНБ бол Монгол, Япон улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш хүлээгддэг гэх санал, гомдол их ирж байна. Бид энэ онд хоёр сая 200 мянган зорчигч хүлээж авахаар төлөвлөөд байгаа. Тиймээс бүртгэлийн цэгийг нээж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлэх шаардлага тулгарсан. Мөн орон нутагт гурван чиглэлд нислэг үйлдэж байсныг өнгөрсөн 7 дугаар сараас ес болгож өргөтгөсөн. Орон нутгийн нислэгээр ахмадууд, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг. Иймд “Чингис хаан” ОУНБ иргэдийнхээ эрх ашиг, ая тухыг хангаж, орон нутгийн нислэгээ “Буянт-Ухаа буудал руу шилжүүлэх саналтай байна. Ингэснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх арга хэмжээг авна хэмээв.

“Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумио, “Ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажиллана. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмсэн. Тавдугаар сар гэхэд бүртгэлийн 20 цэгтэй болно. Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа сайжруулж, төр, хувийн хэвшлийн омпанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна” гэжээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцжээ.

Э. Монголжингоо

Анализ, ярилцлага