Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томиллоо. Энэ цагийн улс төрд хамгийн хүчтэй сөрөг хүчин байж, ард иргэдийн нүд чих нь болох ёстой АН-ын дотоодын бялуу хуваарилалт дуусдаггүй. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хоорондоо булаацалдаж, буруу зөрүү харж удаан явсны эцэст Э.Одбаяр гэдэг нөхрийг тавьснаа намын дарга Л.Гантөмөр зарлав. Тэгтэл тэр Э.Одбаярын нэрийг сонссон амтай бүхэн түүнийг муулж, пүү пай болж байна. Учир нь Э.Одбаяр яалт ч үгүй нэгэн үе С.Эрдэнийн цүнх баригч, хүү Э.Одбаярынх нь багын найз байсан нь үнэн. Н.Энхбаяр оймсондоо О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарыг хавчуулан улс төрд оруулж ирж байсан шиг тэр С.Эрдэнийн оймсоор “гэр” хийж улстөрч болсон байдаг.
Ингэхдээ тэр “С.Эрдэнийг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд байх үед Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдож байсан тухай мэдээлэл бий. Мөн С.Эрдэнийг АН-ын дарга болоход тус намын Хэрэг эрхлэх газрын дарга болж байж. Үнэндээ түүний улс төрийн карьер С.Эрдэнийг дагаж өгсөж байсан юм. Ноцтой нь тэр АН-ын ХЭГ-ын дарга байхдаа С.Эрдэнийнхээ “нударган” доогуур үүрээ “тонож” их хэмжээний мөнгө цавчсан гэдэг мэдээлэл нэг хэсэг сошиал орчноор битүү цацагдсан. Ингэж эзнийхээ итгэлийг алдаж, уурыг хүргэж, намаас хөөгдсөн гэдэг юм билээ. С.Эрдэнээс зүгээр ч нэг салчихаагүй. Түүний нэрийг барьж “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” хэмээн Д.Кёкүшюүзанбатбаяраас 600 сая төгрөг залилсан хэрэгт ч нэр холбогдож байв.
С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нэг удаа “АН-ын залилан Э.Одбаяр гэж нөхөр байдаг. Түүнтэй арван жилийн сургуульд цуг сурч байсан. Анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш “Эрдэнийн хүү Одбаярын амин амьдаа найз” гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” хэмээн бичиж байлаа. Э.Одбаяр 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг дагасан. Яагаав С.Эрдэнэ АН-ын тамгыг “дарж” хэвтчихээд хэнд ч өгөхгүй, АН хуваагдаж хоёр, гурван жил хэрэлдэхэд Э.Одбаяр С.Эрдэнийнхээ нөгөө талд орчихсон түүний эсрэг “байлдаж” байсан гэсэн үг.
Төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол нь үл мэдэгдэх, сайнаар дуурсах алдаргүй, муугаар цоллуулах архив ихтэй ийм нэгэн шалдар булдар залууг АН-ын генсек болгоод зогсч байгаа Л.Гантөмөрт ирэх сонгуульд намаа ялуулах хүсэл ер нь байна уу.
Эсвэл УИХ-д суух тав, арван суудлаа эрх баригч МАН-тай аль хэдийнэ тохирчихоод манай багт хэн ч байсан яахав гэж хэнэгүй гэдийж зогсоо юм уу. Нийслэлийн АН-ын даргаар Женко Баттулгын жинхэнэ уяаны “нохой” гэх Д.Батцогтыг тавьчихсан. Одоо тэгтэл хулгай, залилангаараа олноо танигдсан Э.Одбаяр гэгчид гал тогоогоо даатгах гэж байна. АН-ын даргын нэр нь л Л.Гантөмөр болохоос нидэр дээрээ энэ нам Х.Баттулгын мэдэлд очсоныг эдгээр гар барилтууд нотлоод өглөө. АН-ын алтан үеийн луугар генсекүүдтэй харьцуулахад Э.Одбаяр гэх залуу жулдана. АН-ын ранк ХҮН намын дайнд ч хүрэхээ байлаа.