Нийтэлсэн огноо: 2023/10/23

Цаазын ялыг сэргээснээр гэмт хэрэг буурах уу?


 

Өнөөдөр манай улсад өдөр бүр аймшигт гэмт хэргүүд гарч, Монгол Улс айдаст автсан орон болж хувирлаа. Тэр дундаа бага насны хүүхдүүд хулгайлагдах, машинд дайруулах, хүчирхийлүүлэх зэргээр сэтгэл өвтгөсөн гэмт хэргүүдийн золиос болсоор байна. Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд цаазын ялыг сэргээхийг олон нийт шаардах болжээ. Тэгвэл үнэхээр цаазын ял байхгүйгээс болоод хүмүүс гэмт хэрэг хийгээд байгаа гэж үү. Олон улсад энэ чиглэлээр хийсэн маш олон судалгаа байна.  Үр дүнд нь эрүүгийн хуулийн яллах санкцыг чангалснаар эсвэл цаазын ялыг нэмэгдүүлснээр гэмт хэрэг буурсан үзүүлэлт огт гараагүй байна. Жишээ нь АНУ-ын цагдаагийн байгууллага судалгаа хийж үзээд хатуу хууль цааз нь  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга биш гэж үзжээ. Учир нь тус улсын цаазаар авах ялтай мужуудад хүн амины гэмт  хэрэг хамгийн өндөр байгааг тогтоосон байна. Тиймээс судлаачид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цорын ганц арга бол цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, хар тамхины хэрэглээг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийг сайжруулж, ард иргэдээ уур бухимдалгүй амьдруулах юм гэж дүгнэжээ. Тэгэхээр Монголд цаазын ялаас илүү хүмүүсийг ажилтай, орлоготой болгож, улс орон даяар соён гэгээрүүлэх сургалтад хамруулах нь юу юунаас ч чухал байна. Төр засаг нэн яаралтай ажлаа хийж, бүтээн байгуулалт өрнүүлж, ажлын байр нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийг буулгаж, нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа энэ олон асуудлыг даруй шийдэж,  ядуурлыг бууруулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга юм байна.

 

 

 

Анализ, ярилцлага