Нийтэлсэн огноо: 2024/01/24

Таксины зөвшөөрөлгүй явсан иргэн, аж ахуй нэгжийг торгох хуулийн хэрэгжилтийн талаар тайлбар хийжээ


Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авна. Харин зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.

Хуулийн эдгээр зохицуулалт иргэдийг бухимдуулж байгаа тул Нийслэлийн Засаг Даргын/НЗД/ төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг тайлбар хийлээ.

“Улсын хэмжээнд сүүлийн таван жилд гурван мянга гаруй гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний ихэнхи нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн хоёр мянга гаруй нь таксины жолоочтой холбоотой байна. Иймд Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зохицуулт хийсэн. Хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 15-наас үйлчилж эхэлнэ. Хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангавал 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрөл дагуу үйлчилгээ эрхэлдэг болсны дараагаар зөрчил гаргасан иргэн, ААН, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая хүртэл төгрөгөөр торгох зохицуулалтыг хийнэ. Цаашид таксид үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг нийтийн тээврийн олон үйлчилгээг явуулахаар ажиллаж байна” хэмээв.

Анализ, ярилцлага