Нийтэлсэн огноо: 2024/01/24

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авав


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн /шинэчилсэн найруулга/ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн засварлага хүссэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авлаа.

Завсарлага авах болсон үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибаль “Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Ардчилсан нам засаг барьж байх үед орж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг ярьж байгаа үед сүржин мэдэгдлээр хандах нь буруу. Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлэхэд Ардын намын гишүүд хашигчиж гуугачих хэрэггүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд шинэчилсэн заалтуудыг яагаад оруулж ирэх болов. Энийгээ судалгаа тооцоотой хэл.

Би эх орондоо хайртай, чи эх орондоо хайргүй гэдэг хандлагаар төслийг хэлэлцэх юм бол зөв хууль гарахгүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Энэхүү хуультай нийцүүлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа тул завсарлага хүсч байна” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль чухал төсөл. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ, ажилгүйдэл бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Хуулийн төсөлтэй холбоотойгоор маргаан мэтгэлцээн өрнөж байгаа тул ажлын гурав хоногийн засварлага өглөө” гэсэн юм.

 

Анализ, ярилцлага