Геологийн шинэ эринд тавтай морил

Агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 400 нэгж давлаа

Тухай:

Та энэ сарын [11 сарын] 11-нд хаана байсан бэ? Тэр өдөр ямар чухал үйл явдал болсныг дуулсан уу? Хэрэв мэдэлгүй өнгөрсөн бол тэр нэгэн лхагва гариг хэдэн жилийн дараа дэлхийн түүхийг өөрчилсөн өдөр хэмээн тэмдэглэгдэхийг яг одоо тогтоогоод аваарай.
Хавайн Мауна Лоагийн ажиглалтын төв бол агаар мандал дахь нүүрстөрөгчийг хэмждэг, хамгийн олон жил байнгын ажиллагаатай буй, хамгийн нарийвчилсан тооцоо гаргадаг газрын нэг юм. Тус төвийн мэргэжилтнүүд энэ сарын 11-нд дэлхийн агаар мандал дахь сая молекул тутамд ногдох нүүрсхүчлийн хийн хоногийн дундаж хэмжээ шинэ дээд цэгт буюу 399.68 нэгжид хүрснийг тэмдэглэжээ. Харин дараа өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 12-нд эл тоо 401.64-т хүрч, түүнээс хойш агаар дахь нүүрстөрөгч 400 ппм-ээс буугаагүй байна.

Нүүрсхүчлийн хий бол өнөө бидний гэрч нь болж байгаа уур амьсгалын хурдтай өөрчлөлтийн гол өдөөгч юм. Хатуу түлшнээс ялгардаг энэ хорт хий агаар мандалд хуралдаж, дэлхийг дулааруулж, цаг агаарын зүй тогтлыг эвдэн, далай тэнгисийн түрлэгийг хүртэл өөрчилж, их усан айг исэлдүүлж, далайн экосистемийг сүйтгэсээр байгаа. Харин гурван долоо хоногийн өмнө нүүрстөрөгчийн хэмжээ шинэ дээд хязгаарыг давснаар гариг дэлхийн түүхэнд геологийн шинэ эрин эхлээд байна.
Улирагч сая жилийн хугацаанд, бүр нарийвчлан үзвээс бараг 25 сая жилд дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл 400 ппм-ээс давсан удаагүй. Уур амьсгал судлаач, салбартаа тэргүүлэгч эрдэмтний нэг Ральф Килингийн тэмдэглэснээр өнгөрөгч арваннэгдүгээр сарын 11 бол нүүрстөрөгчийн хоногийн дундаж хэмжээ сая молекул тутамд 400 нэгжээс бага байх, түүхэн дэх сүүлчийн өдөр байлаа. Профессор Килинг бол АНУ-ын Калифорнийн их сургуулийн Сан Диего хот дахь салбарын харьяа Скриппсийн далай судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, Мауна Лоагийн ажиглалт, тандалтын дүнг нэгтгэн судлах хөтөлбөрийн ахлагч юм.

Килингийн нэр түүнийг уур амьсгал судлаач болохоос ч өмнө шинжлэх ухааны ертөнцөд танигдаад байсан нь түүний аав Чарльз Дэвид Килингтэй холбоотой. Чарльз Килинг Антарктид дахь АНУ-ын ажиглалтын төв болон Мауна Лоад 1958 оноос судалгаа хийж, агаар мандал дахь нүүрстөрөгчийг хэмжиж эхэлжээ. Тэр үед агаар дахь нүүрсхүчлийн хийн хоногийн дундаж хэмжээ 316 ппм байж. Түүний сайтар нарийвчлалтай, дундаа нэг ч тасраагүй хэмжилт нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл зогсолтгүй өсөж байгааг тогтоосон анхны томоохон судалгаа байсан тул нүүрстөрөгчийн өсөлт, бууралтыг тэмдэглэдэг тусгай хүснэгтийг өдгөө Килингийн бичээс гэдэг.

Нүүрсхүчлийн хийн хэмжээ яагаад энэ өдрүүдэд 400 нэгж давав? Залуу Килингийн хэлснээр Килингийн бичээс нь хөрөөний ир шиг давтамжтай гэнэ. Жил бүрийн есдүгээр сараас дараа оных нь тавдугаар сар хүртэлх хугацаанд Мауна Лоагийн ажиглалтын төвийн хэмжилтийн багаж дээрх нүүрсхүчлийн хийн хэмжээ үргэлжид өсдөг нь энэ хугацаанд өмнөх саруудад бүрэлдсэн нүүрстөрөгч агаар мандалд нэвтэрдэгтэй холбоотой аж. Харин тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд бөмбөрцгийн хойд хагаст зун болж, ургамал ногоо дэлгэрэн агаар дахь нүүрстөрөгчийг сорж, шингээдэг тул нүүрсхүчлийн хийн өнөөх өссөн хэмжээ ойролцоогоор хоёр ппм-ээр буурдаг байна. Гэсэн ч дэлхийн умард хэсэгт намар болж, навч цэцэгс хагдарч эхлэхэд их хэмжээний нүүрсхүчил дахин агаарт дэгдэнэ. Тэгэхээр жил бүрийн есдүгээр сард өнөөх хэмжээ дахиад л өсдөг гэсэн үг.

Мауна Лоагийн хэмжилтээр агаар дахь нүүрстөрөгч 400 ппм-д дөхөж очсон анхны тохилдол 2013 оны тавдугаар сард бүртгэгджээ. Гэхдээ тэр нь хэдхэн хоног л үргэлжилсэн байна. Дараагийн ийм давтамж ноднин намар тохиож, нүүрсхүчлийн хийн хэмжээ 400 нэгжид хүрэх дөхсөн өдрүүд бараг сар хэртэй үргэлжилсэн байх юм. Харин энэ жил зуны сүүл сард л ялигүй буурсныг эс тооцвол зогсолтгүй өссөөр ийнхүү шинэ дээд хязгаарт хүрсэн нь энэ.

Ральф Килингийн баталж буйгаар агаар мандал дахь нүүрхүчлийн хийн хоногийн ч, сарын ч дундаж хэмжээ нь 400 нэгжээс бага гарах, түүхэн дэх сүүлчийн жил нь энэ он гэнэ. Одоо үүнээс хойш зун хэчнээн дэлгэр байж, хүн төрөлхтөн яаж ч мод тариад эл тоо 399-ээс буурахгүй гэдгийг тэрбээр онцолжээ. Энэ жил Эль Нино хэмээгдэх агаарын урсгал 1997 оноос хойших хамгийн хүчтэй эргэлтэд байгаа нь бас нэрмээс болж байна. Бөмбөрцгийн өмнөд хагасын цаг уурт үлэмж нөлөөтэй, далай болон агаар мандал хоорондох агаарын урсгалыг зохицуулагч эл хэлбэлзэл нь халуун, дулаан бүсийн эх газраас хур бороог тууж, далай тэнгис рүү түрдэг, тэгснээрээ экваторын бүслүүр орчмын ой ширэнгийг хуурайшуулж, бүр ган гачиг нүүрлүүлэх нь ч бий. Эль Ниногийн энэхүү урсгал энэ жил хүчтэй байхад Индонезийн түймэр ихэд нөлөөлжээ. Өдөр өнжилгүй дүрэлзсэн тэрхүү их түймрээс болж тус улс энэ жил агаар мандал дахь нүүрхүчлийн хоёр дахь гол “үйлдвэрлэгч” байлаа. Индонезийн их ой ширэнгэ энэ оных шиг түймэрт автсан сүүлчийн томоохон гамшиг 1997 онд буюу Эль Ниногийн урсгал хүчтэй байсан мөн л сүүлчийн тохиолдолтой давхцаж байх юм.

Агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 400 нэгж давснаар хүн төрөлхтөн хийгээд манай гариг дэлхийн хувьд шинэ үе эхэлж байна. Шувтарч буй 2015 он түүхэн дэх хамгийн халуун жилээр тодроод байгаа нь үүнийг нотлох наад захын жишээ. Эль Ниногийн хүч аажмаар сулрахад ирэх 2-3 жилд агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл үл ялиг буурах магадлалтай. Гэлээ ч мөнөөх “аймшигт” тоо 400 нэгжээс дахин хэзээ ч буухгүй гэдэгт салбартаа тэргүүлэгч Килинг нарын мэргэжилтнүүд саналж нийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Эль Нино “тайвшрах” ч далдын аюулууд сэрсээр байх нь. Харин тэр бүхэн хэчнээн хор хөнөөлтэй байхыг одоогоор хэн ч таамаглаж чадахгүй.

0 Сэтгэгдэл бичэх: “Геологийн шинэ эринд тавтай морил”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

July 2017
M T W T F S S
« Jun    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats