Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, цуглаан зохион байгууллаа.
Энэ үеэр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Мөнхбаатар “Салбарын хэлэлцээрээр боловсролын салбарын багш, ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны орчин нөхцөлийг яаж сайжруулах гэх зэрэг чухал асуудлуудаа шийддэг хэлэлцээр юм. Энэ саналаа БШУЯ-д хүргүүлсэн ч үйлдвэрчний эвлэлийнхээ хөдөлгөөнийг дэмжиж, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж байх ёстой Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос манай холбоог хууль бус гэж зарласан.
Мөн сайд “Зүгээр нэг төрийн байгууллага хамтын хэлэлцээрт ордоггүй” гэх мэдэгдэл өгсний үндсэн дээр өнөөдөр эсэргүүцлийн цуглаан хийж байна. Бидний өгсөн хэлэлцээрийн саналын хариу маргааш гэхэд дуусна. Дуусаад үнэхээр дийлдэхгүй байвал бид өлсгөлөн зарлана. Яагаад энэ хэлэлцээрт оролцох гэж шаардаад байгаа вэ? гэвэл Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн манай холбооны 16 мянган гишүүдийн төлөөллүүд энэ хэлэлцээрт орохгүй байгаа юм.
Одоо багш нар 300 ам.доллар буюу 1,273,000 төгрөгийн цалин авч байна. Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл гэх холбоо МАН-ын гар хөл байж болох юм. Тэд өнөөг хүртэл хуйвалдаж ирсэн. Би хардах эрхийнхээ хүрээнд ингэж бодож байгаа юм.
Тэд 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэх л шийдвэр гаргаад явж байна. Засгийн газрын энэ шийдвэрийг гардан хэрэгжүүлдэг байгууллага бол МҮЭХ юм.
Өөрөөр хэлбэл монгол хүний хөдөлмөрийн үнэ цэн уланд ороход энэ байгууллага хамгийн их үр нөлөөтэй ажилласан. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд цалинг инфляцаас дээгүүр нэмж байсан бол монгол багшийн цалин аль эрт 1000 ам.долларт хүрэх байсан. Одоо багш нар 300 ам.доллар буюу 1,273,000 төгрөгийн цалин авч байна.
Энэ хуйвалдааныг үе шаттай, зохион байгуулалттай хийж ирсэн. Мөн үе үеийн засгийн газраас Н.Алтанхуягийг Засгийн газрыг тэргүүлж байх үед МҮЭХ 700 сая төгрөг авсан. Мөн Ж.Эрдэнэбатыг Засгийн газрыг тэргүүлж байхад 500 сая төгрөг авсан. Сүүлд 180 сая төгрөг авсан гэх мэт. МҮЭХ маш их хэмжээний хаалтын гэрээ хийдэг учраас монгол хүний хөдөлмөрийн үнэ цэн ингэж унасан.
Боловсрол чухал гэж үзэж байгаа юм бол яагаад 15 хувийн боловсон хүчний хомстолд орж байгаа юм бэ. Монголын багш нар бүгд гадагшаа дүрвэчихсэн. Одоо ч явахад бэлэн өчнөөн багш байна. Бид өнөөдөр хоногийн хоолгүйдээ энэ асуудлыг хэлэлцүүлэх гээгүй. Хойч ирээдүйгээ аваръя л гэсэндээ юм.
Энэ мэт нүүр тулсан эрсдэлээ давахын оронд зүгээр нэг багшийн их сургуульд суралцах хүүхдийг төлбөрийг чөлөөлнө гэх капитализмын үеийн амлалтууд хэрэггүй байна. 2-3 жилийн дотор маш яаралтайгаар багшийн цалинг 1000 ам.долларт тэнцэхүйц болго. Ам.доллар 4000 мянган төгрөгтэй тэнцэж байвал багшийн цалин 4 сая төгрөг байх зэрэг ханшийн уналтаас дээгүүр байх ёстой” гэв.