УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг сонслоо. Болсон үйл явдал, худалдан авалтын үйл явц, нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний талаар та бүхэнд мэдээлэл өгсөн байх. Өөрөө өргөдлөө өгч байгаагаа ч дуулгасан байх. Ж.Сүхбаатар сайд нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд бас ч гэж дорвитой ажиллаж байсан. Харамсалтай нь нэгэнт алдаа гарсан учраас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудалтай холбогдуулаад бүлгээс хоёр шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, нийслэлд ужгирсан том асуудлуудын нэг нь газар олголттой холбоотой баахан маргаан.
Хоёрдугаарт, нийслэлийн хот төлөвлөлтийн зөрчлүүд. Төлөвлөлтгүй хотын асуудал, түгжрэл.
Нийслэлд ужгирсан, тулгамдсан асуудлуудад УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсгийг гаргая гэж тогтсон. Мөн Ерөнхий сайд МАН-ын бүлэгт тодорхой санал тавьсан. Засгийн газар авлигын асуудлаар шуурхай ажиллах шаардлага байна. Тиймээс энэ асуудалд бүлэг улстөрийн дэмжлэг үзүүлэх шаардлага байна. 100 хувийн саналаар бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.
Ногоон автобустай холбоотой асуудлаар АТГ, ЭЦА хамтарсан баг гаргаж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Түүнээс өмнө Ерөнхий сайд холбогдох хүмүүст хатуу хариуцлага тооцно” гэлээ.