Монгол улс дахь засгийн газрын өрийн зохицуулалт.

https://i1.wp.com/newsroom.gy/wp-content/uploads/2017/11/bl06_public_debt_3034656f.jpg?resize=600%2C383&ssl=1

Тухай:

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ТААЗ ДНБ-ИЙ 40% ГЭХ АЛДАА ЮУ?

Манай хэсэг эдийн засагчид “Монгол Улсын өрийн саарал ном” гаргаж засгийн газартаа зөвлөмж хүргүүлжээ. Өрийн асуудлаар анхаарах ёстой, санал нийлхүйц зөвлөмжүүд байв. Харин “Засгийн газрын өрийн хэмжээг цаашид өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн түвшинг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх” гэсэн өгүүлбэр анхаарлыг минь ахин татав. Ахин гэдэг нь энэ өгүүлбэр угаасаа манай улсын өрийн асуудлыг зохицуулдаг хуулинд байгаа. Яагаад анхаарал татав гэж? Асуудал засгийн газрын өр, засгийн газрын гадаад өрийн таазны ялгаанд буй юм.

Манай улс засгийн газрын өрийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болоод Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Өрийн тааз нь улс орнуудад үүн дундаа хөгжиж буй орнуудын хувьд маш чухал үзүүлэлт бөгөөд өрийн дарамтанд орох аюулаас сэргийлдэг чухал ач холбогдолтой. Манай улс анхнаасаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өрийн таазыг “6.1.4. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” хэмээн тодорхой зааж мөрдөж ирсэн ч 2015, 2016 онуудад хуульд оруулсан өөрчлөлтөөр өрийн таазыг үе шаттайгаар 80% хүртэл өсгөхөөр заасан байдаг: 19.3… өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 88 хувиас, 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас, 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.” Хэдийгээр яваандаа буцаагаад байх ёстой 40 хувьд нь аваачна хэмээн төлөвлөж буй ч, өрийн таазыг ингэж судалгаа, үндэслэлгүйгээр өсгөх эрх зүйн тоггтолцоог бий болгосон нь эдийн засгийг хуулийн дагуу хямраах, гадаад өрөөс хараат байх орчинг бүрдүүлж өгсөн юм.

Өрийн тааазыг анхнаасаа өнөөгийн үнэ цэнээр (ӨҮЦ) тооцсон дүнгээр ДНБ-ий 40% гэж тогтоосон нь Дэлхийн банк, ОУВС-гийн зөвлөмж, бусад улсуудын жишиг, судалгаан дээр үндэслэсэн тооцоолол болох талаар манай улс төрчид эдийн засагчид ярьдаг. Гэхдээ ОУВС-ийн зүгээс хөгжиж буй орнуудад өрийн тааз тогтоож өгөхдөө Засгийн газрын өр, Засгийн газрын гадаад өр гэсэн хоёр өөр босгыг зөвлөмж болгодгийг бид санах хэрэгтэй. . Гадаад өрийн дарамтад анализ хийхэд хүснэгт 1-т буй таван үзүүлэлтийг ашигладаг бөгөөд үүнээс өрийг ДНБ-д харьцуулсан заалт нь өрийн хязгаарыг тогтооход гол индикатор болдог.

Хүснэгт 1.

Асуудлын гол нь засгийн газрын өрийн тааз 40 хувь гэдэг нь эндүүрсэн, буруу тоо бололтой.
Буруу гэж байгаа учир нь манай засгийн газраас өрийн хязгаараа хуульчлан тогтоохдоо ОУВС-аас “засгийн газрын гадаад өр”-д зөвлөмж болгон гаргасан таазыг (40%) засгийн газрын өр (засгийн газрын гадаад ба дотоод ) –ийн тааз болгон хуульчилсанд байгаа юм (хүснэгт 1-ийг харна уу).

Манай улсын хувьд 2010-2016 онуудад (өрийн таазын хуулийг анхлан батлах, мөрдөх үед) Дэлхийн банкны CPIA (ЭЗ-н бодлогын чадавхийн үнэлгээ) шалгуураар дунджаар 3.4 буюу Дундаж гэсэн үнэлгээтэй байсаар ирсэн бөгөөд энэ нь манай засгийн газрын гадаад өрийн таазыг (public and publicly guaranteed external debt) 40 хувиар (хүснэгт 1), засгийн газрын нийт өрийг 56 хувиар (хүснэгт 2) хязгаарлах ангилалд багтааж буй юм. Тэгвэл яагаад ийм эндүүрэл, эсвэл алдаа гарсан бэ? Сангийн яамныхан андуураа юу, эсвэл…

Хууль анхлан баталж байх жилүүдийн ОУВС-аас гаргасан тайлан, зөвлөмжүүдээс харж байхад ОУВС-ийн Монгол дахь төлөөллүүд ч энэ асуудал дээр нэгдсэн нэг ойлголттой байгаагүй шинжтэй харагддаг. Монголын өрийн асуудал дээр зөвлөмж өгч байгаа гадны нөхдүүд ч тэр, зөвлөмж авч өрийн таазаа тогтоож байгаа манай нөхдүүд ч тэр засгийн газрын өр (public debt), болоод засгийн газрын гадаад өрд (public external debt) жишиг болгон тогтоосон тааз, хязгаарыг сайтар ойлголгүй хольж хутгасан байж болох. Гэхдээ “сохорсон биш завшив” гэгчээр энэ эндүүрэл нь Монголд ашигтайгаар туссан мэт. Яагаад гэвэл 40% гэсэн таазандаа баригдаад 2015 онд хууль өөрчлөн таазаа 80% хүртэл өсгөн батлах хүртлээ нэлээн хэдэн жил өрийн дүнг харьцангуй боломжийн, эрсдэлгүй түвшинд барьж байсан байдаг. ОУВС болоод ДБ аас өрийн асуудлаар баримталж буй бодлого нь нэгдмэл цогц бөгөөд нэрт эрдэмтэн Reinhart, Rogoff тэргүүтэй эдийн засагчдын хөгжиж буй орнуудын өрийн талаархи судалгаа, зөвлөмжид тулгуурласан байдаг. Бодит байдал дээр ОУВС болоод бусад эрдэмтдийн зүгээс манайд зөвлөмж болгосон засгийн газрын өрийн тааз нь ӨҮЦ-ээр ДНБ-ий 56% (хүснэгт 2) юм. Энэ нь манай улсын эндүүрэн хэрэгжүүлж ирсэн өрийн таазнаас (ӨҮЦ 40%) даруй 16 хувиар өндөр байгаа.

Хүснэгт 2.

Нэгэн жишээ дурдхад 2015 онд манай улсын засгийн газрын өр ӨҮЦ-ээр 10.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 46% байсан нь хэрэгжүүлхээр заасан өрийн таазнаасаа 6 хувиар давсан, харин хэрэгжүүлэх ёстой байсан өрийн таазнаас 10% буюу даруй 2.3 их наядаар дутуу байсан. Энэ нь өрийн таазны асуудал судалгаатай үндэслэлтэй хандаж олон улсын санхүүгийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд сайтар ойлголцож чадсан бол өрийн таазаа зөвөөр тогтоож, анхлан тогтоосон хуулийн заалтаа зөрчилгүйгээр, өөрчлөлгүйгээр засгийн газарт шаардлагатай байсан зээлээ 2.3 их наядаар нэмэгдүүлэх боломжтой байжээ гэсэн үг.

Эцэст нь хэлхэд манай улс өрийн таазыг заасан хуулиндаа шаардагдах засварыг хожимдсон ч гэсэн оруулах хэрэгтэй байна. Зүй нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4.-т “… Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 56 хувиас хэтрэхгүй байх” гэж оруулвал зохилтой. Хэрэв засгийн газар төлөвлөж буй ёсоор яваандаа өрийн таазаа шат дараалан буулгаж хуулинд анх заасан байх ёстой хэмжээндээ аваачна гэвэл 40 хувь биш 56 хувь байх юм. Мөн өдөр, сараар нэмэгдсээр буй гадаад валютаар төлөгдөх өрийг хязгаарлахын тулд “… засгийн газрын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэсэн заалтыг нэмж оруулах нь зүйтэй юм. Мэдээж энэ 40 хувь, 56 хувь гэсэн тоонууд нь манай улсын Эдийн засгийн бодлогын чадавхийн (CPIA) үнэлгээ өөрчлөгдсөн бол дагаад өөрчлөгдөх боломжтой юм. Ямартай ч өрийн менежмент, хуульд шаардагдаж буй өөрчлөлтүүд, мөн өрийн таазны ойлголтод буй зөрүүтэй асуудалд холбогдох хүмүүс нь анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Монгол улс дахь засгийн газрын өрийн зохицуулалт.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2018
M T W T F S S
« Jul    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Google Analytics Stats