ОУВС Монголыг авраад байна уу, алаад байна уу?

http://photos.jang.com.pk/tasveer_images/2011-2-2/large/7_8513.JPG

Тухай:

ОУВС Монголыг аварлаа гэнэ ээ. Сүүлийн 26 жилд зургаа дахь удаагаа аварч байгаа юм гэнэ. 4-5 жил болоод аврал эрдэг эдийн засагтай улс болжээ бид. Нэг л биш эээ! Энэ удаагийн ээлжит “аврах” ажиллагааг ажиглалаа. Монгол Улсыг аварсан уу гэвэл үгүй. Харин чадваргүй эрх баригчдыг, олигархи засаглалыг, мөнхөд өртэй байж ОУВС тэдний хамсаатнуудыг тэжээдэг гаж тогтолцоог аварсан уу гэвэл тийм.

Энэ удаа $440 саяын зээл авна, авлаа гэнэ. Монгол ОУВС-гийн гишүүн орны хувьд тодорхой хураамж төлсөн тиймээс авах ёстой квоттын хэмжээндээ авч буй зээл. Бүтцийн чанартай өөрчлөлтүүд хийх, татварыг нэмэгдүүлэх зэрэг нөхцөл нь туйлдсан эдийн засгийг шулсан, бие даасан байдлыг нь алдагдуулсан, ирээдүйг нь боомилсон сөрөг нөлөөтэй юм. Ер нь зарчмын хувьд журмын дагуу авах ёстой юмаа, “өөрийн хувиа” авч буй тул ОУВС-гаас болзол, нөхцөл тулгах нь буруу юм. Нийт $5.5 тэрбумын зээл өгнө гэсэн гээд л хошгирцгоогоод байх юм, үнэндээ бол үлдсэн $ 5.06 тэрбумын зээл нь бол ОУВС бусад зээлдүүлэгчид зуучилж, Монголд өгүүлэх зээл бөгөөд өндөр хүүтэй, өөр нөхцөлтэй байх юм. ОУВС-гийн зуулчлалаар 3 сарын 21-нд төлөх ёстой Хөгжлийн банкны бондын $580 сая долларын төлбөрийг Засгийн газрын “Хуралдай” бондоор сольж “амжилттай” шийдлээ гэнэ ээ. Өмнө нь 5.75% хүүтэй $580 саяын зээлд жилдээ 33,350,000 долларыг хүүнд төлдөг байж тэгвэл энэ бондыг 8.75% хүүтэй 7 жилийн хугацаатай $600 саяын “Хуралдай” бондоор сольсноор жилдээ 52,500,000 долларыг хүүнд нь төлнө. Тулаад ирсэн бондын төлбөрийг өндөр хүүтэй зээлээр сольж хойшлуулсан хэрэг. Ер нь бол олон улсын зах зээл дээрээс 7 хувиас дээш хүүтэй олон саяын зээл авна гэдэг улсаа “ухамсартайгаар хөнөөж” буй хэрэг. Учир нь зээлийн хүү нь хэт өндөрт тооцогддог бөгөөд зээлийн үйлчилгээний төлбөр нь улс орныг туйлдуулдаг нөлөөтэй.

“Хуралдай” бондыг өмнөх бондтой харьцуулбал бид жилдээ $19,150,000, нийтдээ $134,050,000 долларыг НЭМЖ төлөх болж буй юм. Чи тэгээд яах гээд байгаа юм, гэж үү? Яах вэ дээ, өөр олон гарц гаргалгааг хэлсэн, ярьсан. Тийм, оффшор энэ тэр хулгайн мөнгийг оруулж ирж чаддаггүй юмаа гэхэд “default” буюу төлбөрөө төлөхгүй байх, дампуурлаа зарлах ч гэсэн зардал, өртөг багатай, алсын зайндаа эерэг үр дүн өгөх, тун муугүй нэг шийдэл байх байсан, эдийн засгийн өнцгөөс харвал шүү дээ.

Нэг асуудалд тайлбар өгье. Манай улс зээлжих зэрэглэл харьцангуй гайгүй B үнэлгээтэй байх үедээ 10.78% (ЗГ 2016 оны 4-сард авсан зээл) хүүтэй бонд гаргаж байсан. Хаин Монгол Улсын зээлжих зэрэглэл шалдаа буусан “junk” Caa1/B- үнэлгээтэй байгаа энэ цагт 13-15 хувиас доош хүүтэй зээл олгох магадлал бараг үгүй. Гэтэл өнөөдөр “Хуралдай” гэх бондын зээлийн хүүг хэрхэн 8.75% болгож чадав? Энэ нь ОУВС болоод “creditor organizations” буюу зээл олгогч газрууд нь үнэндээ хамсаатнууд, нэг үелзэл дээр ажилладаг гэдгийг харуулж буй хэрэг. ОУВС олон улсын зах зээл дээр хэнд зээл өгөх, үгүй, ямар үнэ өртөгтэй өгөхийг хүссэнээрээ шийдэх боломжтой. Түүнийгээ ч батлан харуулж буй хэрэг.

ОУВС Монголд үнэхээр л тусалья гэж бодсон уу? Гэхдээ л өрийн асуудлыг нэмж зээл авхаас өөрөөр шийдэх бусад арга замыг огт дэмжсэнгүй дээ. Оффшорт байгаа мөнгийг авчрах ч юм уу, эсвэл ядаж $580 саяын бондыг илүү өндөр хүүтэй бондоор сольж өгөх биш, зүгээр л байгаагаар нь төлбөрийн хугацааг нь сунгаад, хойшлуулаад өгсөн бол бодит тус болох байлаа даа. Ямартай ч ОУВС Монгол Улсыг нэмж өндөр хүүтэй зээл авахад тун их тус үзүүллээ.

2017 онд Монголын Засгийн газар зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд төсвийн 23 хувийг зарцуулна. Арай их биш гэж үү? Энэ нь хэл ам болоод байгаа $580 сая долларын үндсэн төлбөрөөс гадна яригдаж буй тоо шүү дээ. Хэрэвээ бид $580 саяыг өндөр хүүтэй зээл, бондоор сольж хойшлуулалгүйгээр төлдөг журмаараа төлсөн бол зээлийн өрийн үйлчилгээнд нийтдээ төсвийн 48% зарцуулах байлаа. Хэвийн үйл ажиллагаатай улсад зээлийн өрийн үйлчилгээнд улсын төсвийн 8-15% зарцуулдаг бөгөөд энэ хэмжээнээс хэтэрвэл аюулын харанга дэлдэж буй хэрэг. 2018 онд манай улс Чингис бондын $500 сая, Дим сим бондын $161 сая өрийн үндсэн төлбөрийг барагдуулах учиртай, мөн бусад өр зээлийн үйлчилгээг оруулаад тооцвол төсвийн 50-иас багагүй хувийг зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд зарцуулах шаардлага гархаар байна. Яах бол, төлбөрийг бас хойшлуулах уу, өндөр хүүтэй зээлээр сольчоод санхүүгийн чадварлаг махинац хэмээцгээх үү? Эдийн засгийн хүндрэл 2017-2018 оноор хязгаарлагдахгүй цаашид удаан үргэлжлэхээр төлөвлөгдсөн байгаа нь хамгийн их санаа зовоож буй асуудал юм.

ОУВС-ийн “тусламж”-ийн алсын зайн үр дагавар

ОУВС-ийн тусламжийг нэг үгээр тайлбарлавал, Монгол Улсад янз бүрийн эх үүсвэрүүдээс өндөр хүүтэй зээл нэмж авах, өрийг өрөөр дарахад зуучилж буй юм. Мөн цаашид зээл авах боломжийг нээж өгсөн гэнэ. Гэхдээ үүнийхээ хариуд бүтцийн өөрчлөлтүүд хийх, 7 төрлийн татварыг нэмж, бүсээ чангалах замаар төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг шаардаж буй юм. Сайндаа ч биш л дээ. Татвар нэмж олсон мөнгө хаашаа явах вэ? Өөрсдийнх нь олгосон, зуучилсан зээлийн төлбөрт явна шүү дээ. Үнэндээ олон улсын санхүүгийн гол тоглогчдын хувьд Монгол дампуурлаа зарлавал нэг ашигтай, дампуурахгүй ядуураад, гүрийгээд төлбөрөө хийгээд явбал бас нэг ашигтай. Дампуурч, туйлдсан эдийн засгийг төсөв, мөнгөний зөөлөн, уян хатан бодлого явуулах, гадагш урсах мөнгөний урсгалыг хянах, хууль бус аргаар бий болж оффшорт нуугдсан мөнгийг авчрах замаар авардаг атал дээхэндээ Замби, Зимбабве зэрэг Африкийн улсууд, ойрмогтоо Грек, Украйныг сүйрүүлсэн энэ бодлогыг манайд тулган хүлээлгэхийн учир юу вэ? Өнгөцхөн харахад Засгийн газрыг default болох, дампуурахаас аварсан мэт боловч холын зайндаа Монголыг үргэлж бусдаас хараат байлгах, “vicious circle,” чөтгөрийн тойрог хэмээх өр, зээлийн мөнхийн эргүүлэгт оруулж буй ажиллагаа юм. Манайхны чөтгөрийн тойрог гэж орчуулаад байгаа үг нь ямар утгатай вэ гэвэл: тухайн улс туйлын ядуу түвшинд өрөөс өрд, зээлээс зээлд залган, үе дамжин амь зуухыг хэлдэг. Энэхүү чөтгөрийн тойрог хэмээх өр, зээлийн эргүүлэгт орсон улсад бие даасан бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн ирээдүй гэж байхгүй болох бөгөөд татвар нэмж олсон орлогын ихэнх нь зээлдүүлэгчдийн өрийн үйлчилгээний төлбөрт явдаг тогтолцоо нийгэмд гүн бат суурьшина. Товчхондоо Монголчууд өөрсдийгөө биш зээл олгогчдыг тэжээхийн төлөө морь, нохой мэт зүтгэнэ гэсэн үг. Ихэнх хүмүүс энэ гаж тогтолцоог ийм л байдаг, байх ёстой гэж хүлээн авна. Тэгж сурталдана. Нэгэнт төсвийн орлогын ихэнх нь (25-60%) өрийн төлбөрт явж буй тул урагш хөдлөхийн тулд юу хийх вэ? Уул уурхай, газар, газрын баялаг, ордууд, бизнес, нийгмийн чухал салбаруудыг гадна, дотныхонд хувьчлах, зарах болзол тулгана, биелүүлнэ.

Ажиллаад, байгаагаа зараад олоод л байдаг гэвч олсон орлого өөрт чинь наалддаггүй, бие даасан шийдвэр гаргах эрхгүй, бүхий л талаар бусдаас хараат, чи байнга хоосорч ядуурч бусдаас аврал эрдэг, өмчтэй, баялагтай юм шиг боловч үнэндээ тэр нь чинийх биш, чамд хүртээлгүй ийм амьдралыг юу гэж нэрлэдэг вэ? Энэ бол далд колончлал. Монгол улс өнөөдөр далд колончлалд орсон бүхий л шинж тэмдгүүд илрээд байна. ОУВС-ийн удаа дараагийн “аврал” ын ажиллагаа нь Монголын эдийн засгийн гаж тогтолцооны нэгээхэн илрэл бөгөөд цаашид төгсгөлгүй, ээлж дараалан үргэлжлэх процесс юм. ОУВС-аас манайд үзүүлж буй тусламж, тулган хүлээлгэж буй болзол нөхцөлүүд нь нь энэхүү гаж тогтолцоонд суурилсан далд колончлолыг улам гүнзгийрүүлэн бэхжүүлж буй хэрэг. ОУВС орж ирээд өөрийн болоод хамсаатнуудынхаа ашиг сонирхлыг л хамгаалсан. Тэд энэхүү гаж тогтолцоогоо, түүнийг удирдан залагч нөхдүүдийг л аварсан, харин Монгол Улсыг бол “алаад” далд аргаар мөлжөөд, колончлоод буй хэрэг. Улс төрчид, эдийн засагчид, ялангуяа олон жил сангийн сайд, төрийн нарийн хийсэн нөхдүүд энэ нөхцөл байдлыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа, харин яагаад юу ч хийхгүй байна вэ? Монгол улсад аврал хэрэгтэй нь үнэн бол юуны өмнө бид энэхүү төгсгөлгүй үргэлжлэх чөтгөрийн тойргоос гарах ёстой.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “ОУВС Монголыг авраад байна уу, алаад байна уу?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

July 2017
M T W T F S S
« Jun    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats