Хүн төрөлхтөн бие биедээ аймшигтай туршилтууд хийдэг байсан хар түүх ихтэй. үүний уршгаар олон мянган хүн үгээр хэлэхийн аргагүй зовж тарчилж амиа алдсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн арми дайнд хэрэглэх химийн хорт бодисыг тэнгисийн цэргийн флотын өсвөр насны хүүхдүүд, африк гаралтай цэргүүд дээр туршсан. Оросын биохимич Григор Мариановский цианитаас эхлээд маш олон химийн бодисыг хольж үнэргүй, амтгүй, хэн ч илрүүлэхээргүй хорыг ялгаруулж авсан юм. Үүнийг нь тухайн үеийн Оросын гулаг буюу хөдөлмөрийн лагерт хоригдож байсан хоригдлуудад туршсан. 1932 онд ядуу, бичиг үсэггүй Африк-Америк гаралтай хүмүүс дээр тэмбүү өвчнийг туршсан. Гитлерийн нацист дэглэмийн үеийн туршилтуудыг бүр ярихаас ч аймшигтай. Тэд хүмүүсийг зүгээр л лабораторийн хархнууд шиг үзэж тамладаг байсан. Тэд хэзээ ч өөрсөд дээрээ хийж үзэхгүй аймшигтай зүйлсийг туршихдаа нийгмийн хамгийн сул дорой, ад үзэгдсэн хүмүүс дээр туршдаг байсан нь өдгөө хүн төрөлхтөнд жигшмээр түүх болон үлджээ. Одоо бол улс орнууд амьтан дээр ч туршилт хийхээс зайлсхийж, туршилтын туулайн оронд өндөр технологийн компьютер хэрэглэдэг болсон цаг үе ирсэн. Тэгвэл өнөөдөр манай улс гэр хорооллын иргэд дээр жил бүр утаагүй гэх түлшний туршилтыг хийдэг боллоо. Шахмал түлшний туршилтыг сүүлийн таван жил хийж байгаа бөгөөд 2023 он гарснаас хойш 1700 гаруй хүн их бага хэмжээгээр угаартсаны 400 гаруй нь хүүхэд байна. Мөн сүүлийн зургаан сарын байдлаар хэдийнээ 46 хүн нас барсан гэдэг албан бус тоо байдаг. Гэхдээ Засгийн газраас албан ёсны тоог нууцалдаг гэсэн хардлага бий. Харин энэ өвөл дахиад шинэ туршилт явуулна. Хятадаас 31 тэрбум төгрөгөөр хагас коксжсон түлш худалдан авч Нисэх, Яармагийн гэр хорооллын иргэд дээр туршина гэдгээ Эрчим хүчний сайд Чойжилсүрэн мэдэгдээд байгаа юм. Төр нь гэр хорооллын иргэдийг лабораторийн харх шиг үзсээр байх уу?