Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн БЗД-ийн 26 дугаар хорооны 60 айлын орон сууцны оршин суугчид тус дүүрэгт байрлах “Интернэйшнл” зочид буудалд түр байрлажээ. Тэдний ихэнх нь энэ сарын 24-нөөс эхэлж байрласан. Зарим нь ах, дүү хамаатан садангийнхаасаа хоёр хоночихоод ирж байгаа гэнэ. Буудлын өрөө хүрэлцэхгүй байгаа учраас сүүлд ирсэн иргэдийг өөр зочид буудал руу хуваарилах тухай яригдаж байна. Хохирсон иргэд зөвлөл буюу нэг ёсондоо ажлын хэсэг байгуулсан байна. Нийт 170 гаруй хүн байгаагаас төлөөлөл болгон 17 хүнийг энэхүү зөвлөлдөө сонгожээ. Тэд хохирлоо барагдуулахтай холбоотой ажилд орон сууцныхаа иргэдийг төлөөлөн оролцох юм. Засгийн газрын мэдээлснээр хохирсон иргэдийг түрээсийн байранд оруулж, төлбөрийг төр даахаар болсноо мэдэгдсэн. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэдтэй уулзаж “Өөрсдийнхөө тав тухад тааруулж түрээсийн байраа олоорой” гэж хэлсэн байна. Дээд тал нь гурван өрөө орон сууцтай байсан иргэдэд хоёр сая төгрөгт багтаан байр түрээслэх лимит өгчээ. Гэвч сүүлийн үед орон сууц түрээслүүлэгчид төлбөрөө олон сараар нь авахаас гадна барьцаа мөнгө шаарддаг болсон асуудлыг яаж шийдэх нь тодорхойгүй байгаа тул иргэд учраа мэдэхгүй байна. Мөн иргэдийг шатсан байр руу нь оруулж үзүүлсэн байна. Зарим айлын гэрт юу ч үлдэлгүй шатсан бол заримынх нь шөнөжин ассан галын нөлөөгөөр тоос тортогт дарагдаж амьдрах аргагүй болсон байж. Тухайн шатсан орон сууцыг манаж байгаа цагдаа нарын хамгаалалт бууж байгаа тул эд хогшил нь бүрэн бүтэн үлдсэн айлуудыг ирж тавилгаа зөөгөөрэй гэдэг чиглэл өгчээ. Түүнээс гадна иргэд ажил төрлөө алдаж, ихэнх нь зээлтэй учраас санхүүгийн байдал нь хүндэрч эхлээд байна.