ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ БУЮУ СААЛИЙН ҮНЭЭНИЙ ХЭРЭГ.

Тухай:

Манай нэг “суут” үзэл сурталч – “Төрийн үндсэн үүрэг бол нийгмийн мэнэжмэнт юм. Төр хэдий их өөрийн хөрөнгөтэй, тэрийгээ өөрөө хөдөлгөж байна, төдий их авилга гарна. Хөрөнгө нь хувьд, бодлого нь төрд байж л авилга үгүй болно, нийгэм эрүүлжинэ, улс орон төвшрөнө” хэмээн хэдхэн хоногийн өмнө айлджээ. Гэтэл мань эр нүдэн дээр нь Эрдэнэтийг хувьчлан тонож байхад огт тоосон шинжгүй. Аягүй бол “дөнгөж 49% хувь нь хувьчлагдсан учир тонож байгаа. 100% хувьд өгч байж цэвэршинэ” гэж өөдөөс мэлзийнэ дээ. 100% хувьд өгчхөөр харин Бороо Гоулд шиг тэр чигээр нь татвараас чөлөөлчихдөг юм ш дээ. Өөрсдийгөө либерал гэж нэрлэсэн манай хэдийн заль энэ юм (Ж.С: Үнэн хэрэгтээ эдэнд үзэл суртал гээд байх юм огт байхгүй ажгуу). Үүнийг tautology буюу тойруу аргумент гэдэг. Монголчилбол БӨӨРӨНХИЙЛӨХ. Еэвэнгийн тал нь хаана байна гэхээр энэ гэдэг Зэрэг Нэмэхийн Өмнө киноны Боролдойн үйлдлээр манай ард түмний сэтгэлд мөнхөрсөн заль.

Асуудал уул нь авилгадаа биш юм ш дээ. Нийгэм эдийн засгийн тогтолцоо нь гажууд учир төрд ч байсан, хувьд ч байсан шахаа хийж болох бүх тохиолдолд хийгээд, тонож болох бүх юмыг тоноод байгаа юм. Харин яг өнөөгийн нөхцөлд муу ч сайн ч парламентын засаглалтай юм хойно, төрд байснаар тодорхой хэмжээнд хянах, татвар ноогдуулах бололцоотой. Эрдэнэтээс авдаг татвар тогтмол өндөр байсан, жилийн дотор огцом татарсан явдал үүний тод жишээ билээ (https://www.dorgio.mn/index.php/p/59252). Манай 1992 оны Үндсэн хуульд байгуулна гэж заасан нийгэм мөн түүнээс хойш бий болсон нийгэм яагаад хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай байна вэ? Бид чинь АРДЧИЛСАН, ХҮМҮҮНЛЭГ НИЙГЭМ БАЙГУУЛНА гээгүй билүү?! Гаднын зөвлөгчид болон дотоодын ардчилагчид маань харин АРДЧИЛСАН, ХҮМҮҮНЛЭГ НИЙГЭМ байгуулах явцын нэг суурь нөхцөл нь НИЙГМИЙН БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ, ТОГТВОРТОЙ АЖИЛ ОРЛОГОТОЙ АМЬДРАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ЭРХ ЧӨЛӨӨ гэдгийг ор тас “мартсан” байв! ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ХҮН УЛСТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ БОДИТООР ЭДЭЛЖ ЧАДАДГҮЙ ЮМ.

Өнөөгийн гажууд тогтолцооны суурь хоорондоо харилцан нөхцөлдөлтэй хоёр явцын хүрээнд бий болов. Нэгдүгээрт, НИЙГМИЙН БАЯЛГИЙН ШУДАРГА БУС ХУВААРИЛАЛТААС болж, ардчиллын цөм болсон ДУНДАЖ АНГИ бараг алга болсон. Бүтцийн өөрчлөлт, хувьчлал нэрээр тонож болох бүх юмыг тонож, цөөн хэдэн хүн хагартлаа баяжсан нь өнөөдрийн монголын улс-төр эдийн засгийн тогтолцооны уг үндэс болсон юм. Энэ үзэгдлийг Path Dependency ч гэж нэрлэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, өнөөдрийн бидний байдал бидний өмнөх үеэс, өнгөрсөнөөс уламжилж ирсэн нөхцлөөс бүрэн эсвэл их хэмжээгээр хамааралтай гэсэн үг. Нэгэнт мөнгө эрх мэдэлд хүрсэн боловч бүтээмж өндөр бизнес эрхлэх чадваргүй олигарх бүлэглэл, тэднээс угжиж амьдардаг бүхэл бүтэн давхрага бүрдэж, нийгмийн бусад давхаргын эрх ашгийг боомилох болов. Тэдний үйл ажиллагааны гол хэлбэр нь ТҮРЭЭС юм. Түрээс нь бүх ТҮЦ -үүдийг нурааж шинийг барих зөвшөөрөл олгох жижиг хэмжээний залиас эхлүүлээд, уул уурхайн А лицензээр дамжуулж 3дагч этгээдүүдээс алба гувчуур татах маягийн дунд гарын луйвраар үргэлжилж,  хуулийн төслөөр дамжуулан төрийн үндсэн функцийг бүрэн хувьчлах хүртэл хэмжээнд өрнөнө. Ашиг сонирхлын ийм бүлэглэл нь төр, нам, бизнес, ТББ, нутгийн зөвлөл зэрэг бүхий л бүтцүүдэд нэвчиж, түүгээр дамжуулан улстөрийн процессыг залах болов. Гэтэл эдгээр бүлэглэлүүдийн эсрэг улстөрийн зохион байгуулалтгүй дундаж давхарга, жирийн иргэд, малчин тариаланчид зогсоно. ИЙМ НӨХЦӨЛД ХАРИН АРДЧИЛАЛ ОРШИН ТОГТНОХ БОЛОМЖГҮЙ ЮМ. Яагаад гэвэл, нийгмийн анги давхаргудын эрүүл тэнцвэр бүрэлдэж байж улс орон зөв голдрилоор явдаг.  Өнөөгийн өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудын түүх бараг тэр чигээрээ эсрэг тэсрэг ашиг сонирхолтой анги давхаргуудын тэмцлийн түүх гэж хэлэхэд хэлсдэхгүй болов уу. Европод хэдий ардчилал гүн тогтсон ч зүүний чиглэлийн коммунист, социалист намууд хүчтэй оршсон хэвээр. Бүр зарим улсад нь ээлж дараалан эрх барьдаг нь мөн үүнтэй холбоотой. Учир нь нийгэм гэдэг эцэс төгсгөлгүй тэмцэл, түүнээс улбаалж тогтсон түр зүүрийн тэнвцэр дээр оршдог хөдөлгөөнтэй явц юм. Манайд ямар ч сайн хууль боловсруулаад хэрэгждэггүй мөн л ийм гажууд (эрх мэдэл, хөрөнгө орлогын ялгаа эрүүл бус хэмжээнд очсон) тогтолцоотой холбоотой.

Хоёрдугаарт, гадаад дотоодын нөлөөнд явсан шинэчлэл нь нийгмийн дотоод эрх мэдлийн харьцааг өөрчлөөд зогссонгүй, аж үйлдвэрийн баазыг тэр чигээр нь устгаж, Монгол Улсыг гадаад түүхийн эдийн зах зээлээс шууд хамааралтай улс болгов. Үндсэн хууль, Ашигт малтмал, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг зэрэг дотоод хууль тогтоомжуудаас эхлээд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын бодлого зэргээр дамжуулж бусад улс орнуудын түүхий эдийн бааз болох бүх нөхцөл бүрдсэн юм. Яаг энэ үйл явцыг Жосеф Стиглиц: “хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн бүтцийг өөрчилж аж үйлдвэрийн хавсарга болгох бодлого нь хөрөнгө оруулалт, худалдааны тогтолцоо, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгждэг юм” хэмээн тодорхойлсон байдаг. Нэгэнт, газрын баялгаа түүхийгээр нийлүүлэх тогтолцоонд орсон орны дотоодын эдийн засаг улстөрийн тогтолцоо тодорхой нэгэн загвартай болдог аж. Африк, Латин Америк, Зүүн-Өмнөд Азид нэн түгээмэл болсон энэхүү загварыг олборлох капитализм (extractive capitalism) гэх. Олборлох капитализмын (extractive capitalism) нийлүүлэлтийн хамгийн доод цэгт орших манайх шиг улс орнууд (1) Үйлдвэрлэх хүчний хөгжлийн доогуур төвшин, (2) аж ахуйн өрөөсгөл, явцуу бүтэц, (3) хоорондоо холбоогүй олон салбар, аж ахуй, (4) амиа аргацаасан аж ахуйн зонхилох байдал, (5) худалдааны болон банкны мөнгө хүүлэх тогтолцоо, (6) феодалын маягийн түрээсийн хэлбэрүүд зонхилсон улс-төр, эдийн засгийн тогтолцоо зэргээрээ ялгардаг аж.

Хоорондоо харилцан нөхцөлдөлтэй дээрх хоёр үйл явц өнөөдрийн манай гажууд тогтолцоог бий болгох үндсэн хүчин зүйл болжээ. Хөгжиж буй орнуудыг түүхийн эдийн бааз болгох, мөн цаашид тэр хэвээр нь байлгах явцад үндэстэн дамнасан капиталаас гадна тухайн улсын дотоодын ноёрхогч буюу компрадор анги нь тун чиг идэвхтэй оролцдог аж. Хялбараар хэлбэл – үндэстэн дамнасан капиталд хямд түүхий эд нийлүүлж, дотоодын эдийн засгийн загвараа өөрийн үйл ажиллагаандаа тохируулан хэлбэржүүлдэг давхарга гэсэн үг. Ийм ч учир, манай улстөр бизнесийн олигарх давхарга нь улс орны эдийн засгаа чирэх хүсэл чадваргүй, харин ч бүр эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хуваан түрээсэлж, эрх мэдлээ ашиглан өөртөө нийгмийн баялгаас төрийн нэрээр ханаж цадахаа мэдэхгүй хуваарилдаг шимэгчид болж хувирсан юм. Ийм тогтолцоог Rentier system буюу түрээсийн тогтолцоо гэж нэрлэдэг. МОНГОЛЫН ТӨР, НЭГ ЁСОНДОО, ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛБАР БОЛЖ ХУВИРАВ. Ийм нөхцөлд авилга гэдгийг яг таг тодорхойлох нэн төвөгтэй. Өнөөгийн эрх зүйд авилга гэж төрийн албан хаагч иргэн хоорондын нийтийн эрх ашигт хохиролтой үйлдэл, харилцааг хэлдэг. Хэрэв хувьд очвол авилга нь хахууль, шахаа, цавчаа болж нэр төдий өөрчлөгдөхөөс агуулга нь бараг хэвээр үлдэх юм. Хэдэн олигарх картелиуд эдийн засаг, улс төрийг тэр чигээр нь базсан учир эрүүл өрсөлдөөн байх боломжгүй болдог бөгөөд зах зээл, сонгууль, тэндэр, хувьчлал зэрэг нь, юу гэж нэрлэхээс үл хамааран, ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯВАГДДАГ БОЛСОН ЮМ (=олон нийтийн эрх ашгийн эсрэг). ТИЙМ Ч УЧИР МОНГОЛ МАЯГИЙН ХУВЬЧЛАЛЫГ – “ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ” ГЭЖ НЭРЛЭВЭЛ ЯГ ТОХИРОХ БУЙ ЗАА.

 

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ БУЮУ СААЛИЙН ҮНЭЭНИЙ ХЭРЭГ.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats