Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн цэцэрлэгийнхэн ажлын байрандаа архи согтууруулах ундаа хэрэглэж суугааг нь нэгэн эмэгтэй ил болгож, бичлэг хийв. Тус цэцэрлэгийн барилга үйл ажиллагаа явуулах аргагүй болсон учраас түр хаалгаа барьсан юм байна. Харин багш, ажилчид нь ажиллахгүй болсон байрандаа багш нарын баяр тэмдэглэж байжээ. Зөвшөөрөлгүй бичлэг хийж, тэдний нүүр царайг олон нийтэд ил болгосноороо тухайн иргэн эмэгтэйн хандлага учир дутагдалтай байв. Гэхдээ энэ бичлэгийг үзсэн хүмүүсийн хандлага үнэхээр гайхашрал төрүүлэв. Учир нь “Багш нарт бааранд орох мөнгө байхгүй юм чинь яадаг юм. Хүүхдүүдийн хажууд уугаагүй бол болно.
Багш нараа өмөөрнө гэх” байр суурийг ихэнх хүн илэрхийлжээ. Тэгвэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1-т зааснаар “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр”-нд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байдаг. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.8-д “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх нь ёс зүйн зөрчил” гэж үздэг байна. Багшийн хөдөлмөр хүнд, цалин багатай. Хэнээс ч хариу нэхэлгүйгээр энэ мэргэжлийг сонгож, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тэднийг хэн бүхэн хүндлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хэн байхаас үл хамааран хүн бүр хуулийг сахин мөрдөх үүрэгтэй гэдэг зарчим Монголд энэ мэтээр алдагдсаар байвал нийгмийн гажуудал улам бүр гүнзгийрэхгүй гэж үү?