Газар, барилгын материал болон засварчид: Улаанбаатар дахь хотжилтын ирээдүйн өөр өөр дүр зураг

Тухай:

Ашигт малтмалын арвин нөөцөд нь татагдсан гадаадын хөрөнгө оруулалт хийгээд ДНБ-ний цойлолтоороо өнгөрөгч жилүүдэд Монгол улс дэлхийд эдийн засгийн хамгийн хурдан өсөлттэй орнуудын тоонд багтаж явсан билээ. Гэвч энэ үеийн төгсгөл нэн даруй ирснийг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн циклийн удаашрал болон Хятадын эдийн засгийн бууралт дохиолсон юм. 

Монголын амьдрал өнөөдөр улам бүр л байнгын хувирал өөрчлөлт буюу тогтворгүй байдалтай болж байна. Олгогдсон гэж нэгэнтээ ойлгож байсан зүйлс тодорхойгүй болж, ирээдүйн талаарх зарим дүр зураг ч бүдгэрэв. Нүүрлээд буй “хямрал”-ын талаар хүмүүс ярих ч, энэ нь ямар хэлбэртэй болох, хэзээ эхлээд, хэзээ дуусахыг нь хэн ч үл мэднэ. Энэ шинэ нугачаанд өөрсдийн ертөнцөө бүтээхээр зүтгэх хувь хүний төсөөлөлд хямралын талаарх ойлголт нь намуухан нүргээн мэт байх аж.

Европын Судалгааны Зөвлөлийн санхүүжилтээр 5 жил үргэлжлэх энэхүү төсөл нь дэлхийн эдийн засгийн зогсолтгүй хөдөлгөөний  шинэ эринд үүсэн бий болж байгаа сэдвүүдийг судалж буй арван судлаачаас бүрдсэн юм. Эдгээр сэдвүүдэд хувьсан өөрчлөгдөж буй орчинд хүмүүс нөөц баялгийг хэрхэн тохиролцож байгаа тухай; дэд бүтэц болон бичиг цаасны үйл явцын хүртээмж; төр засаг, нийгэм, уул уурхайн компаниудын хооронд бий болж буй харилцаа; зээл, хөрөнгө оруулалтын хүртээмж хийгээд ашиглалт; өр болоод хямралын асуудлаарх бодлого болон арилжааны талаарх улсын хийгээд хувь хүний стратеги орж буй болно. Эдгээрийг судлах замаар бид өнөөгийн эдийн засгийн хувьсал өөрчлөлтүүд нь өөр өөр түвшин, хэмжээст буй хүмүүст хэрхэн нөлөөлж буйг төдийгүй, тэдгээрийг хүмүүс хэрхэн хэлбэржүүлж байгааг илрүүлж байгаа болно. 

Бичсэн: Рэбэка Плүкан, 2016 оны 2 сарын 8.

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

Энэ бол өр, зээлийн талаарх цуврал өгүүллэгүүдийн дөрөв дэх нь юм.

Өр зээлийн талаарх манай цуврал өгүүллүүдийн нэг хэсэг болох энэ нийтлэлд бэлэн мөнгөний урсгалын ноцтой хомсдолд ороод буй нөхцөлд үүсэн бий болж буй зарим сэдвийг хөндөнө. Энд өрийн янз бүрийн хэлбэрүүдээс болж хүмүүс бараа болон бусад төрөл бүрийн капиталтай (газар, хөдөлмөр, барилгын материал) байгаа хирнээ бэлэн мөнгөний үүсвэргүй болоод байгаа салбар болох Монголын барилгын аж үйлдвэрлэлийн нэг хэсгийг авч үзнэ.

Улаанбаатарын төв хэсгийн зүүн хойхно байдаг Зуун айл нь хэзээнээсээ барилгын материалын худалдааны газар байсаар ирсэн билээ. Хойшоо чиглэсэн төв зам болох үймээн шуугианаар дүүрэн Цагдаагийн гудамжинд бүхий л төрлийн бэхэлгээ, будаг, мод болон бусад олон янзын барилгын материалын наймаачдын ажиллуулдаг үлэмж тооны дэлгүүр, худалдааны том төвүүд байрладаг.

Монголын эдийн засаг эрчимтэй өссөн 2009-2012 онуудад барилгын салбар ч Улаанбаатар даяар цэцэглэсэн юм. Гэвч дараа нь Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом багасч, улсын эдийн засаг мөн л эрс уналтанд орж яваа билээ. Олон хүчин зүйлээс шалтгаалж, барилгын салбарт нийт эдийн засгийн энэ удаашрал хүнд цохилт үзүүлснээр, өнөөдөр уг салбар бэлэн мөнгөний ноцтой хомсдолд ороод байна. Банкны зээлүүд ихэвчлэн өндөр хүүтэй ирдэг нь, барилгаа дуусгаад (барилга барьж дуусгахад хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт нь олдсон тохиолдолд), түүнээсээ ашиг олох явдалд хүндрэл учруулдаг. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд, олон том компаниуд барилгын төслөө дуусгахын тулд өргөн хэмжээний бараа солилцоогоор дамжуулж барилгын материал олж авдаг байна. Тухайлбал, нэг барилгын компани 100 мянган ам.долларын үнэтэй машинаар 100 мянган ам.долларын үнэтэй цементэн блок солилцох жишээтэй.

Эдийн засаг ийнхүү удааширч байх үед, Улаанбаатарын эргэн тойронд сунан тогтсон гэр хорооллыг боломжийн үнэ бүхий орон сууцны хороолол болгон хувиргаж, дахин төлөвлөх засгийн газрын бодлогын нөлөөгөөр, барилгын компаниуд гэр хорооллын зарим газруудыг эздэд нь орон сууц юм уу, нөхөн төлбөр өгөх замаар мэдэлдээ авчээ. Энэ үйл явцаас үүдээд, Зуун айл орчим газар нь барилгын бизнес эрхлэгчдийн хувьд ирээдүйн хотхон босгох дахин төлөвлөлтийн талаарх төсөөлөл, төлөвлөгөөгөө эсрэг тэсрэг янз бүрийн аргаар биелүүлэх зөрчилдөөний талбар болон хувираад байна.

Урьдчилсан төлөвлөгөөнд орсон газрууд

Зуун айл орчимд олон хашаа гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орж байгааг хялбархан олж харж болно. Гэвч, эдийн засгийн удаашралаас болж, нэлээд тооны барилгын төслүүд биелэлээ олж чадаагүй байна. Намайг Зуун айлд 2015 оны 10 болон 11 сард очих үед зарим барилгын талбайнуудын үйл ажиллагаа зогсонги байдалтай байв.

Зуун айлын дахин төлөвлөлт. Хүн амьдарч буй олон хашаан дунд байрлах дутуу баригдсан орон сууцны цогцолбор.

 

Эндэхийн зарим хашааны эзэмшигчид эрсдэлээ бууруулахыг илүүд үзжээ. Тэд газрыг нь худалдан авахыг хүсч буй барилгын компаниудаас нөхөн төлбөр хүлээж авахын оронд, магадгүй өөр илүү ашигтай тохиролцоонд хүрнэ гэдэгт болон газрын үнэ цэнэ нэмэгдэнэ гэдэгт найдаж, хувиараа өөр аргаар газраа борлуулах сонголт хийсэн байдаг. Эдийн засаг тодорхой бус уур амьсгалтай байгаа энэ үед, орон сууцны үнэ хашааны газрынхтай харьцуулахад, илүү тогтворгүй, найдвар муутай байгаа гэж олон хүн үзэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд аль нэг газрыг барилгын компани эзэмшилдээ авахыг сонирхож эхлэх нь газар эзэмшигчдийн газартаа илүү ихээр уягдах сэтгэлийг ихэсгээд байх шиг. Учир нь газар бол өндөр үнэд орох гол хөрөнгөнд тооцогддог.

Эргэн тойронд нь барилгын ажил явагдаж дууссан газрын хашааны эзэн илүү сайн тохиролцоонд хүрэхэд найдан, газраа зарах зарлал бичсэн байгаа нь.

 

Түүнчлэн, Зуун айлын периметрийг дагуулаад усны шугам сүлжээ, цахилгааны газар доорхи утсан сүлжээ зэрэг инженерийн хэд хэдэн үндсэн дэд бүтэц барих ажиллагааг нийслэл хотын захиргаанаас санхүүжүүлэн эхлүүлээд байгаа юм байна. Ер нь, Улаанбаатарын гэр хорооллуудад инженерийн шугам сүлжээ ихэд хомс байдаг билээ. Гэвч эдгээр дэд бүтэц нь хотын төвөөс алслагдмал газар байх ирээдүйн орон сууцнуудад зориулагдсан бөгөөд  ойролцоо нь байрлах хашааны эзэд ашиглах боломжгүй байдаг. Гэвч, иймэрхүү дэд бүтцийн хажууд амьдарч буй зарим хүмүүс эдгээр бүтээн байгуулалт газрынх нь үнийг ихэсгэхэд нөлөөтэй гэж үздэг байна.

2015 оны 10 сард баригдаж байсан усны шугам сүлжээ нэгэн айлын хашаан дундуур тавигджээ.

Засварчин

Барилгын аж үйлдвэрлэлд учирч буй тогтворгүй байдалд ноцтой өртсөн олон тооны ажил хайсан хүмүүс Зуун айлын томоохон хэсгүүдийг хамран байрлах барилга угсралт явагдаж буй болоод ажил нь түр зогссон талбайнууд болон дэд бүтэц оруулж буй газруудын дунд байдаг. Энэ хүмүүсийг хурдацтай өөрчлөгдөж буй Монголын эдийн засгаас үүсэн гарч буй шинэ субьектуудын жишээнд тооцож болно. Зуун айл дахь барилгын материал ханган нийлүүлэх газруудыг илүү сайн ойлгох хүсэлдээ хөтлөгдсөн би бээр нэгэн хүйтэн өдөр эндэхийн төв зам даган байрлах барилгын материалын худалдааны төвүүдээр орлоо.

Бараан үүлс хүүшлэн бүрхэж, жихүүн салхи үлээсэн, хүйтэн өдөр байлаа. Гадаа удаан байх тусам жавар хувцас нэвтлэн орж, үе мөчийг минь хайрч байв. Энэ бол, эдийн засаг цэцэглэн хөгжиж байгаа үед ч барилгын салбарын хувьд улиралын чанартай зогсонги үе буюу 11 сарын дунд үе байлаа. Гэвч Монголын эдийн засаг саармагжсан одоо үед, эндхийн наймаачид барилгын салбарын өнөөгийн өнгө төрхийг хэрхэн харж байгааг би сонирхсон юм.

Зуун айл дахь Цагдаагийн гудамж.

 

Төв зам хөл хөдөлгөөнтэй байлаа. Энэ гудамжийн хоёр талаар цонхноос эхлээд модон хөндлөвч, хоолой гээд барилгын бүх төрлийн материал борлуулдаг худалдаачид, дэлгүүрүүд ярайх ба үйлчлүүлэгчдийг урин дуудсан хаяг, рекламнууд нь гудамжаар дүүрэн байх аж. Авто зам, явган хүний замын хооронд машин, хүмүүс нааш цааш сүлжилдэж, байшин барих ажил, барилга угсралт юмуу өөр ямар нэг ажилд зориулан жижиг сажиг янз бүрийн зүйл худалдаж авна. Цонхон дээрээ “Ачаа авна” гэсэн хаяг бүхий ачааны жижиг машинууд хүмүүсийн авсан материалыг хүргэж өгөх үйлчилгээ үзүүлнэ. Ерөнхийдөө, эндэхийг гаднаас нь ажихад,  хүмүүс жижиг хэмжээний барилгын ажил юм уу, барилгын дотоод засалд зориулан материал худалдаж авдаг газар мэт харагдаж байв. Ингээд би нэг худалдааны төвөөр нь орлоо. Энэ төв огцом өгссөн урт шат бүхий хоёр давхар барилга юм.

Барилгын материалын зах руу хөтөлсөн төрөл бүрийн хаяг, реклам. Зарим нь худалдааны сурталчилгаа байна.

 

Шатаар настай болон дунд насны хүмүүс өөд уруу хөлхөлдөх агаад ихэнх нь эрчүүд байх аж. Төв хаалганы жижиг гарцнаа хамгаалалтын албаны бахим эмэгтэй зогсоно. Тэрээр хэн нэгнийг тухайлан ажиглахгүй ч, төв замын цаана байх барилгын нүүрэн тал руу харан, зугуухан алхана. Энд тэндгүй хүн холхисон шатны энэ жижиг зайд настай нэгэн эр, түүнээс арай дүүмэд нэгэн эмэгтэй хоёулаа цээжинд нь харагдах зарлал хүзүүнээсээ өлгөсөн байх аж. Тэд бол будаг болон чимэглэл хийх, гал тогооны тавилга байрлуулах, орон сууцны дотор талын засвар хийх зэрэг барилгын дотоод заслын гар ажил хийхэд бэлэн хүмүүс юм. Тэд бие биенээсээ хол, дуу чимээгүй зогсож, замын цаад тал руу харах нь эрхэмсэг шинжтэй.

Ингээд би барилгын дотор талд юу болж байдгийг үзэхээр шийдлээ. Хаалганы тэнд, явахаасаа өмнө гартаа барьсан боодолтой зүйлсээ цэгцлэх хүмүүс ийш тийшээ хөлхөнө. Дотогшоо ороод, зүүн тийшээ эргэнгүүтээ би хүзүүндээ түрүүчийнхтэй төстэй зарлал өлгөсөн хоёр эмэгтэй байхыг олж харлаа. Тэд тавь гаруй насных л болов уу гэмээр харагдаж байв. Тэд хоёулаа ажил хайж буй нь энэ юм. Хүзүүндээ өлгөсөн зарлал нь тэднийг барилгын дотоод засал чимэглэл болон будаг хийх боломжтой болохыг илтгэнэ. Би тэдэнд өөрийгөө танилцуулаад, тэдний хувьд ажил амьдрал нь болон өнгөрч буй жил ямархуу байдалтай байгаа талаар лавлав. Тэд ажил алба маш муу байгаа ба 14-15 хоног тутамд ажил олдож байгаа нь азны хэрэг болж буй тухай ярив. Иймэрхүү явуулын ажилчдын хувьд хөдөөнөөс орж ирэх нь цөөнгүй ба, барилгын улирал дуусахаар тэд гэртээ харьдаг талаар нэгэн эмэгтэй тайлбарлалаа. Хоёр эмэгтэйн нэг нь хэлэхдээ, хүүхдүүдээ тэжээхийн тулд энэ ажлыг хийж байгаа бөгөөд барилгын хувийн компаниудын цалин маш доогуур байдгийг ярив. Тэрээр Зуун айлд амьдардаг агаад хамаатных нь олон хүн түүн шиг ажил эрхэлдэг аж. Эдгээр хүмүүсийг “засварчин” гэж нэрлэдэгийг би ийнхүү мэдэж авав.

Худалдааны тус төвөөс (энэ талаар цаашид өгүүлнэ) гарахын өмнөхөн, үүдний шатны ойролцоо зогсож байсан эмэгтэйд ажил олдож байгааг харлаа. Багаж хэрэгслийн хайрцагтай нэгэн эр түүнрүү очиж, юм ярьж байв. Барилгын салбарт энэ маягаар ажил олох нь түгээмэл байдаг талаар хүмүүс надад хэлсэн юм. Төв хаалганы зүүн талд ажлын хэд хэдэн цүнх цонхны сараалжинд өлгөөтөй байлаа. Биднийг буцах үед, жар шүүрч яваа насны эрэгтэй хүзүүн дэх зарлалтайгаа хүйтэн жаварт зогссон хэвээр үлдэв.

Өрийн материаллаг байдал

Худалдааны төвд ороход, шалнаас тааз хүртэл өрсөн бараа бүхий шахуу байрлалтай лангуунууд эгнэн харагдана. Зарим наймаачид хулдаас болон шалны төрөл бүрийн дэвсгэр зарж байхад, зарим нь гэрлээр дагнасан байх аж. Зарим нь аюулгүйн төрөл бүрийн тоног төхөөрөмж  л худалдаалж байхад, өөр бусад нь шүүрнээс эхлээд хадаас, олсноос эхлээд хамгаалалтын дуулга хүртэл төрөл бүрийн бараа зарна. Ямар ч үйлчлүүлэгчгүй, худалдагч нь ганцаар суух хэд хэдэн лангуу бас байлаа.

Дэлгүүрийн нэг буланд хоёр эр хөзөр тоглож харагдана. Эхэндээ би, өвөл ойртож буй 11 сарын дунд үед барилгын салбар зогсдог тул энэ үеэр наймаачид илүү их цаг завтай байдаг байх гэж таамаглаж байв. Гэвч, тэд өөр зүйл хийгээд завгүй, худалдааны төвд илүү удах тусам улам их хөзөр тоглосон хүмүүс харагдаж эхэлснээр, намайг эдгээр наймаачдын ажил хэрэг, Монголын барилгын аж үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, наймаачдын заримынх нь санхүүгийн нөхцөл ямар байгаа талаар эргэцүүлэхэд хүргэсэн юм.

Худалдааны төвөөр алхангаа би байсхийгээд л амсхийж, хүмүүстэй хэдэн хормын яриа өрнүүлж байлаа. Өөрийгөө болон судалгааны ажлаа танилцуулсны дараа би хүмүүсээс энэ жилд ажил хэрэг нь хэр байсан тухай, хэрэв муу байсан бол хэзээнээс эхэлж муудсан тухай, цаашид ямар болно гэж төсөөлж байгаа тухай болон ямар бараа худалддаг эсвэл солилцодог эсэх талаар нь, ерөнхийдөө ижил асуулт тавьсан юм.  Миний очсон эхний лангуунд хадаас, хэмжүүр, олс гээд төрөл бүрийн эд зүйлс зарж байсан худалдагч хэлэхдээ, 2015 оны хавраас эхлэн бизнес нь муудсан, ажил хэрэг муутай жил болж буй тухайгаа ярив. Түүнийхээр бол, 2016 оны 5 сараас буюу ирэх хавраас нааш энэ салбар өөдлөхгүй аж.

Би дээд талын давхарруу гарахад хамаагүй тайван орчин угтав. Энд харин нэг юм уу хоёр төрлийн бараа дагнан худалддаг компаниудыг бүтээгдэхүүнээр ханган нийлүүлдэг лангуунууд харьцангуй их байв. Ванны өрөөний угаалтуур болон ундны ус дамжуулах урт, нарийн, ногоон хоолой өрсөн лангууныхаа цаана утсаар мессэж бичиж буй нэгэн эмэгтэйг би олж харлаа. Надтай дуртайяа ярилцаж буй мэт боловч, утаснаасаа бараг хараа үл салгах энэ эмэгтэй ч бас 2015 оны хавраас эхлэн худалдаа нь нэлээд муудсан тухай ярив. Түүнээс би бараа солилцоо хийдэг эсхийг нь лавлахад, хүмүүс ирж бараа солилцох талаар санал тавьдаг ба бартер хийх боломжтой хэмээсэн юм. Түүний ажиллаж буй барилгын материал ханган нийлүүлдэг компани нь лангуугаа хадгалахын тулд, зарж буй бараагаа түрээсийн мөнгөний оронд дуртайяа солилцох ч, одоохондоо ийм байдалд хараахан хүрээгүй байгаа гэнэ.

Энэ давхраар явахад, лангууны хэд хэдэн зай хоосон үзэгдэнэ. Би цахилгаан хэрэгсэл зардаг нэгэн дэлгүүрийн өмнө хүлээлээ. Энэ дэлгүүр нэлээд өндөр үнэтэй брэндийн цахилгаан хөрөө, өрөм зэрэг хэрэгслийн тоног төхөөрөмжөөс гадна өөр бусад цахилгаан багаж зарж байсан ба хэд хэдэн хүмүүс үйлчлүүлж харагдана. Бараа бүтээгдэхүүнийх нь үнийг хараад би худалдагчийн хувьд бизнес нь арай дөнгүүр явж байж магадгүй, эсвэл бусдаасаа арай илүү бараа солилцоонд ордог байж магадгүй хэмээн таамаглав. Худалдагч эмэгтэй 2015 оны 8 сараас эхлээд бизнес нь илт муудсан гэлээ. Хэд хэдэн хүн түүнд цахилгаан хэрэгслийг нь бараа бүтээгдэхүүнээр солих санал тавьж байсан ч, тэр зөвшөөрөөгүй аж. Тэр ч байтугай зарим хүн түүнд бүтээгдэхүүнийг нь орон сууцаар солих санал тавьсан ч, байрны үнэ доогуур байгаа тул тэр ийм солилцоо хийхийг хүсэхгүй байгаа гэнэ.

Бүдэг гэрэлтэй энэ давхрын хойд хэсэгт лангуундаа цахилгааны тоноглол дэлгэн тавьсан дэлгүүр байв.  Бараа зарж буй бусад лангуунууд нээлттэй боловч эзэнгүй байх агаад, корридорт үйлчлүүлэгч үл харагдана. Шатаар өгсөх олны нүднээс холхон, цахилгааны хэрэгсэл зарж буй дэлгүүрт хэсэг хүн хоорондоо хөзөр тоглож байв. Байшингаас гараад би ижил хэмжээ бүхий өөр нэг худалдааны төв рүү чиглэв. Гэрэл чийдэн болон олон төрлийн зориулалт бүхий цахилгаан барааны эгнээ дэлгүүрүүдийн хажуугаар өнгөрөхдөө би хоорондоо мөрий тавин хөзөр тоглож буй хоёр наймаачныг харлаа.

Барилгын материал ханган нийлүүлэх томоохон сүлжээнд зууч маягаар ажиллаж буй эдгээр худалдаачдын хувьд бараа солилцоо хийх боломж маш хязгаарлагдмал байдаг байх гэсэн бодол надад энэ үед төрж байлаа. Ханган нийлүүлэгчдийн барааг зарж, борлуулалтын менежер маягаар ажилладаг хүмүүс бараа зарж олсон бэлэн мөнгөө ажил олгогчиддоо тушаах шаардлагатай байдаг байж магадгүй юм. Тэгэхээр бараа солилцоотой холбоотой аливаа шийдвэрийг тэд биш, компаниуд гаргадаг байж таарна. Харин тэд хувиараа бизнес эрхэлж байгаа бол, цаашид зарах бараа авахын тулд юм уу, хамгийн гол нь зээлээ төлж барагдуулахын тулд бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй болно. Наймаачид шалнаас тааз хүртэл эгнүүлсэн боодолтой бараануудаар хүрээлүүлсэн ч, ямар ч үйлчлүүлэгч байхгүй тул ийнхүү хүлээлтийн байдалд байх аж. Борлогдож чадахгүй байгаа эдгээр бараануудад түгжигдсэн бэлэн мөнгийг илэрхийлэх энэ бараанууд хэн нэгний санхүүгийн өрийн хөдөлшгүй, материаллаг хэлбэрийг илтгэн ярайна. Бизнесийн орчин нь  мөнгөний хомсдолд эрчимтэй орж байхад, эдгээр наймаачдад бэлэн мөнгө улам бүр шаардагдаж байгаагаас гадна тэд өөрсдөдөө зохих хэмжээний ашигтай байдлаар бараа солилцоо хийх хөшүүрэггүй нөхцөлд ажиллаж байна.

Тэр өдөр дахиад нэг худалдааны төвд би очлоо. Энэ төвд брэндийн нэрсээр хаягаа чимсэн, ханган нийлүүлэлтийн төрөл бүрийн дэлгүүрүүд ихэвчлэн нэг төрлийн барааг дагнан зарж байв. Нэг дэлгүүрт галын хор худалдаж байхад, өөр нэг дэлгүүрт ванны өрөөний хэрэгслүүд зарж байв. Нэгэн дэлгүүрийн ханан дээр «Эхний тэрбум» гэж томоор бичсэн гарчиг бүхий овоолоостой Америк долларын зурагт хуудас хадсан байх нь ирээдүйн баялаг, бэл бэнчинг даллах оролдлого аж.

 

Хоосон орон зай – Бие засах өрөөний тоног хэрэгсэл зарж байсан дэлгүүрийн хоосон зай шинэ түрээслэгч хүлээн буй нь.

 

Энэ барилгын хоёр давхарт гартал, хаалган дээрээ «түрээслүүлнэ» гэсэн бичигтэй хэд хэдэн дэлгүүрийн хоосон зай харагдав. Эндэхийн хонгилоор алхаж яваад би худалдааны төвийн менежерүүд өрөөндөө байхыг олж хараад, хэдэн хором хууч хөөрөв. Тэд хэлэхдээ, зарим борлуулагчид хоёр юм уу гурван лангуу түрээслэн ажиллуулж байсан ч, сүүлийн үед ихэвчлэн ганц лангуунд нэгтгэх болсон нь олон дэлгүүр эсвэл лангуу ажиллуулснаар ашиг олж чадахгүй болсон байгаатай нь холбоотой гэсэн юм. Түүнчлэн, ийм дэлгүүр, лангуунуудад худалдагчаар ажиллаж байсан хүмүүс ажлаа алдсанаас гадна 2013 оноос хойш борлуулалтын нийт хэмжээ буурч байгааг мэдээлэв. Тэгэхээр жижиг лангуу, дэлгүүрүүд ажиллуулж буй том компаниуд бүх дэлгүүрээ цалин болон түрээсийн төлбөрөөр  хангаж дийлэхгүй болж байгаа аж. Борлуулалтын ажлыг бизнесийн туршлагатай, хашир догь наймаачид л хийж чадахаас биш шинэ хүмүүс хийх боломжгүй болсон гэж тэрээр тайлбарлалаа. Бэлэн мөнгөний хангамжгүй, өрөнд баригдсан ийм нөхцөлд шинэ бизнес цэцэглэх боломжгүйгээс болж хурдан хаагддаг байна.

Цаашаа алхангаа би «түрээслүүлнэ» гэсэн хаягтай өөр нэг хоосон зай олж хараад, зургийг нь авахаар  очлоо. Дөхөж очингуутаа би бараан шилэн хаалганы цаадах дэлгүүрийн хоосон зайд олон эрчүүд өөр нэг тоглоом тоглож буйг олж мэдээд цаашаа шатаар уруудан одов. Тэр өдөр ороод гарсан  худалдааны төвүүдэд харсан хөзрийн олон тоглоомууд бизнесийн үйл ажиллагаа хомсдсон үед гарч ирж буй нийтэч шинжийн үйлдлийг харуулж буйн жишээ болж байна. Түүнээс гадна үүгээр, худалдаа наймааны орон зайг эзлэн, бие биетэйгээ өрсөлдөн оршдог эдгээр хүмүүсийн хоорондын нийгмийн холбоо хэлхээг олж харж болно. Энэхүү удаашрал барилгын салбарын дорой байдлаас үүдэв үү? Эсвэл энэ нь барилгын ажил явуулахад хэтэрхий хүйтэн улирал, 11-р сараас болов уу? Ажил хэргийнхээ өнөөгийн байдалд хийсэн хүмүүсийн тайлбарыг харгалзан үзвэл энэ хоёр шалтгааны аль алинаас нь л болсон мэт байна.[i]

 

Бүх зураг © Rebekah Plueckhahn.

 

[i]  Намайг сурвалж мэдээллээр хангасан Г.Дэлгэрмаа болон судалгаа хийхэд минь тусалсан Должинсүрэн нарт талархлаа илэрхийлж байна.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Газар, барилгын материал болон засварчид: Улаанбаатар дахь хотжилтын ирээдүйн өөр өөр дүр зураг”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats