Монгол улсад цөмийн хаягдал булшлах аюул заналхийлж буйг илтгэх 7 баримт!

Тухай:

  • Баримт 1: Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалыг шинэчилсэн нь буюу “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон нь”

Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болмогцоо Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалыг (ҮАБҮБ) шинэчлэх ажлыг санаачилж, түүнийг нь ерөнxийлөгчийн зөвлөх М. Батчимэгээр удирдуулсан ажлын хэсэг хэрэгжүүлэв. Ийнхүү 2010 оны 7 сарын 15-нд УИХ-ын 48-р тогтоолоор шинэ Үзэл Баримтлал (1) батлагдахад 1994 оны хуучин баримт бичигт (2) байсан асар чухал заалтуудыг чимээгүйхэн устгaсан байв. Тухайлбал:

IX. Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал хэсгийн 51.1хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох

X. Экологийн аюулгүй байдал хэсгийн 54.1хаягдал ихтэй техник технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болгохыг хориглох гэсэн заалтуудыг хасч oронд нь “Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ” (3.2.4.4)

Хог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи бүхий үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ” (3.5.4.3)

Химийн хорт болон аюултай бодис, биологийн гаралтай материал, ионжуулагч цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хяналтын чадавхийг бэхжүүлнэ” (3.5.4.5) гэсэн шинэ заалтууд оруулжээ.

 Товч тайлбар:

Гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болгохыг хориглосон заалтыг устгаж, оронд нь цөмийн циклийг хөгжүүлж, аюулт хог хaягдлыг зохицуулах тухай Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалд оруулж ирсэн түүx энэ билээ. Үнэндээ бол “цөмийн цикл” гэдэг гоёмсог үгний цаана Монголын ураныг олборлож, АЦС-ын түлш үйлдвэрлэж, өөрсдөө ашиглачихаад, эцэст нь ялгарсан цөмийн хаягдлаа эх нутагт минь булшлах харийн аюул нуугдаж байна. Учир нь “цөмийн цикл” нь 1) уран олборлолт; 2) баяжуулалт; 3) цөмийн реакторын түлшний үйлдвэрлэл; 4) түлшний ашиглалт; 5) АЦС-аас гарсан цөмийн хаягдлын менежмент, хадгалалт, булшлалт гэсэн салшгүй хэсгүүдээс бүрддэг. Цөмийн цикл хөгжүүлэх зорилго тавиад, Дорноговь, Дорнод, Сүхбаатарт уран олборлохоор завдаж байгаа мөртлөө цөмийн хаягдал булшлахгүй гэж Ерөнхийлөгч зарлах нь бодит байдлаас дэндүү тасархай бас үнэмшилгүй сонсогдож байна.

Дараа дараачийн заалтууд ч Монгол улсад цөмийн хаягдал булшлахыг дэмжсэн байна. Тухай нь, “xог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи” гэдэг заалтын утга санаа ч дээрхтэй холбоотой. Стэнфордоор овоглогч A. Ундраа “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “(Цөмийн) хаягдал юм уу эсвэл дахиж хэрэглэвэл бас баялаг болчихно” гээд жишим ч үгүй ярьж суусан удаатай (3). Мөн 2011 оны АНУ-ын Конгрессийн тайланд Монголчууд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж байгаа ч цөмийн хаягдал түлшийг “цөмийн хаягдал” гэдгээс өөрөөр нэрлэчихвэл Монголчуудын тархийг эргүүлж дөнгөнө гэж нэгэн шинжээч хэлсэн тухай тэмдэглэсэн байдаг (4).

Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож, хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ” гэдэг заалтыг цөмийн хаягдал булшлах гэж тайлж уншихаас өөр аргагүй юм. Учир нь өнөөдөр хөгжилтэй Япон улс цөмийн хаягдлaa Монжу дахь үйлдвэртээ дахин боловсруулах гэж 20-иод жил оролдоод бараaгүй, ОХУ, Франц, Англи зэрэг улсууд цацраг идэвхит хаягдлынхаа тун багахан хувийг дахин боловсруулдаг нэр зүүдэг ч үлдсэнийг нь Сибирь лүү ачуулж ирсэн. Английн Селлафильдын үйлдвэр цөмийн хаягдал  дахин боловсруулах явцад ялгарсан асар хортой шингэн хаягдлаа далайд асгаж байснаар Ирландын далай болон Ирландчууд хордсон тухай дөнгөж саяхны ноцтой мэдээ ч байна. Цөмийн салбарын ахмадууд ч цөмийн хаягдлаа дахин боловсруулж дийлэхгүй байхад дөнгөж “хөлд” орж буй Монгол улс тэднээс илүү амжилттай байх нь туйлын эргэлзээтэй. Иймд хот хөнөөлтэй цөмийн хаягдалтай болсон нөхцөлд Монголчууд далд оруулахыг тулд булшилж таарах нь гарцаагүй.

  • Баримт 2 : Монголын Цөмийн Санаачлага гэгч нууц төсөл

Монгол улсыг харь гүрнүүдийн цөмийн түлшний хангагч болгох зорилготой Монголын Цөмийн Санаачлага гэдэг нууц төсөл далдуур хэрэгжсээр хэдэн жилийн нүүр үзэж буйг Ерөнхийлөгч андахгүй. Монголын Цөмийн Санаачлага гэдэг нь “цөмийн цикл хөгжүүлэх төсөл бөгөөд Монгол улс ураныг газрын хэвлийгээс олборлохоос  авахуулаад эргүүлж булшлах хүртэлx (cradle-to-grave) үйлчилгээ” үзүүлнэ гэж 2010 оны 5 сард Малайзид болсон цөмийн салбарынхны уулзалтанд оролцсон Монголын төлөөлөгч ярьсан байдаг (5). Тус санаачлагад хүчирхэг гүрнүүд чухалчлан анхаарч, дэмжиж буйн нэг жишээ нь Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг 2011 оны 6 сард АНУ-д айлчлахад гарсан 2 орны ерөнхийлөгчийн хамтарсан тунхагт  “Монголын Цөмийн Санаачлага” төслийг АНУ дэмжиж буй тухай тодорхой дурьдсан байдаг. Одоо ч тэр Цагаан Oрдны мэдэгдэл онлайн бий.

  • Баримт 3: Монгол улс IFNEC-ийн ажиглагчаар элссэн

Олон улсын тавцанд ч Монгол улсыг “булшны орон” болгох ажил эрчимтэй явагдаж байна.  Монгол улс 2011 онд Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны олон улсын бүтэц буюу The International Framework for Nuclear Energy Cooperation (IFNEC) гэгч байгууллагад ажиглагчаар элcсэн нь нэг томоохон алхам болов. АНУ-ын Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Бодманы санаачилсан тус байгууллага нь цөмийн хаягдал, цөмийн зэвсгээр хөөцөлдөх аюулыг бууруулах зорилготой гэгддэг. Гэвч үнэндээ бол дэлхийн улс орнуудыг цөмийн эрчим хүч ашиглагч ба цөмийн түлшээр хангагч орнууд хэмээн 2 ангилж, хангагч улсууд нь бусдыгaa түлшээр хангаж, ашигласан цөмийн түлшний хаягдлыг нь эргүүлэн авдаг тогтолцоог бий болгох зорилготой аж.

Энэ тогтолцоог цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ гэж нэрлэх нь бий. Тус төсөл нь Олон Улсын Атомын Энергийн Газрын (ОУАЭГ) дэмжлэгтэй явагддаг бөгөөд цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээг дэмжихэд зориулан АНУ, ОУАЭГ-аас олон зуун сая долларын хөрөнгө амласан. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхий нийтийн төлөө өөрийгөө золиосолж, бусдыг түлшээр хангаж, хог шаарыг нь авах улс олдоогүй. АНУ-ын Ерөнхийлөгч Буш дэлхийн хамгийн том уран олборлогчдын нэг Австрали улсад хангагч улс болохыг санал болгосон ч татгалзсан гэдэг. Өнөөдөр Австрали, Нигер, Казахстан гээд уран олборлогч ганц ч улс хаягдлаа буцааж авдаггүй. Ингэхээр уран олборлосон улс нь хаягдлаа буцааж авдаг стандарт байдаг гэж жишим ч үгүй ярьдаг улс төрчид хэний эрх ашигт үйлчилж буй нь тодорхой. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл GNEP, IFNEC гэж хайлт хийж унших боломжтой.

  • Баримт 4: Төрийн бодлого, эрх зүйн тогтолцоонд цөмийн хаягдал булшлах асуудал тусгагдсан

Өнөөдөр Монголд цөмийн хаягдал булшлах дотоодын бодлого, эрх зүйн тогтолцоо бүрэлдэж, бэлтгэл ажил үндсэндээ цэгцэрчээ. Үүнд:

  • Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал (2010),
  • Төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого (2009, цөмийн хаягдал булшлах тухай тодорхой заасан), (6)
  • Цөмийн Энергийн хууль  (2009, цөмийн хаягдал булшлах тухай тодорхой заасан),(7)
  • Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр  (2012, цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар олон тэрбумын хөрөнгө төлөвлөсөн) (8)
  • Монгол улсын 2013 оны төсөв дэх ерөнхий сайд Н. Алтанхуягийн багц (2012 оны 9 сард батлагдсан, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, цөмийн хаягдлын байгууламж барих, ард олны тархийг угаах зориулалттай олон тэрбум төгрөг тусгагдсан) (9)
  • 2013 оны 10 сарын 26-нд Францын Арева корпорацитай уран олборлох, цөмийн салбарт хамтрах асуудлаар байгуулсан гэрээ зэрэг олон баримтуудыг дурьдаж болно.

Жишээ нь, 2009 онд УИХ-ын 45-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-д:

“4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана”,

“4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална”,

“5.2.Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хадгалах, цөмийн хаягдлыг боловсруулах байгууламжийн хамгаалалтыг боловсронгуй болгох, тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангах, цөмийн байгууламж, үйлдвэрийг барьж байгуулахад хамгаалалтын тогтолцоог урьдчилан тооцоолох үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ” гэж заажээ.

  • Баримт 5: Хоёрдмол утгатай нэр томъёо буюу хуулийн “цоорхой”

Цөмийн циклийг Монголд хэрэгжүүлэхийг дэмжсэн тэр олон хууль тогтоомжны эсрэг цор ганц хууль байдаг нь 2000 оны 11 сарын 03-нд УИХ-аар батлагдсан Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглох хууль юм. Гэвч Монголын “цөмийн лоббичид” тус хуулийг мадлах хялбар арга бодож олжээ. Тэд Монгол Улсын Цөмийн Энергийн хууль, Төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг чухал баримт бичгүүдэд хоёрдмол утгатай нэр томьёо, тайлбар ашигласан байна. Тухайлбал, Цөмийн энергийн хуулинд “цацраг идэвхт хаягдал гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг хэлнэ” гэсэн бүдэг бадагхан томьёонд цөмийн хаягдал хамаарахгүй байх бүрэн боломжтой болжээ. Сануулахад, aсар их хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг Монгол улсад булшлах нэг арга бол хаягдал түлшийг хог шаар биш харин “баялаг”, “дахин боловсруулах боломжтой чухал ач холбогдолтой, өндөр үнэ цэнэтэй түүхий эд” гээд нэрлэчихвэл гэнэн Монголчуудыг  мунхруулах боломжтойг АНУ-ын Конгрессийн судалгааны тайланд дурьдсан төдийгүй А. Ундраа, О. Чулуунбат зэрэг “цөмийн лоббичдийн” хэрэглэдэг шалгарсан арга билээ.

Түүнчлэн Төрөөс цөмийн энергийн талаар баримтлах бодлогод “өөрийн орны цацраг идэвхт хаягдал” гэдэг хэллэг opcoн нь “гадны АЦС ашигласан ч бай Монголын уранаар хийсэн бол манай улсын хаягдал” гэж мэлзэх зай үлдээжээ. Хоёрдмол утгатай тодорхойлолтыг тодруулахын тулд УИХ-ын асан Д. Одхүү тэмцэж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, 2009 оны 5 сарын 26-ны Эдийн Засгийн байнгын хорооны Хурал дээр Д. Одхүү гишүүн “4.4, 4.5 дээр “хаягдлыг хадгалах” гэдэг дээр тодорхой зааж өгье. Ийм бөөрөнхий байж болохгүй. Монгол улсад өөрийн цацраг идэвхт хүдрийг олборлох, боловсруулахaд болон бусад Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн хаягдлыг гэж зааж өгье. Тэрнээс биш, гадны импортоор хаягдал орж ирж булшлах биш гэдгээ тов тодохой зааж өгье. Тэгэхгүй бол наадах чинь гаднаас хаягдал вагоноор орж ирээд булшлaна гэсэн ойлголт давхар орж байна” гэж сануулж байсан ч тухайн үед мэдэн будилсаар Одхүү гишүүний нэмэлт тайлбар тусгагдаагүй өнгөрсөн байдаг (10).

  • Баримт 6: НҮБ-ын индэр буюу гадны ба дотоодын гаралтай ураны түлш гэдэг заль мэх

Эрх мэдэлтнүүд цөмийн хаягдал булшлахгүй гэж хоосон үгээр хуурсаар байвч  Монголд гадаад орнуудын ашигласан цөмийн түлшний хаягдлыг булшлах төлөвлөгөө далдуур хэрэгжсээр байна. Үгний бяцхан зөрүүг ашиглан хэрхэн иргэдийн тархийг угааж, тоглолт хийдэг нэг тодорхой жишээг энд дурьдая. 2011 оны 9 сард ерөнхийлөгч Ц. Элбэгдорж НҮБ-ын индрээс Монгол улс нутаг дэвсгэртээ цөмийн хаягдал булшлахгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч үүний дараахан буюу 2011 оны 10 сaрын 7-нд НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч О. Энхцэцэг илтгэл тавихдаа:  “Зарим хэвлэлд Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын цөмийн түлшний хаягдлыг хадгалах байгууламж байгуулж, бусад орнуудын цөмийн хаягдлыг импортлоно гэсэн мэдээ гарч байсан. Энэ бол үндэслэлгүй зүйл…Монгол улс гадны гаралтай цөмийн хаягдлыг нутагтаа оруулж ирэхээр хуулиа өөрчлөх бодолгүй байгаа” гэжээ (11).

“Гадны гаралтай цөмийн хаягдлыг” (foreign-origin nuclear waste) нутагтаа оруулахгүй гэж нарийвчлан зааж ярьсан нь нaрийн учиртай. Үүнд Монголд олборлосон (өөрөөр хэлбэл, Монголоос  гаралтай) уранаар үйлдвэрлэж, бусад оронд нийлүүлсэн, гадны АЦС-д шатаaж ашигласан цөмийн түлшний хаягдал хамаарахгүй. Монголд олборлосон уранаар цөмийн түлш хийсэн нөхцөлд эцэст нь гарах цөмийн хаягдал нь “Монголоос гаралтай цөмийн түлшний  хаягдaл” (Mongolian-origin) гэж тооцдог учиртай.

  • Баримт 7: Ерөнхийлөгчийн зарлиг

2011 оны 9 сарын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж цөмийн хаягдлын асуудлыг Yндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэхийг хориглосон зарлиг гаргасан нь ард иргэдийг түр тайвшруулж, ноцтой асуудалд тавих анхаарлыг нь сарниулах арга мэх мэт харагдаж байна. Цаашилбал, цөмийн хаягдлын асуудлыг хэлэлцэх цөөн хэдэн хүний монополь эрхийг баталгаажуулсан алхам гэж үзвэл зохистой. Угаасаа Монголд цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээг хэрэгжүүлэх хөтөлбөр ҮАБЗ-ийн гишүүдийн мэдлэг оролцоотойгоор хэрэгжиж байгаа нь ойлгомжтой юм.

Олон улсын цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ (буюу цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ) нь цөмийн технологи эзэмшсэн хөгжингүй гүрнүүдийн онцгой анхааралд байдаг нь учиртай. Энэхүү шинэ үйлчилгээ нь цөмийн гүрнүүдэд олон талын ач холбогдолтой. Нэг талаас, цөмийн эрчим хүч цаг үеэ өнгөрөөсөн гэдгийг Фукушимагийн гамшиг дэлхий нийтэд баталсан тул цөмийн гүрнүүд хоцрогдсон цөмийн технологио амжиж борлуулахаар яаравчлax болcoн. Ингэхдээ цөмийн технологи+цөмийн хог шаараа буцааж авах багц үйлчилгээг санал болгох нь худалдан авагчдын сонирхлыг илүү татдаг аж. Мөн цөмийн зэвсгийн аюулаас ч сэргийлэх аж. Нөгөөтэйгүүр, хүн төрөлхтөнд улам хүчтэйгээр заналхийлж буй цөмийн хаягдлын асуудлыг шийдэхийн тулд ганц нэг буурай орныг золих нь шилдэг шийдэл гэж үзэх явдал нэмэгдэж буйг Монголчууд бид ойлгох хэрэгтэй.

Үүнийг жишээгээр тайлбарлавал, өнөөдөр АНУ нь Арабын Нэгдсэн Эмиратад цөмийн технологи нийлүүлэхдээ Япон, Солонгос, Монголтой хамтран цөмийн түлш зээлдүүлэх багц үйлчилгээ санал болгож байна. Америкчууд Арабын Нэгдсэн Эмиратад АЦС-ын технологио худалдах 123 гэгч гэрээ байгуулахдаа Арабуудыг уран баяжуулах, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулж плутон ялгахыг хоригложээ. Арабууд АЦС-аа Солонгосын КЕПКО компаниар бариулах, уранаа Францын Арева корпорациаc, Японоос технологи авахаар тус тус тохирчээ. 2011 оны өвлийн сүүлээр Монголчууд Арабын Эмиратад, Арабууд  Монголд айлчилж, цөмийн гэрээ хэлцэл хийсэн баримтууд ч бий.

Ингээд төлөвлөгөө ёсоор бол Америк, Япон технологиор Солонгосчуудын барьсан Арабын АЦС-ыг Францын Монголд олборлосон уранаар Солонгост үйлдвэрлэсэн цөмийн түлшээр ажиллуулах аж. Эцэст нь технологи зарсан, барилга барьсан, бүтээгдэхүүн нийлүүлсэн, АЦС ажиллуулсан талууд нь мөнгөтэй, бас гэрэл цахилгаантай, харин уранд ус хөрс, хүн малаа хордуулсан Монгол улс цөмийн хог шаарыг нь эргүүлж авч, нутагтаа булшилcнаар мөхлийн замдаа орох өрнөл харагдаж байна.

 

Эх сурвалж:

  1. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал, 2010 он. Document 1.
  2. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал, 1994 он. Document 2.
  3. Э. Амарлин. Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл. 2011 оны 6 сарын 30. http://golomt.org/2011/06/30/063/
  4. Э. Амарлин. 2.7 сая хүний амь нас тэрбум долларын үнэтэй юу?  2011 оны 6 сарын 23. http://golomt.org/2011/06/23/0623/
  5. Workshop on “Important Considerations for Introducing Nuclear Power in ASEAN: Can Regional Cooperation be Attractive for Nuclear Energy Development?” Summary.http://www.n.t.u-tokyo.ac.jp/gcoe/jpn/research/nonproliferation/docs/Summary_Todai-UKM_workshop_31May-1June2010.pdf.   Document 3.
  6. Tөрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого (2009 он). Document 4.
  7. Цөмийн Энергийн хууль  (2009 он). Document 5.
  8. Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр http://politics.time.mn/content/15094.shtml
  9. Э. Амарлин. Н. Алтанхуягийн ярьсан үлгэр дуусахад…2013 оны 11 сарын 13. http://golomt.org/2013/11/13/taleends/
  10. Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д. Одхүүгийн хэлсэн үг, 20, 21-22-р хуудсууд. http://golomt.files.wordpress.com/2011/09/ez-xoroo-bodlogo-heleltsex-esex-tusul-2009-05-26.docx
  11. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 66-р хуралдаан дээр Монгол улсын суурин төлөөлөгч элчин сайд О. Энхцэцэгийн хэлсэн үгнээс.  2011 оны 10 сaрын 7. Нью Йорк. UN Enkhtsetseg Mongolia 7Oct 2011

Дээрхи 7 баримтыг “Хошгируулаад л, хошгироод л байх уу?” нийтлэлээс авсан болно. (http://golomt.org/2014/01/13/hoshgir/)

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Монгол улсад цөмийн хаягдал булшлах аюул заналхийлж буйг илтгэх 7 баримт!”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats