Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор “Цэнхэр алт” үндэсний чуулган-2023 өнөөдөр /2023.03.24/-ний өдөр болж байна.
Чуулганы зорилго Монгол Улсын хүн амыг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэхэд оршиж байгаа юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тус чуулганд “УС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр: Нефть түлш шатахуунгүйгээр хүн амьдарч болно, харин усгүйгээр бол үгүй. Монгол улсад жилд дунджаар 83,2 сая шоо метр усыг унд ахуйн хэрэгцээнд хэрэглэж байна.
Барилга, хот байгуулалтын салбарын хувьд хүн амыг баталгаатай, хүртээмжтэй усаар хангах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
“хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах”;
“хүн бүрийг тэгш хүртээмжтэй эрүүл ахуйн шаардлага хангасан ариун байгууламжид хамруулах, ил задгай бие засах явдлыг зогсоох”;
“дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, цэвэрлэгдээгүй бохир усны хувь хэмжээг 2 дахин бууруулах” гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ.
Мөн тэрбээр Монгол Улс хөдөөгийн болон гэр хорооллын ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайгаас гадна Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төвлөрлийг сааруулах, Инженерийн шугам сүлжээний найдвартай, хэвийн ажиллагааг хангах томоохон бодлогуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн юм. Тодруулбал: Хоногт 250 мянган метр куб бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, байгаль орчинд нийлүүлэх хүчин чадалтай байгууламжийг ашиглалтад оруулна, АХБ-ны санхүүжилтээр Бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих төслийг 10 аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна. Эдгээрээс Архангай, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хэнтий, Хөвсгөл, Дундговь зэрэг 8 аймгийн төвд 3000 метр куб /хоногийн хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтад оруулаад байна. Нийт 19 аймгийн 59 сумын цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлууд хэрэгжсэнээр сумдын хүн амыг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэх нөхцөл бүрдэнэ гэлээ.
Ийнхүү “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Чуулганд Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Усны газар, салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, Олон улсын төслийг багийнхан, иргэн аж ахуй нэг байгууллагуудын нийт 800 гаруй хүн оролцлоо.