Нийтэлсэн огноо: 2023/04/23

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО


Сайдын ээлжит шуурхай өнөөдөр /2023.04.10/-ны өдөр болж, хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийх ажлын мэдээллээ танилцууллаа.

Тухайлбал: Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 1795 зээлдэгчид 184.6 тэрбум төгрөгийн зээл олгов.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх болон гэр хорооллыг дахин төлөвлөж, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, ногоон орон сууцны хорооллууд барьж байгуулах, эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БХБЯ Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг Олон Улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтран ажиллах хэлэлцээрүүдийг хийж байна.

“Сэлбэ сэргэлт” төсөл боловсруулахад шаардлагатай байгаль орчны үнэлгээ, инженер геологи, гидрогеологи, геодези, авто зам, гүүрэн байгууламжийн асуудлаар холбогдох тооцоо судалгаа хийж, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.

Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-д “Орхоны хөндийд ”Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн урьдчилсан судалгааны баг Монгол улсад ирж ажиллав.

Бүтээн байгуулалтын ажлууд идэвхижиж буй тул өргөх байгууламжуудын аюулгүй ажиллагааг хангах хүрээнд зөвлөгөөн зохион байгууламж, мэргэжлийн байгууллагууд, барилга угсралт болон ашиглалтын компаниудад аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналыг боловсруулж, Эрчим хүчний хэмнэлттэй барилга болон барилгын материалыг гэрчилгээжүүлэх журмын хэрэгжилтийг хянав.

Барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчийг тасралтгүй нийлүүлэх мөн цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахад вагоны хүртээмжийг нэмэгдүүлж, дэмжин ажиллах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

“Ногоон нуур – 1008 айлын орон сууцны төсөл”-ийн нэгж, Ерөнхий гүйцэтгэгчидтэй барилгын ажлын бэлтгэл, материалын татан авалт, ажил гүйцэтгэх төлөвлөгөөг тогтов.

Эдгээр ажлуудаас гадна харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд дээр ажил хэрхэн, хичнээн хувьтай хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг төслийн удирдагч нар сайдад танилцууллаа.

Сайд Ц.Даваасүрэн танилцуулагдсан болон бусад ажлуудын хүрээнд дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

✅ Цэвэр усны хангамжийн асуудалд онцгой анхаарч, цэвэрлэх байгууламжууд дээр гүн цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулах,

✅ Аймгуудын шинэ цэвэрлэх байгууламжууд дээр мэргэжилтнүүдийн дүгнэлт гаргуулж, үйл ажиллагааг нь зүгшрүүлэх,

✅ Гадны байгууллагуудтай хэлэлцэж тохирсон асуудлуудаар холбогдох баримт бичгүүдээ боловсруулж явуулах, яаралтай ажил хэрэг болгох,

✅ “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төсөл, үнийн тооцоолол, бусад бэлтгэл ажлыг түргэвчлэх,

✅ “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г батлуулах ажлыг шахаж, холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх,

✅ Өмнөговь аймгийн Ханбогд суманд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх талаар орон нутагтай зөвшилцөх,

✅ Хаягийн нэгдсэн системийг бий болгох, салбарын цахимжилтын ажлыг эрчимжүүлэх,

✅ Бараа материалын чанар, стандартыг сайжруулах чиглэлээр эрс өөрчлөлт гаргах,

✅Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд салбарын

саналаа өгч ажиллах,

✅ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд онцгой анхаарч, улмаар гадны буцалтгүй тусламж, хямд зээлийн эх үүсвэрийг татаж, Сан байгуулах боломжийг судлах,

✅ Өргөх байгууламжуудын нөхцөл байдалд анхаарч ажиллах,

✅ Барилгын салбарын “Улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахыг үүрэг болгов.

Анализ, ярилцлага