Нийтэлсэн огноо: 2024/01/24

Ч. Хүрэлбаатар сайд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эсрэг хариу тайлбар хийв


Ерөнхийлөгч асан Х.Баттулга газрыг гадаадын хөрөнгө оруулагчид 100 жилээр ашиглуулах хуулийг эсэргүүцсэн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар хариу тайлбар өглөө. Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн намайг Хятадын эрлийз, хурлийз гэсэн гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь  Монгол Улсын газрыг 100 жилээр гадныханд олгох гэж байна гэх мэт олон төрлийн гүтгэлэг явуулсан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг зөюлөж,  УИХ-ын даргыг ятгаж  байна. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж  байхдаа миний Сангийн сайдын томилгоонд  долоон удаа хориг тавьж байсан.  Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч намайг төрд зүтгүүлэхгүй байх найм дахь удаагийн хоригоо тавьж байх шиг байна.  Энэ бүх гүтгэлэг, дайралтын эзэн Х.Баттулга өөрөө өнөөдөр ил гарч ирсэн учир би хэвлэлийн хурал хийж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэд хэдэн зүйл хэлье.

Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Энэ хуулийг олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Учир нь Монголд хүү өндөр байна. Гадны банк орж ирвэл өрсөлдөөн бий болж хүү буурч, зээлийн хүүд дарлуулж байгаа олон иргэн энэ дарамтаасаа сална. Үүний үр дүнд мянга мянган залуу өндөр цалин орлоготой болох боломж бүрдэнэ. Тиймээс аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна.

Би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явдаг. Өнөөдрийн Ардчилсан намын гишүүдийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж байгаа иргэдийн санаа, санаачилгыг бид дэмжих ёстой.

Аливааг хааж, боож байж Монгол Улс хөгжихгүй. Харин эсрэгээрээ хүний санал санаачлага, эрх чөлөөг дэмжиж байж энэ улс хөгжинө. Монгол Улсын Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам байгуулж “Ч.Хүрэлбаатар аа, эдийн засгийн хөгжлийн асуудлаа хурдасга” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Унаад байсан эдийн засгаа босгоод авчихлаа. Төсвийн орлого давж биелсэн. Валютын нөөц тогтворжчихлоо. Гэхдээ гол нь уул уурхай, тээвэр гэсэн салбар дээр гол өсөлт явж байгаа, бусад салбаруудад эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа учраас  үүнийг дэмжих Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай хэлэлцүүлж өгөх хүсэлт тавьсан юм.

Маргаантай байгаа хоёр асуудалд тайлбар өгье. Нэгдүгээрт, газрын тухай асуудал. Ч.Хүрэлбаатар Монголынхоо газар нутгийг 100 жилээр гадныханд өгөх гэж байна гэх гүтгэлэг тарааж байна. Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг гаргахдаа  хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна, түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж  баталсан байдаг. Угтаа энэ нь бол  Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан хууль. 2013 онд хуульд өөрчлөлт орж газрыг хөрөнгө оруулагчдад 60 жилээр эзэмшүүлж, ашиглуулж болно гэж өөрчилсөн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тарааж байна.  Тиймээс 2023 онд Эдийн засаг хөгжлийн яамнаас оруулж ирсэн хууль дээрээ эзэмшүүлэх гэсэн үгийг хасч, өөрчлөлт оруулсан. Энэ бүхнээс хэн санаачилж, хэн засч залруулж байгаа нь тодорхой харагдах биз ээ.

Дараагийн асуудал нь гадаадын хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нь нээж өгнө. Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг зохицуулдаг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль гэж бий.  Үүнд нь В1,В2, В3 гэсэн гурван төрлийн визийг хөрөнгө оруулагч нарт олгодог. Эхний В1 визийг Монголд хөрөнгө оруулсан компаний эздэд олгодог. Дараагийн В2 визийг гүйцэтгэх удирдлагад нь, В3 ангиллыг төлөөлөгчийн газрын тэргүүн удирдлагад олгодог. Хэн нэгэн гадны иргэн ирэнгүүт л шууд виз олгоно гэдэг бол гүтгэлэг. Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго өвөртөлж байгаад нь харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хууль бол хөрөнгө оруулалтыг дэмжих л хуулийн төсөл. Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийг таслан зогсоох гэсэн оролдлого гарч байгаа учраас бодит мэдээллийг ийнхүү хэлж байна” гэв.

Э.МОНГОЛЖИНГОО

Анализ, ярилцлага