Хоноц хоноцдоо дургүй хонуулсан нацистууд хоёуланд нь дургүй

Тухай:

Энэ бичлэгийг үзээд анхандаа үнэхээр хэлэх үг олдсонгүй. Сөрөг зүйлс олон бичмээр байгаа ч иймэрхүү үзэгдэл манай нийгэмд яагаад ихсэх болсон талаар бичмээр санагдлаа. Үнэхээр сүүлийн жилүүдэд үндэсрэхэг үзэл манайд төдийгүй дэлхийн олон оронд, тэр ч байтугай барууны хөгжилтэй орнуудад хүртэл газар авах болсон. Ингэж ихсэх болсон шалтгаан нь нэлээд нарийн төвөгтэй, комплекс зүйл боловч ерөнхийдөө дийлэнх шалтгаан нь аливаа улс оронд хүн амын аль нэг хэсгийнх нь амьдрал хүндэрч ажилгүйдэл, ядуурал зэрэг зүйлсэд нэрвэгдэхэд тэдгээр хүмүүс өөрсдөдөө учирч буй асуудалдаа хариулт хайж эхэлдэг. Ийм асуудалд мэдээж нийгмийн чинээлэг анги давхрага бус ядуу хэсэг нь нэрвэгддэг.

https://www.facebook.com/Sky1HD/videos/1221800591206261/

Хүний байгалийн унаган араншин хойно хүмүүс учирч буй асуудалдаа ихэвчилэн бусдыг буруутгаж эхэлдэг. Хүн хамгийн таньж мэдэхгүй зүйлсээ эсвэл өөрийн бүлэг хүрээлэлээс гадуурх хүмүүсийг буруутгах нь элбэг. Ингэх нь сэтгэл санааны хувьд ч амар байдаг. Сэтгэл санааны хувьд амар байдгийн нэг жишээ бол хүн өөртөө болон өөрийн таньж мэддэг гэр бүл, найз нөхөд гэх мэт хүмүүст учирсан гай зовлонг маш хүндээр тусгаж авдаг. Гэтэл хүн өөрт нь бус мөн сайн таньж мэдэхгүй бусдад учирсан зовлонг бол хүндээр тусгаж авах нь битгий хэл тоодоггүй. Гэхдээ энэ бол яалт ч үгүй хүний тархинд явагдаж буй автомат үйлдэл бөгөөд учир шалтгаан нь тусдаа асуудал. Ингэхлээр нөгөө буруутгагдах зүйлд нь дэс дараалал, эрэмбэ гарч ирнэ. Эрэмбэ нь өөрийн хүрээлэл, хамгийн сайн мэддэгээс хамгийн мэдэхгүй зүйл хүртэл үргэлжилнэ. Жишээ нь ийм эрэмбэ байж болох. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, нутаг ус, анги давхрага, ястан, үндэстэн, шашинтан, арьстан, тив, дэлхий, нарны аймаг, галактик гэх мэт янз бүрийн дэс дараалал байж болно. Энэ дэс дараалал дотор янз бүрээр хүмүүс бие биеэ хардана, буруутгана бүр үзэн ядна. Тухайн асуудлынхаа онцлогоос шалтгаалаад л хот хөдөө, арьс өнгө, шашин шүтлэг, өөр улс үндэстэн гээд л янз бүрийн буруутан гарч ирнэ. Үндэсрэхэг үзэлтэн хүмүүсийн хувьд мэдээж буруутан нь үл таньж мэдэх “гадаадынхан” буюу өөр улс үндэстэнгүүд ихэвчилэн байна. Магадгүй үндэсрэхэг үзэлтэнгүүд маань ч гэсэн “гадаадынхан” гэдгээ дотор нь бас нэг арьстан, нэг шашинтан, нэг тивийнх гээд л ангилах байх.

Дээр хэлсэнчилэн энэ бол яалт ч үгүй хүний тархинд явагдаж байдаг процесс. Хүний тархи мөнхийн мэдээллийг ангилж боловсоруулж байдаг. Ирж буй ямар ч мэдээллийг хүний тархи заавал боловсоруулдаг. Хүний тархины мэдээлэл боловсоруулах үйл явцад саатал үүсгэдэг учираас тархи нь үл ойлгогдох, үл таньж мэдэх мэдээлэл, нөхцөл байдалд маш дургүй. Иймээс мэдээллийг үргэлж ойлгоход хялбарчилж ангилж ялгаж байдаг. Хялбарчилах тусмаа хүний тархинд боловсоруулахад амар байдаг. Иймээс энэ ертөнцийн хоорондоо холбоотой түм буман асуудлыг цагаан-хар, сайн-муу, сайхан-муухай, өндөр-нам, өргөн-нарийн гэх мэт 2 туйлд хувааж мөн янз бүрийн ангилал, дэс дараалал оруулж хялбарчилж. Жишээ нь сайн-муу гэх 2 туйлын дундах нь юу билээ гээд л бодоход хүнд ойлгоход бэрх болж тархинд ачаалал, саатал үүсч нөгөө үргэлж урсан орж ирэх мэдээлэл чинь овоорч эхэлнэ. Энэ байдлаас болоод хүн үргэлж аливаа үл таних, сайн мэдэхгүй зүйлсээсээ үргэлж айж эмээж түүнийг аюул хэмээн үзэж үл итгэх байдлаар хандаж байдаг. Тиймдээ ч англи дээр “а known devil is better than an unknown angel” буюу “таньдаг чөтгөр таньдаггүй бурханаас дээр” гэсэн хэлц үг гарсан биз. Бусдыг ялгаварлахын биологийн үндсэн шалтгаан нь бол үндсэндээ ийм.
Ингэхлээр өнөөгийн нөхцөлд дэлхийн улс орнуудад хамгийн таньж мэдэхгүй гэдэгт нь харийнхан (харь гаригийнхан байсан бол яг таарна) буюу гадаад улсын иргэд ордог нь тохиолдолын биш юм. Тэр тусмаа өөр арьс, шашин шүтлэгтэй бол бүр илүү харийнх болно. Гэтэл үнэндээ ийм байдал дээр дурьдсан зүйлүүдээс болдог. Арьс өнгөөр ялгаварлах тухай гадны судалгаануудаас харахад арьсны үзэл олон үндэстэн холилдсон газраасаа илүү бараг ямар ч гадаадын иргэнгүй дийлэнх нь нэг үндэстэн давамгайлсан газраа илүү өндөр байгаа харагддаг. Жишээ нь Англид гэхэд цагаач гадаадын иргэд ихтэй хотуудаасаа илүү цагаач гадаадын иргэд маш бага хотуудад гадаадынханд таагүй хандах, үл итгэх байдал илүүтэй байгаа нь зарим судалгаагаар тогтоогдсон байдаг. Яагаад гэвэл цагаач гадаадын иргэд ихтэй хотуудад уугуул иргэд нь харьцангуй нөгөө “гадаадынхан” гэдэг хүмүүсийг таньж мэддэг болсон байдаг учраас илүү хүлээцтэй, нээлттэй ханддаг. Ийм учраас хүний амын үнэмлэхүй хэсэг нь нэг үндэстэн Монгол, Япон гэх зэрэг орнуудад олон үндэстэн холилдсон бусад орнуудаас илүү “гадныхан” гэсэн ойлголт хүчтэй бөгөөд гадны зүйлсийг ихээхэн таагүй хүлээж авах нь элбэг байдаг.
Ихэнхдээ хүмүүс энэхүү биологийн шалтгаантай гадныханд таагүй хандах байгалийн араншингаа анзаардаггүй бөгөөд энэ зан чанар нуугдмал байдаг. Гэтэл эдийн засгийн элдэв хүндрэл болон тэдгээрээс хүмүүсийн амьдралд учирах зовлонгууд нь хүний энэхүү нуугмдал зан чанаруудыг гал дээр тос асгахтай адил сэдрээж бадрааж өгдөг. Дэлхий дахинд учраад буй энэхүү асуудлын нийгэм, эдийн засаг, улс төрийн шалтгааныг яривал улс орнуудын соёл түүх, Африкын клончилол, том гүрнүүдийн гадаад бодлого, үзэл сурталын давалгаанууд, глобалчилал, неолиберал үзэл гэх мэт дуусашгүй түм буман асуудал, тэдгээрийн ойлгохын аргагүй асар нарийн уялдаа холбоог ярих болно. Жишээ нь маш энгийнээр хамгийн бүдүүн тоймоор жишээ дурьдвал Европын орнуудын клончилолын бодлогуудын үр дагавар болох Африкын улс орнуудын өнөөгийн нөхцөл байдал, их гүрнүүд тэр тусмаа барууны орнуудын Ойрхи Дорнод, лалын шашинт улсуудад явуулсан гадаадын бодлогууд тэдгээрийн үр дагаварууд болох элдэв дайн дажин, мөргөлдөөнүүд, дүрвэгсэд, хүн амын шилжилт хөдөлгөөнүүдийг нэрлэж болно. Мөн хөгжилтэй орон болон ядуу буурай орнуудын тэнцвэргүй, шудрага бус худалдаа эдийн засгийн харилцаа, мөлжлөгө болон тэдгээр орнуудын авилгал, хээл хахуульд идэгдсэн улс төрчид, бизнесийнхэнийг хамгаалсан офшор бүсүүд гэх мэт элдэв янзын санхүү эдийн засгийн тогтолцоонуудыг нэрлэж болно.
Үнэндээ хүмүүс аливаа асуудлын бурууг зөвхөн гадаад хүчин зүйлс болон бусдаас холоос эрэхээсээ илүү өөрийн ойр орчиноос өөрөөсөө бас хайх хэрэгтэй мартдаг юм шиг. Гадныханыг буруутгахасаа илүү өөр улс орны шудрага бус улс төрчид, эрх баригчид тэдгээрийг сонгосон өөрсдийгөө буруутгах нь илүү зөв байх. Өөрийн улс оронд байгаа шудрага бус зүйлсийг засч заларуулахын төлөө тэмцэж чадахгүй бол бас өөрсдийгөө буруутгах хэрэгтэй болов уу. Ингэж тэмцэхдээ бусдыг айлгаж сүрдүүлж хүчээр бус тайван замаар тэмцэх нь зөв байх. Зөөлөн нь хатуугаа гэдэг дээ.
Үндэсрэхэг үзэлтэнгүүддээ хандаж хэлэхэд Монголчууд бидний хүндлэн биширдэг Чингис хааныхаа түүхийг хүртэл санах хэрэгтэй. Тухайн цаг үедээ тэр хүн хамгийн нээлттэй хүн байсан. Хэнийг ч угсаа гарал, шашин шүтлэг, яс үндэсээр ялгаж үзэж байгаагүй бөгөөд хүнийг үнэнч шудрага чанар, эрдэм мэдлэг, ур чадвараар нь зөвхөн үнэлдэг байсныг олон жишээнээс харж болно. Тухайн үеийн бусад хаадуудад энэ зан чанар байгаагүй болохоор цэнгэг агаар мэт Чингис хааны энэ зан чанар олон үндэстэн ястаны олон чадварлаг хүмүүсийг өөртөө соронз мэт татсан. Цэрэг дайчид нь хүртэл ар гэрийг нь баталгаатай харж хандахыг нь мэддэг байсан болохоор үнэнч зүтгэдэг байсан биз. Чингис хааны бий болгосон энэхүү нээллтэй, шудрага зан чанар Монголын эзэнт гүрнийг урьд хожид хэзээ ч байгаагүй том гүрэн болоход ихээхэн нөлөөлсөн нь лавтай. Тэр байтугай Чингис хаан том хүү Зүчи нь өөрийнх төрсөн хүү эсэх талаар эргэлзээ байсан атал өөрийн төрсөн хүү шиг хайрлаж халамжилж ирсэн нь ямар агуу сэтгэлийн хаттай, уужим ухаантай хүн байсныг харуулдаг. Харин Чингис хаан бол өөрийн ахуй соёлдоо туйлын хайртай байсан хүн.
Манай нацистуудын төрсөн өдрийг нь тэмдэглээд буй Гитлер бол Чингис хаанаас тэрс ондоо хүн. Гитлер хүмүүсийг дээд зэргээр арьс өнгө, яс үндэсээр ялгаж үзсэн. Тэр битгий хэл энэ үзлээрээ энгийн хүмүүсийг хяддаг байсан. Өөрийн үндэстэнг онцгой дээд үндэстэн бусад үндэстэнг бол хэн ч биш мал амьтан гэж үздэг байсан. Азиас зөвхөн өөрийн холбоотон Японыг хүний тоонд оруулж бусад нь бүдүүлэг малууд. Магадгүй Гитлер дайнд ялсан бол Монголчууд бүгдээрээ хаа нэгтэй хорих лагерьт ясаа тавьж Монголын нутгийг Японд өгөх байсан биз. Түүхийн тохуурхал гэмээр нэг зүйл нь гэвэл Гитлерт хамгийн их хядуулсан жүүдүүд ч гэсэн өөрсдийгөө “бурханаас сонгогдсон хүмүүс” буюу өөрсдийгөө онцгой гэх байдлаар үзэх нь элбэг байсан бөгөөд одоо ч хэвээрээ мэт. Магадгүй Гитлер ч гэсэн жүүдүүдийн энэ үзлээс санаа авсан байхыг үгүйсгэхгүй. Яг нөгөө манайхны “тэнгэрээс заяатай ард түмэн” гэдэгтэй адилхан байгаа биз?! Өөрийгөө дээд, бусдыг доод хэмээх үзэл хэзээ ч сайн юманд хүрэхгүй. Чингис хааны ахуй соёлоо хайрлах болон Гитлерийн бусдыг яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлах хоёр бол тэс ондоо зүйлс.
Бас нэг сонин зүйл нь гэхээр Гитлерийг дэмждэг манай үндэсрэхэг үзэлтэй хүмүүсийн нэг өөрийн Facebook хуудасны зургийг Че Геварагийн хөргөөр орлуулсан байх. Гэтэл Аргентины хувьсгалч Че маань хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлах биш харин орон бүрийн дарлагдсан ядуу хүмүүсийн төлөө тэмцэж байсан интернационалч марксист үзэлтэй хувьсгалч байсан шүү дээ. Че яавч Гитлертэй холбогдох нь битгий хэл Гитлерийг үзэн ядах байсан байх. Гитлертэй холбогдвол Чегийн бараг яс нь өндөлзөх байх. Яг үнэндээ орон орны ядуучууд хоорондоо арсалдаж ясаа булаалдах нь тэд нарын дээр займчилж суусан элитүүдэд нь л хэрэгтэй. Хуваа, захир. Уг нь орон орны ядуус нэгдэхтун баймаар. Америкийн Африк гаралтай иргэдийн эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг анхандаа асуудлыг арьс өнгөний үзлийн талаас нь харж байсан бол сүүлдээ хар, цагаан арьстан ядуу хүмүүсийн асуудал нэг бөгөөд тэдний бие биеээ үзэн ядах нь тэдний дээр ноёлож буй элитүүд баячуудад ашигтай юм байна гэдгийг ойлгосон. Харамсалтай амьдралынхаа сүүлийн үеүүдэд хар, цагаан ажилчин ангийн ядуучуудыг нэгтгэсэн хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байсан 1968 онд бусдын гарт хороогддог.
Эцэст нь гэхэд өнөө үед хүссэн ч хүсээгүй дэлхийн хүмүүсийн холбоо харилцаа улам нягтарч, харилцан хамааралтай болж байна. Өнөөгийн 7 тэрбум хүн цаашид улам нэмэгдэх бидний үр хойч хүссэн хүсээгүй ч энэ нэг дэлхийдээ шахцалдаж хувааж амьдарна. Хүсэхгүй гэвэл дайн дажин хийж бие биенээ гадуурхаж алж хядаж урьдах гунигт түүхээ давтан хүн төрлөхтөн бараг устаж ч болох аюулууд олон байна. Бид нар хаа нэг гэрээ бариад юм уу эсвэл дундад зууны Япон шиг үүдээ хаагаад 200 жил амьдардаг үе өнгөрсөн. Хүссэн ч хүсээгүй энэ дэлхийн бүх асуудалтай хутгалдах хэрэг гарна, аль хэдийн ч хутгалдаад эхэлчихсэн. Яг энэ жишээгээр эртний Ази, Европын хүн амь ихтэй суурьшмал газрууд бий болохдоо анхандаа бие биедээ дургүй тохирохгүй үргэлж дайн дажинтай байснаа эцэстээ хүссэн ч хүсээгүй таарч тохирч хамтдаа амьдрах шаардлага бий болсон бөгөөд хууль цааз, шудрага ёс, үүрэг, эрх чөлөө, ардчилал гэх мэт зүйлс ийм шаардлагаас бий болсон. Яг энэ жишээгээр дэлхийн ирээдүйн иргэд ч хамтран амьдрах шаардлага бий болно. Мөн өнөө үед нэг улс орны чадамж, хэр хэмжээнээс давсан дэлхий хэмжээнд хамтарч шийдэх шаардлагатай асуудалууд улам олширч байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчилөлт, элдэв янзын халдварт өвчин, дайн дажин түүний учир шалтгаан, үр дагаварууд гэх мэт. Үнэндээ манай улс л болж байвал бусад улс хамаагүй гэсэн аминч үзлээр явдаг үе улам бүр явцгүй болж байна. Нэг улсын эдийн засаг хямарахад нөгөө улсууд нь дагаж хямарна. Ядуу орнуудаа баян орнууд нь шудрага бус эдийн засгийн харилцаагаар мөлжөөд байхаар ядуу орнуудад нь дайн дажин, үймээн самуун, тогтворгүй байдалууд үүсч байна. Үүнийг дагаад ядуу, дайн дажинтай орнуудын хэдэн зуу, мянга, сая иргэд баян орнууд руугаа дүрвэж байна. Ингэхлээр баян улс орнуудад нь дүрвэгсэд, цагаачдыг учир шалтгааныг нь ойлгохгүй үзэн ядах явдал ихээхэн бий болсоор. Бас л шат дараалалтай. Хөдөөнөөс хот руу дүрвэнэ, хотоос гадаад руу дүрвэнэ. Хөдөөний хүн хотод адлагдана. Харин хотын хүн гадаадад адлагдана. Хөдөөний асуудал хотод ч хамаатай, хотын асуудал дэлхийд ч хамаатай. Дэлхийн асуудлууд нэг бөгөөд бид бүгд нэг л завьтай.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Хоноц хоноцдоо дургүй хонуулсан нацистууд хоёуланд нь дургүй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

July 2017
M T W T F S S
« Jun    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats