Хүний санаа бодлыг эргүүлэх, итгэл, бишрэл бий болгох эртний олон арга техник бий. Жишээ нь дайснаа олоод, тэр дайсан нь “бидний” эсрэг байгаа гэж ойлгуул. “Тэдний” эсрэг “Бид” гэсэн илэрхийлэл хүчтэй сэтгэл хөдлөл, үзэн ядалт, итгэл үнэмшил төрүүлдэг. Санаа бодлоо олон дахин давт. Хэдий чинээ олон давтана, төдий чинээ нөгөө хүнээ байлдан дагуулах болно. Хүмүүсийг аюултай байдалд байгаа гэж итгүүл. Ирэх аюулаас аврах тусламжийг санал болго. Жишээ нь мэргэч төлөгч нар хүнийг хараалд өртсөн байна гэж айлгаад түүнийг нь засаж өгнө гэж мөнгө нэхдэгтэй ижил. Хүнд мэдээлэл өгөхдөө харам бай. Багахан мэдээллийг богино хугацаанд өгч сур. Сүүлдээ чиний хэлсэн болгон чухал, ач холбогдолтой, үнэн зөв болж хувирна. Ерөнхий сайд яг энэ зааврын дагуу пропдаганда хийж байна гэж санагджийн уу. Тэр өнөөдрийг хүртэл огт ажил ярьсангүй. Бүтээн байгуулалт хийсэнгүй. Зөвхөн хулгайн тухай л олон давтан ярьж байна.Өнгөрсөн 30 жилийг шүүгээд, тэр хугацаанд ажил, бизнес хийсэн хүмүүсийг хулгайч буюу нэг ёсондоо Монголын дайсан гэж ард олонд итгүүлээд тэдний эсрэг тэмцэж байгаа баатрын дүр бүтээж байна. Хийж байгаа ажил, бүтээн байгуулалтаа дэлгэрэнгүй ярихдаа харам. Гэхдээ үе үе гарч ирээд хулгайчтай тэмцэх хэцүү байна, намайг дарамталж байна гэсэн хоёр гуравхан үг чулуудаж, нийгэм даяар шуугиан дэгдээдэг. Гэсэн ч улсыг цөлмөсөн нэг ч хулгай шийдэгдээгүй, нэг ч хулгайч ял аваагүй. Монголчуудын бодит амьдрал дээр энэ нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа. Сонгууль болоход наймхан сар үлдсэн учраас түүнд пропаганда хийхээс өөр хугацаа үлдээгүй бололтой.