Нийтэлсэн огноо: 2023/10/23

Г.Занданшатарын Монгол үсрэнгүй хөгжих тухай үлгэр


 “ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ 5000 ам.долларт хүрлээ. Тиймээс тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гэрч болно” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хэллээ. Тэгвэл үсрэнгүй хөгжил гэж юу вэ. Үсрэнгүй хөгжлийг тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ буюу хар ухаанаар нэг хүнд ногдох мөнгөний хэмжээгээр тогтоох нь бий. Гэвч орчин үед дан мөнгө нь үсрэнгүй хөгжлийг тодорхойлох үзүүлэлт биш болжээ. Үүний нэг жишээ нь Науру улс. Хүн ам цөөтэй, асар их фосфорын баялагтай энэ улс 1970-аад онд ДНБ-ээрээ өрнийн хөгжилтэй орнуудыг хол хаяж байв. Гэвч баялгаас олсон мөнгөө ухаалаг зарцуулаагүй, бэлнээр тарааснаас болж хөгжиж чадаагүй, Фосфорын баялаг нь шавхагждээ. Харин 1998 онд ядуу буурай байсан  Катар улс баялгаас олсон мөнгөө ухаалаг зарцуулж чадсаны хүчинд ердөө 25-хан жилийн дотор үсрэнгүй хөгжиж чадсан юм. Тэдний нэг хүнд ногдох ДНБ өнөөдрийн байдлаар 120 мянган ам.доллар даваад байна. Тэгэхээр хөгжлийг мөнгөөр хэмждэггүй. Хөгжил гэдэг нь мэдлэг боловсрол, цэвэр аюулгүй орчин, эрүүл мэнд, бүтээн байгуулалтыг хэлдэг. Тэгвэл манай улсад энэ үзүүлэлтүүд ямар хэмжээнд байгаа вэ. Асар их баялагтай ч түүнийгээ зөв ашиглаж чадаж байна уу. Уул уурхайгаас олсон мөнгөө зөв зүйлд ухаалаг зарцуулдаг сайн засаглал байна уу. Энэ асуултуудад бүрэн дүүрэн хариулж чадаж байвал үсрэнгүй хөгжил ойрхон байна гэсэн үг. Харамсалтай нь  эдгээр үзүүлэлтүүд манайд туйлын хангалтгүй байгаагаас гадна нийгэмд  баян ядуугийн хэт их зөрүү байгаа юм. Энэ нь нийгмийн бухимдлыг улам нэмсээр байна. Ийм үед УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс үсрэнгүй хөгжихөд ойрхон байна хэмээн мэдэгдэж байгаа нь зүгээр л үлгэр юм. Авлигад суурилсан төрийн тогтолцоотой, ганцхан уул уурхайгаас хараат эдийн засагтай манайх шиг улсад  Катар шиг 25 жилийн дотор үсрэнгүй хөгжинө гэдэг бол одоохондоо бүтэшгүй санаа. Гэвч 2024 оны сонгууль ойртчихсон учраас гоё сайхан үгээр иргэдийн чихийг баярлуулах зайлшгүй шаардлага түүнд гарчээ гэж үзэхээс өөр яах билээ.

Анализ, ярилцлага