МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЦӨМИЙН ХАЯГДАЛЫГ БУЛШЛАХ АГУУЛАХ БОЛОХ УУ?

Тухай:

“Цөмийн эрчим хүч бол хамгийн цэвэр, ногоон эх үүсвэр юм” маягийн утгатай өгүүлбэрийг та хаа нэгтээ сонссон байх. “Дэлхий даяар ногоон эрчим хүч ярьж, тогтвортой хөгжлийн зорилтууд батлагдаж байхад цөмийн эрчим хүчийг эсэргүүцдэг хүн бол хөгжлийг гацаагч…” Иймэрхүү утгатай зүйлийг ч та бас дуулсан байх. Ойрын ирээдүйд ч бүр их сонсох нь гарцаагүй.

Маш их аюултай, асар өндөр өртөгтэй цөмийн эрчим хүчийг ‘ногоон’ гэж ухуулах нь харин хэний ашиг сонирхол вэ? Өндөр хөгжилтэй улс орнууд өдийг хүртэл цөмийн хаягдлыг аюулгүй, хямд хадгалах нэгдсэн систем боловсруулж чадаагүй, өдрөөс өдөрт илүү их бэрхшээлтэй тулгарч буй нь факт юм. (http://www.theengineer.co.uk/in-depth/disposing-of-the-worlds-nuclear-waste/279490.article) Тийм ч учир сүүлийн хэдэн жил буурай хөгжилтэй орнуудад, тэр тусмаа Монгол улсад дэлхийн цөмийн хаягдал булшлах агуулах бий болгох нь гэсэн түгшүүр дэгдээд буй юм. (http://www.asianews.it/news-en/Mongolia-‘is-likely-to-become-the-world’s-nuclear-dustbin’-29846.html) Энэ асуудал гэрээ хэлэлцээр хийгдэх түвшинд яригдсан бөгөөд нэр хүндтэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. (http://www.reuters.com/article/2011/05/09/us-energy-nuclear-mongolia-idUSTRE74805020110509)

Монголчууд уран олборлох мөн цацраг идэвхт хаягдал хадгалах хоёрыг хоорондоо холбоогүй процесс гэж боддог. Бодит байдал дээр харин энэ 2 нягт холбоотой юм. АНУ-ын засгийн газрын нэг албан тушаалтны ярьснаар Вашингтон Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират улсуудтай цөмийн түлшийг лизинг хийх гэрээ хэлэлцээр хийж байгаа аж. Цөмийн түлшний лизинг гэдэг нь манайх шиг ураны нөөцтэй улс уран аа олборлож, баяжуулж, түлш болгож боловсруулсныхаа дараа гадагшаа зарж дараа нь ашиглагдсан түлшний элдэв хаягдлыг нь буцааж авах механизм юм. (http://www.nytimes.com/gwire/2011/08/23/23greenwire-official-us-in-early-talks-about-intl-nuclear-96182.html) Буцааж авна гэдэг нь хэдэн сая жилээр хаягдал хариуцах үй лай бидний толгой дээр бууна гэсэн уг юм.

Цөмийн эрчим хүчийг хямд гэж сурталддаг нь харин ямар учиртай вэ? Олборлож буй газрын байгаль орчин, өв соёл, ажилчид, нутгийн ард иргэдэд учруулж буй хор хохирол, цөмийн циклийн хаягдлын хадгалалт зэргийг олборлолтын зардалд оруулдаггүй, мөн бусад эрсдэлийг тооцдоггүйд учир нь байгаа юм. Ингэснээр мэдээж ашиг нь ихэсдэг. Тооцогддоггүй иймэрхүү зардлуудыг эдийн засагт externality гэдэг бөгөөд зөвхөн уул уурхайгаар хязгаарлагддаггүй.Аюулгүй, эрсдэлгүй юм шиг мөртлөө асар их хор хөнөөл агуулсан цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийг Дэлхийн Банк “том цагаан заан” гэж хочилдог нь ийм учиртай. Атомын цахилгаан станцаас ялгардаг онц аюултай цөмийн хаягдлыг хэдэн зуун мянган жил, заримдаа сая жилээр ч  хамгаалах шаардлагатай болдог. Гэтэл “энэ хугацаа нь хүн төрөлхтний түүхэнд байсан аль ч институцийн оршин тогтносон хугацаанаас хавьгүй урт хугацаа” байдаг. (http://golomt.org/2015/05/28/nonuke/#more-7294)

Орчин цагийн колоничлол хууль, соёл, хэрэглээний фетишизмээр дамжин явагддаг нь нууц биш юм. Манай Цөмийн энергийн тухай хууль ч үүний нэг жишээ. Тус хуулийн 9.1.8д “цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд АЮУЛГҮЙ хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэххэмээн заасан байна. АЮУЛГҮЙ ХАДГАЛАХ БОЛОМЖГҮЙ гэдгийг хамгийн өндөр технологи, боловсон хүчинтэй улс орнууд хүлээн зөвшөөрөөд байхад манайх хуульдаа ингэж оруулна гэдэг яавч Монголын ашиг сонирхлыг тусгаагүйн илрэл. Ёр нь энэ хууль уран олборлох, мөн цаашдаа хаягдал хадгалах ажлын төлөвлөгөө шиг сэтгэгдэл төрүүлдэг. http://www.legalinfo.mn/law/details/97 Тус хуулийн цоорхойг дэлгэрэнгүй шүүмжилсэн судалгааг Голомт ЦЭХ-ийн хуудаснаас үзнэ үү! (http://golomt.org/category/%D1%86%D3%A9%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%B0%D1%8F%D0%B3%D0%B4%D0%B0%D0%BB-%D1%86%D3%A9%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D1%8E%D1%83%D0%BB/%D1%86%D0%BE%D0%BE%D1%80%D1%85%D0%BE%D0%B9-%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C/)nuclear cycle

Дээр дурдсан цөмийн түлшийг лийз хийх санаачлаг нь цөмийн эрчим хүчний реактор болон цөмийн хаягдлыг хадгалах цогц систем санал болгож буй ОХУ, Франц хоёр мөн хаягдал аа хадгалах талбайгүй Америк, Япон хоёрын хооронд болж буй зөрчлийн нэг хэсэг аж ээ. Энэ санаачлаг нь гадаад валютын гачигдалтай, авилгал хээл хахууль нүүрлэсэн Монгол шиг улсад хэрэгжих өндөр магадлалтайг онцгойлон дурджээ. (http://www.newsmax.com/KenTimmerman/nuclearwaste-Mongolia-UAE-DanielPoneman/2011/07/18/id/403983/) Манайх мөн өгөөмөр улс тул Цөмийн энергийн тухай хуульдаа (9.1.3-т) “цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ” гээд заачихсан байгаа. Үүнийг бид харин өглөө болгон санаж байх хэрэгтэй. 

Хавсралт

Орчуулсан О.Жаргалсайхан (https://www.facebook.com/jargalsaikhan.ochirkhuu/posts/787899274671476?hc_location=ufi)

Айкава Харүюүки

“Юу ч мэдэхгүй яваа монголчуудад та туслаач. Монгол япончуудтай ойр байдаг тул танай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө байх л ёстой доо” америкийн цөмийн мэргэжилтний хэлсэн үг

Япон- Америкийн оролцоотойгоор Монголд ашигласан цөмийн түлшний агуулах, уцэслэн устгах байгууламж барих төлөвлөгөө 2010 оны намраас Японы ЭЗАҮЯ, АНУ-ын ЭХЯ зэрэг байгууллагууд нууцаар гэрээ хэлэлцээр хийж ирсэнийг өнгөрсөн оны буюу 2011 оны 4-р сарын 9-ний өдөр америкийн мэргэжилтнүүдтэй утсаар холбогдож ярилцлага авч байхдаа анх мэдсэн билээ.
Үүнээс 1 сарын өмнөхөн зүүн Японыг хамарсан их газар хөдлөлт болж чухам л байж суухын аргагүй өдрүүд үргэлжилсээр байсан юм. Миний бие 1987 онд Иватэ мужийн салбарт ажлынхаа анхны гарааг эхэлж байсан билээ. Гамшигт өртсөн зүүн хойт нутгийн талаар бодох тусам би ямар тус нэмэр болж чадах вэ гэж өөрөө өөрөөсөө асууж алс холын Лондонд суугаа ч сэтгэл минь тэр зүг байсан билээ.
Яг тийм үед гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах ажил өрнүүлж байсан ахлах сургуулийн найз маань надад “ дархан хүн урландаа” гэж үг байдаг даа гэж зөвлөсөн юм. Санаа сэтгэл маань шулуудлаа. Ахлах сургуульд байхаасаа сонирхож миний хамгийн сайн бичдэг салбар, сэдэв яах аргагүй цөмийн асуудал, тиймээс ул суурьтай бичихээс өөр аргагүй. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид, ОУЦЭХА зэрэг олон жилийн турш хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс рүүгээ улайстал утас цохиж ярилцлаа. Түүний нэг нь дээрх санааг хэлсэн америкийн цөмийн мэргэжилтэн юм.

Амандаа орсон “ шар тос”-ыг хэлээр түлхэхгүй нь бололтой

4-р сарын 22-ны өдөр, Монголын нийслэл Улаанбаатарт буулаа. Нэгэн кафегийн тусгай өрөөнд уулзсан хүн бол Монголын ГХЯ-ны тусгай үүрэгт элчин сайд асан Ундраа байлаа.
Ярилцлага маань гүнзгийрээд ирэхийн алдад тохиролцсон ёсоор монгол орчуулагчийг өрөөнөөс гарахыг хүссэн юм. Би ч дуу хураагуураа унтраав. Англи хэлээр ярилцаж эхлэнгүүт А. Ундраа ч биеэ барилгүй, байдал янз нь өөрчлөгдөөд эхэллээ. Хэлэлцээний үүх түүх, зорилго, цөмийн хог хаягдлыг устгах байгууламжийг барихаар төлөвлөж буй газрыг хүртэл хэлж яриа өрнөлөө. 2 цаг гаруй ярилцсан ярианы төгсгөлд тэрээр “ Австралид ч ийм төлөвлөгөө хийх гэж байгаа гэж сонссон, ямарч мэдээлэл байж болно, та дуулсан сонссоноо надад хэлж байгаарай” гэж хүссэн юм. Амандаа орсон “шар тосыг” хэлээрээ түлхэхгүй гэсэн Монголын Засгийн газрын хүсэл байгаа нь илт мэдрэгдэж байлаа.

Ярилцлага авсныхаа дараа Монголын Засгийн газраас уг байгууламжийг барихаар төлөвлөж буй 3 газрыг газар дээр нь очиж үзэхээр боллоо. Уг олон улсын байгууламжийг барихаар зөвшөөрөх юм бол америк, япон хариуд нь цөмийн эрчим хүчний технологийг монголд нийлүүлэх аж.
GPS ашиглан тал нутгийн замгүй энхэл донхол газар машинаар баахан давхилаа. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүг 200 гаруй км давхисны эцэст хуучин цэргийн нисэх хүчний бааз байсан газарт очсон ба ерөөс 3 газар гурвуулаа усгүй хуурай газар байсан билээ. АЦС-ын реакторын хөргүүрийн системд ус зайлшгүй тул усны эх булаг тэр хавийн газар байх янз алга. Газрын зураг дээр тэмдэглээстэй байсан нуур нь аль хэдийн ширгэсэн байв.
Усгүй газар АЦС барих тухай ойлголт байхгүй гэдэг нь мэргэжилтнүүдийн хувьд мэдээжийн асуудал билээ. Хачирхан байж монголын цөмийн эрчим хүчний мэргэжилтнээс хэд дахин асуусан ч “ ОУЦЭХА-ийн шаардлагыг хангасан газар даа” гэхээс өөрийг сонссонгүй. Монголын талаар сайн мэддэг японы ЭЗАҮЯ-ны мэргэжилтэн танил маань “ монголчууд чадварлаг улс, гэхдээ цөмийн эрчим хүчний талаархи мэдлэг жаахан тийм дээ” гэж байсан нь санаанд буулаа.

Цөмийн асуудлаар “ харанхуй” гэж хэлж болохоор монголд америк, япон цөмийн хог хаягдлын эцсийн устгал хийх олон улсын байгууламж барихаар төлөвлөж байдаг.

Наото Каны Засгийн газар “ шинэ хөгжлийн стратеги” төлөвлөгөөндөө АЦС экспортлохыг эн тэргүүнд тавьсан ч дотооддоо ашигласан цөмийн түлшийг авах газар байхгүй. “ АЦС+цөмийн хог хаягдлаа буцааж авах” гэсэн цогц борлуулалтыг Орос, Франц зэрэг улс хэрэгжүүлж байгаатай өрсөлдөх ажээ. Японы талын зуучлагч нэг нөхрийн яриагаар бол энэ төлөвлөгөө “ АЦС импортлоход гарах бэрхшээлийг нөхөх санаатай” гэж тайлбарлаж байлаа.

Америкийн тухайд цөмийн зэвсэгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг хадгалах улс орныг олж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх бодлогоо барих нь ашигтай. Иймэрхүү янз бүрийн л учир жанцан байгаа, гэхдээ л монгол одоогоор уран олзворлохоор дөнгөж гараа хүргэж эхэлж байгаа, АЦС-ын сөрөг талыг тэр бүр мэдэхгүй, тэр байтугай ард иргэддээ юуг ч тайлбарлалгүйгээр цөмийн хог хаягдлыг бүүр байтугай бусдын аюултай хог хаягдлыг авна гэдэг байж боломгүй зүйл гэж мэдэрч байлаа.
Монголд байхдаа “ Нэг өдрийнхөө цалинг Японд” хэмээн олон хүн цалингаа хандивлаж байгааг сонсож мэдэв. Оюутан байхдаа очиж байсан Мияаги мужийн гамшигт нэрвэгдэгсдийг урихаар зэхэж байгаа сайн санаат хүмүүстэй ч уулзахаар очлоо. Монгол хүний халуун дулаан сэтгэлд талархаж нулимс асгаруулахад орчуулагч маань “ та уйлхай юм аа” гэж хэлж байв. Тэрхүү нууц хэлэлцээг хийхээр хөөцөлдөж буй Япон хэмээх улсын иргэн хүний хувьд надад үнэхээрийн ичгүүртэй санагдаж байсан билээ.

Хойч үеийн өмнө хүлээх хариуцлага хүнд

Фүкүшима-1 АЦС-ын цөмийн ослын дараа АЦС хэрэгтэй юү, үгүй юү гэх яриа ихэд идэвхжсэн билээ. АЦС-ын үйл ажиллагааг зогсоохоос эхлээд японы эрчим хүч, эдийн засаг, аж үйлдвэрлэл, аюулгүйн бодлогын үүднээс эргэцүүлвэл АЦС зайлшгүй байх ёстой гэж үзэгсэд ч цөөнгүй, үзэл бодол олон ургальч байв. Альч сонголтыг хийсэн цөмийн хог хаягдал тойрсон асуудал заавал босч ирнэ.
Эхлээд Финландыг зорилоо. Бүх мэдээллийг нээлттэй болгож, Финланд загвар хэмээх нэрээр алдаршсан хэв шинжийг ашиглаж, дотооддоо ашигласан цөмийн түлшийн эцсийн устгал хийх байгууламжийг байгуулахаар зорьсон улс болохоор тэр юм. “ Ашигласан цөмийн түлшинд багаар бодоход 100 мянган жил гаруй аюулгүйн менежмент хийх хэрэгцээтэй байдаг” гэх мэргэжилтний үг сэтгэлд минь хадаатай үлдсэн юм.
Дэлхийд хамгийн их плутон хуримтлагдсан улс бол Англи улс, үүнийхээ арга чаргыг олох гэж нэлээд зовж буй Мөрөөдлийн эрчим хүчний нэгэн ундарга гэгддэг плутоныг яаж ашиглах арга зам мухардсан. Плутоныг “ хаях” талаар төсөөлж ч байгаагүй, одоогоор зарим хэсгийг булшлах замаар устгах аргын талаар судлаж байгаа улс юм.
Миний бие өөрийн цуглуулсан материалдаа тулгуурлан хойч үедээ хүлээх хариуцлага гэдэг үгийг хүчтэй ухамсарлах болов. 1954 онд дэлхийд анх удаа ЗХУ-д АЦС бригдаж ашиглалтад орсноос хойш бидний үе АЦС-аас эрчим хүчээр хангагдаж элбэг хангалуун амьдралаар амьдарч ирсэн билээ. Цөмийн эрчим хүчний давуу талыг амсаж эдэлж ирсэн бидний үе аюултай цөмийн хог хаягдлаа болохоор хойч үедээ үлдээх нь лав л хойч үедээ хүлээх үүрэг хариуцлага л лав биш байх ёстой.

“ Зөвхөн цөмийн эрчим хүчний асуудлаар хязгаарлагдахгүй юм. Бидний үе хойчийн явдлыг эргэцүүлэхгүйгээр нефть, нүүрс зэрэгээ ч хайр гамгүй эдлээд дуусчихлаа даа” гэх Финландын албаны хүний шүүрс алдан ярьсан яриа сэтгэлд минь тодхон үлджээ.
Майничи сонинд гарсан мэдээллийн дараагаас Монголын дотоодод ашигласан цөмийн түлшний байгууламж байгуулахыг эсэргүүцэх, мэдээллийг нээлттэй ил тод болгох хөдөлгөөн өрнөсөн юм. Үүнээс улбаалж Элбэгдорж ерөнхийлөгч өнгөрсөн оны 9-р сард НҮБ-ын нэгдсэн чуулган дээр “ Устгах байгууламж барихыг зөвшөөрөхгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
“ Цөмийн манаач” болох ОУЦЭХА-ийн захирал Амано “ өөрийн ашиглаад гаргасан хог хаягдлыг өөрөө л хариуцах нь зүйд нийцнэ, энэ бол үндсэн зарчим, бусдад тулгах санаа бол байж болшгүй дэндүү зөөлчилсөн яриа” гэж хэлсэн билээ. Гэвч одоогоор цөмийн хог хаягдлын асуудлын шийдлийг хүн төрөлхтөн хараахан олоогүй байна.
Цөмийн түлшний циклд ирээдүй алга байна

Ганцхан грамм нь 1 килолитр нефтийн гаргах эрчим хүчтэй тэнцүү энерги гаргах хүчтэй плутон. Плутон, ураны холимог түлш MOX-ыг өндөр хурдасгуур ашигласан цөмийн тогоонд шатаавал хаягдлын хэмжээнээс илүү плутоныг гаргаж авах юм. Ийм мөрөөдлийн реактор болох өндөр хурдасгуур ашигласан “плутон өсгөвөрийн” реактор бүтээх технологи хэрэгжих шатандаа удааширсаар байна. Үүнээс болж Японд хуримтлагдсан плутоноо хадгалах газар байхгүй, яаж устгахаа мэдэхгүй барьц алдаж онцгой нөхцөл байдалд ороод байна.
Япон улс Фүкүй мужид 1985 онд “Монжюү” хэмээх өндөр хурдасгуурт цөмийн өсгөвөр реактор байгуулж эхэлсэн ба 1995 онд цөмийн эрчим хүчийг гарган авч амжилт олсон.Мөн оны 12-р сард хөргөлтийн материал натри дэвэрсний улмаас осол гарч зогссон ба 2010 онд дахин үйл ажиллагаа явуулсан боловч осол гэмтлээс салахгүй байна.
Японы Засгийн газар энэхүү өндөр хурдасгуурт цөмийн өсгөвөр реактор байгуулахын урьтал болгож ураныг түлш болгон ашигладаг АЦС-ын ашигласан цөмийн түлшнээс плутоныг ялган авч ирлээ. 10 жил хүрэхгүй хугацаанд хуримтлагдсан плутон 45 тонн болжээ.
Ашиглах арга замаа мэдэхгүй байгаа ийм их плутоныг хадгалах нь терроризмын эсрэг тал дээр ч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл мөн. Нөгөө талаар плутоноос ялгарах цацраг хүний биеийн дотор эрхтэн уушиг, элэг, ясанд нэвчин хуримтлагдвал хорт хавдар үүсгэх хамгийн эрсдэлт хүчин зүйл болох юм. Фүкүшима-1 АЦС-ын цөмийн осолын дараа уг станцын нутаг дэвсгэрээс гадуур ч илэрч байгаа тул аюулгүйн асар сайн менежмент хэрэгтэй болж байна.
1997 онд АЦС-ыг уран, плутоны холимог MOX түлшийг ашиглах “Plutonium thermal төлөвлөгөө” буюу цөмийн түлшийг дахин боловсруулах циклийг ашиглахыг зөвшөөрсөн юм. 2015 он хүртэл 16-18 реакторт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Гэвч орон нутгийн засаг захиргаа иргэдийн зөвшөөрөл авах асуудал ихээхэн бэрхшээлтэй байгаа ба уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа нь ердөө 4 реактор юм. Үүний нэг нь хаагдаад байгаа Фүкүшима-1 АЦС-ын 3-р реактор юм. Фүкүшимагийн ослоос үүдэн уг төлөвлөгөө хэрэгжихэд бэрхшээл их байна.
Цаашдаа АЦС-ыг дахин шинээр барихгүйгээр ашиглах хугацаа нь дууссаныг нь бүрмөсөн зогсолт хийх арга замаар АЦС-гүй болох бодлого барьвал плутон боловсруулахгүй, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулахгүйгээр шууд газрын гүнд булах арга хэрэглэхээс өөр замгүй юм. Ашигласан цөмийн түлшнээс гарган авсан MOX түлшийг хямд зардлаар ашигтайгаар устгах арга замыг нээж олоогүй, цөмийн түлшний циклийн ирээдүй бүрхэг байгаа нь бодитой юм.

Америк жолоодлоготой цөмийн стратеги бартаат замд

Б.Обамагийн засаглал “ цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц” нэрийн доор АНУ-ын удирдлагаар цөмийн хяналт менежментийг гартаа оруулахаар зорьж буй. Монголд цөмийн хог хаягдлын байгууламж байгуулах төлөвлөгөө ч түүний нэг хэсэг.
АЦС-ын цөмийн түлшийг дахин боловсруулах циклд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулаад гаргаж ялгаж авсан плутоныг түлш болгон дахин ашигладаг. Плутон нь цөмийн зэвсгийн түүхий эд болдог тул Хойт Солонгос яг ийм аргаар цөмийн зэвсэг бүтээсэн. Ойрхи дорнод болон Азид АЦС-ыг нийлүүлэхийг зорих болсон өнөө үед “ Хоёр дахь Умард Солонгос” төрөхийг үгүйсгэх аргагүй.
АЦС-ын бизнес ийнхүү өргөжих хэрээр плутоныг зэвсгийн зориулалтаар ашиглахаас сэргийлэх, үүний тулд ашигласан цөмийн түлшийг АЦС-ыг импортолсон орон нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээрээр дахин боловсруулахыг хатуу хориглож байх, АНУ өөрөө авбал зохих ч Япон ч ялгаагүй дотооддоо хадгалах газар байхгүй юм. Нөлөөлж чадах, найрамдалт улс оронд ашигласан цөмийн түлш зэрэг цөмийн хог хаягдлаа түр хугацаанд хадгалуулах, эцсийн устгал хийх байгууламж барих явдал юм. Энэхүү эмгэнэлт жүжиг нь Монгол байлаа.
Олон улсын цөмийн хог хаягдлыг байршуулах байгууламж барих санаа 2002 онд Ираны нууцаар цөмийн зэвсэг хийх судалгаа явагдаж байснаас хойш ОУЦЭХА-т хурцаар тавигдаж байв. Австрали улсад нэг хэсэг судлагдаж байснаас өөрөөр иргэдийнх нь хүчтэй эсэргүүцлийн улмаас цөмийн хог хаягдлыг өөр дээрээ хүлээж авах гэсэн улс орон байхгүй билээ.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЦӨМИЙН ХАЯГДАЛЫГ БУЛШЛАХ АГУУЛАХ БОЛОХ УУ?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats