Нийтэлсэн огноо: 2023/09/23

“ПРЕЗИДЕНТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН ПРОТОКОЛЫГ АЛБАЖУУЛЛАА


Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон. Тус төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны протоколыг албажуулах ёслолын үйл ажиллагаа /2023.09.01/-ний өдөр боллоо.

Протоколд Монгол Улсыг төлөөлж Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БНХАУ-ыг төлөөлж Хятадын үндэсний олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дарга ЛУО ЖАОХҮЙ нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Протоколд хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийн судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажил болон төслийн менежмент, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлууд тусгагдан шийдвэрлэгджээ.

“Президент спорт цогцолбор” төслийн Техник, эдийн засгийн үндэслэл болон шаардлагатай суурь судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг Барилга, хот байгуулалтын яам Хятад Улсын “Тонг Жи Их Сургуулийн Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн”-ийн багтай хамтран гүйцэтгээд байна.

Тус цогцолбор нь 58. 560 м2 талбай бүхий Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөл бөмбөг, Усан сэлэлт, Талбайн теннис, Ширээний теннис, Агаарын теннис, Сквош теннис, Бокс, Бөх, Ханан хадны авиралт, Туялзуур сэлэм, Буудлага, Байт харваа, Фитнесс, Иога, Спиннинг, Дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, Монгол Улсын нийт хүүхэд залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд Улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Анализ, ярилцлага