“Дэлхийн шинэ эзэд ба ертөнц даяар тэднийг эсэргүүцэн тэмцэгчид” номны хэсгээс

Тухай:

Энэ удаа Олон улсын мөнгөний сангийн ажил үйлийн талаар Швейцарийн капитализм, даяарчлалыг шүүмжлэгч, НҮБ-ын илтгэгч явсан, нэрт судлаач, нийтлэлч Жан Цийглэрийн LES NOUVEAUX MAITRES DU MONDE et ceux qui leur resistent буюу “Дэлхийн шинэ эзэд ба ертөнц даяар тэднийг эсэргүүцэн тэмцэгчид” хэмээх номоос хэсэгчлэн толилуулъя. Энэ ном 2012 онд Монголд хэвлэгдэж гарсан. Өрийн асуудал их яригдаж буй өнөө үед манай хүмүүст зохих мэдээлэ мэдлэг болох талтай. Дараа Дэлхийн банк, ДХБ-ын талаар хүмүүс хүсвэл танилцуулж болно. Залхууралгүй уншвал өнөөгийн яг энэ цаг үед хэрэгтэй мэт санагдана.

ОУМС

Олон улсын мөнгөний сан (IMF)-д онцгой маягийн ардчилал ноёрхож байдаг. Гишүүн 183 улс өөрсдийн санхүүгийн чадал чинээний дагуу “one dollar, one vote” (нэг доллар, нэг санал) гэдэг зарчимд үндэслэсэн саналын эрхтэй байна. Үүний дагуу саналын эрхийн 17 хувь АНУ-д ногдоно. Түүний санхүүгийн хүч чадал хийгээд мөн доллар олон улсын нөөц мөнгөний үүрэг гүйцэтгэдэг нь эл байгууллагад шийдвэрлэх жин нөлөөтэй байх эрхийг АНУ-д олгож буй.

ОУМС (IMF)-гийн хөлсний этгээдүүд олон улсын санхүүгийн тогтолцоонд гал унтраагч маягаар ажилладаг. Гэхдээ энэ нь тэднийг галдан шатаагчийн үүрэг гүйцэтгэхэд нь огтхон ч саад болдоггүй…

Тэд санхүүгийн хачин сонин газар орнуудад ноцтой хямрал дэгдэх үед хөндлөнгөөс оролцож арга хэмжээ авах болохоороо юуны өмнө олон улсын ямар ч дамчин мөнгө хүүлэгчийг уугуул хөрөнгөөр нь хохироохгүй байхыг боддог юм. Британийн нэгэн тоймч энэ байдлыг “So when sceptics accuse rich country government of beeing mainly concerned with bailing out western banks when financial crisis strikes in the world, they have a point (Зарим үл итгэх үзэлтэн баян орнуудын засгийн газруудыг олон улсын санхүүгийн хямралын үед зөвхөн барууны банкуудыг л хохироохгүй байхыг хичээдэг хэмээн зэмлэн буруушаадаг нь тийм ч буруу зүйл биш.)” 54 хэмээн дүгнэжээ.

ОУМС-гийн шийдвэрлэхийг эрмэлзэж буй асуудлууд чухал гэдэг нь миний хувьд бүрэн ойлгомжтой. Мөнгө хийгээд ханшны тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй шаардлагатай асуудал. Нөгөөтэйгүүр олон орон, тухайлбал хамгийн ядуу 49 улс наад захын дэд бүтэц байгуулах ч чадваргүй байгаа нь тэдний хөгжилд саад тотгор болж байгаа билээ. Тиймээс ОУМС энэ асуудлыг анхааралдаа авч эрэгцүүлж байгаа нь чухал, хэт тэлсэн нийтийн (төрийн. Орч.) албаны үр ашиггүй ажиллагаа, авлига, хээл хахууль гэх мэттэй тэмцэх нь мэдээж яах аргагүй шаардлагатай ажил. Энэ бүхэн хэвийн зүйл. Гэвч ОУМС заримдаа жинхэнэ бэрх асуудлыг барьж авч байгаа ч буруу аргаар үзээд байдаг.

Их Британид христ шашинтнуудын хүрээнд үүссэн Jubile 2000 хэмээх үндэстэн дамнасан нийгмийн хөдөлгөөн G8-ын ард түмнүүдийг чадамгай дайчилж хөдөлгөсний үрээр хамгийн ядуу улсуудын гадаад өScan12179рийг багасгахад нөлөөлж чадсан билээ. Энэ асуудлаар нарийн түвэгтэй механизм ажиллаж эхэлсэн юм. Өрөөс чөлөөлөх хөтөлбөрт оролцохын тулд өртэй орнууд debts reduction strategy paper (өр багасгах стратегийн баримт бичиг) боловсруулах, өөрөөр хэлбэл өгөх мөнгийг хэрхэн юунд зарцуулахаар төлөвлөж байгаагаа заасан хөгжлийн төлөвлөгөө гаргах учиртай. Уг төлөвлөгөөний үндэслэлийг Бреттон Вүүдсийн санхүүжүүлэгч инститүцүүд шалгана. Ийн шалгаад гаргах тэдний шийдвэрээс өр багасгах асуудал (нарийн ярьвал өр багасгах хэмжээ) хамаарна.

Би өөрөө ийм debts reduction strategy papers-ийг ихээхэн дэмждэг хүн. Кенид тогтоосон ерөнхийлөгч арап Моигийн дэглэм өгөршиж нурж унахдаа тулаад буй. Зохих нөхцөлийг баримтлахгүйгээр (ОУМС-гийн гишүүн орны төлбөрийн тэнцэлд хүндрэл учирч гадаад мөнгө шаардагдах нөхцөлд гишүүн орон мөнгө авах эрхтэй. Гэхдээ энэ эрхийг эдлэхэд зохих нөхцөл тавьдаг. Орч.), дахин хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулахгүйгээр Кенийн гадаад өрийг багасгах нь зөвхөн Арап Мои болон түүний хамсаатнуудын Цюрих, Лондон дахь хувийн дансандаа хадгалсан мөнгийг өсгөхөд хүргэх нь тодорхой. Гэвч би ОУМС, Дэлхийн банкны алиных нь ч албан тушаалтнууд тэр төлөвлөөг хянаж шалгахыг эрс эсэргүүцэж байгаа хүн. Учир шалтгааны үүднээс үзвэл энэ ажлыг НҮБ-ын системд хөгжлийн асуудлууд эрхэлдэг Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) зэрэг байгууллагаар л хийлгэх учиртай.

Вашингтоны консенсус (нэгдмэл санал)-ын талынхны өр хүчингүй болгох арга нь тун өвөрмөц. Үнэндээ тэд ядуу орнуудын өрийн нэг хэсгийг хүчингүй болгож буй нь үлдсэн өрийн хүү хийгээд хувийг найдвартай салгаж авах л арга ухаан юм…

Жэффри Сакс бол хувьсгалч хүн биш л дээ. Тэрбээр баруун консерватив лагерийн төлөөлөгч. Харвардын их сургуульд эдийн засгийн ухаан заана. Гэвч “Өрийг хэсэгчлэн хүчингүй болгох” ажиллагааны увайгүй байдал түүний ч жигшлийг төрүүлдэг аж. Түүний юу хэлснийг дор толилуулъя. 1999 онд Көльн хотноо цугларсан G8-ын тэргүүн нар “Өр зээлэнд баригдсан орнуудын өрийн ачааллыг өвчин тахалтай тэмцэх, үр хүүхдүүдээ сургуульд сургаж даацтай боловсрол олгох жинхэнэ боломж олгож чадахаар бууруулах талаар бодож сэтгэхийн оронд өрийн “боломжийн” түвшинг дур зоргоороо тогтоосон нь өртэй орнуудын экспортын 150 хувьтай тэнцэж байгаа юм. Өнөөдөр ч хүчинтэй байгаа энэ босго ямар ч утга учиргүй зүйл болой” хэмээгээд “Хэдэн арван орны өрийг нь өрөөс бүрэн чөлөөлөхөөр барахгүй тэдэнд ихээхэн тусламж үзүүлэх шаардлага байгаа юм. (…) Үүнд шаардагдах хөрөнгө мөнгө үнэмлэхүй тоогоор хэмжигдэх ч гэлээ баян орнуудын асар их орлогын дэргэд юу ч биш, даанч өчүүхэн юм. Жилд 20 тэрбум доллар нэмж өгөөд байвал олон чухал ажил хийж гүйцэтгэхэд нь туслах агаад энэ нь баян орнуудын 1 тэрбум хүн амын хувьд нэг хүнд 20 доллар л ногдох хэмжээ юм. Ядууралтай тэмцэхийн тулд G8-ын улсууд сайтар цэгнэж үзээд эсвэл илүү их мөнгө гаргах, эсвэл нөхцөл байдал нь улам бүр эгзэгтэй болж буй хүн төрөлхтний олонхийн эсрэг хандаж цайз бэхлэлтдээ хориглон суух хоёрын аль нэг л үлдэж байна.“55 гэж тэмдэглэжээ.
Үргэлжлэл бий.

0 Сэтгэгдэл бичэх: ““Дэлхийн шинэ эзэд ба ертөнц даяар тэднийг эсэргүүцэн тэмцэгчид” номны хэсгээс”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

December 2018
M T W T F S S
« Jul    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats