Соёлын шарх (хэсэг 2)

Тухай:

Үүнээс наад захын жишээ дурдвал эдийн засгийн салбарт хүний нийгмийн болон улс төрийн амьдралаас тасархай, бодит амьдралаас хэтэрхий зөрөөтэй худал онолуудыг ширүүн шүүмжилж энэ тухай маргаан тасралтгүй үргэлжилж, энэ маргааныг даган үзэл суртлын хийгээд ангийн тэмцлийн чанартай сонирхлын хурц зөрчил мөргөлдөөн явагдаж байна. Жишээ нь “Улс үндэстний баялаг” зохиолоороо алдаршсан Адам Смитийн “чөлөөт зах зээл” гэсэн онолыг эрдэмтэд амьдралд огт нийцэхгүй байгааг харуулжээ. Тэр үеийн анагаах ухааны цусны эргэлтийн системд тулгуурлаж ийнхүү онолдохдоо хүний судсаар цус саадгүй гүйвэл цусны эргэлт сайн, цусны эргэлт хэдий сайн хүний эрүүл мэнд төдий сайн гэдэгтэй адил капитал хэдий чөлөөтэй гүйж эргэж байна нийгэм эдийн засаг төдий чинээ хурдан хөгжиж хүчирхэгжинэ гэж үзжээ. Гэвч өнөөдөр Чомскигээс аваад нөлөө бүхий эрдэмтэд “чөлөөт зах зээл” гэж огт байдаггүй, чөлөөт зах зээл гэсэн онол нь аль болох капиталыг хууль эрх зүй, татвараас чөлөөлж, капиталын эргэлтээс улам их ашиг унагах гэсэн зорилгоор зогсохгүй, тэрхүү хууль эрх зүйг баячуудад тааруулж өөрчилж өгч байгаа улс төрчдийг эргээж хариуцлагат тооцох аргагүй болгох, хариуцлагын эзнийг өнгөлөн далдлах гэсэн л арга заль гэжээ. Америкаас аваад аж үйлдвэржсэн бүхий л орнууд аль нь ч төрийн оролцоот, нарийн бодож боловсруулж, төлөвлөсөн улс төрийн эдийн засгийн бодлого явуулж, нэг үгээр хэлбэл төрийн капитализмын шинжтэй аж ахуйн бодлого явуулж ирснээр ийнхүү амжилттай аж үйлдвэржсэн байна. Эдийн засгийн төлөвлөсөн төвлөрсөн эдийн засаг буюу чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж ялгадаг онол бодит амьдралд огт таардаггүй. Хуучин ЗХУ ч бай АНУ ба Япон ч бай төрийн нарийн төлөвлөгөөт эдийн засаг байсан бөгөөд ялгаа нь дээрхид биш харин ямар төлөвлөлтөөр яаж хөгжүүлэв гэдэгт л бий гэжээ.

Неолибералистуудын сүүлийн 30 жилд амжилттай түгээсэн чөлөөт зах зээлийн онол нь нэгт гуравдагч орнуудыг хөгжихөд нь саад тогтор болж, нөгөөтэйгүүр Пентагон америк иргэдийн татвараар цэрэг армийн техникийн чиглэлтэй том концернуудыг санхүүжүүлж буйгаа өөрийн иргэдээс нууж халхлах зорилготой аж. Хэрэв гуравдагч орнууд төрийн оролцоот капитализмыг ойлгож хэргэжүүлж аж үйлдвэржиж хөгжиж ирвэл цаашид нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчний эх үүсвэр, ашигт малтмал, байгалийн баялагийн нөөц улам хомсдож, өрсөлдөөн улам ширүүсэх нь мэдээж хэрэг юм. Хятадыг зах зээлээ чөлөөлсөнгүй, тиймээс нийгмээ ардчилсангүй гэж байнга муулж ирсэн нь үнэндээ Хятадыг ардчилсан болсонгүйд их санаа зовьнож, гомдож гонсойсон хэрэг биш, харин Америкт ашигтай өргөөр тоглохгүй, өөртөө ашигтайгаар (үнэн хэрэгтээ өөртөө ч өрөөл бусдадч хортой) тоглоод улам хүчтэй өрсөлдөгч болж ирж байгаад нь л эгдүүцсэн хэрэг байлаа. Тэдний толгойд гуравдагч орнуудын засгийн газрууд ийнхүү санаатай явуулсан гуйвуулгаар төөрөх нь эргээд авилга завхрал, нийгмийн бухимдал бий болгож, үүнээс хичнээн их хор уршиг гарахыг тооцоолох бодол огт төрдөггүй нь харамсалтай. Өөрсдийнх нь коллатерал дамиж буюу олон талт хор уршиг гэж ярьдаг тэрхүү хор уршиг эргээд өөрсдөд нь ч хортойгоор эргэж болох тухай өнөө хэр нь тооцоолж бодохгүй яваа билээ.

Капиталаа хууль, татвараас зугтаалгахаар барахгүй АНУ-гийн бусад оронтой байгуулсан гэрээгээр далимдуулан гуравдагч орны төр засгийг Олон Улсын Хөрөнгө Оруулагч ба Төр Хоорондын Заргыг Шийдэх Арбитр нэртэй институтээр шүүхэд дуудаж, дааж давшгүй их торгууль нэхдэг болсон баячуудыг журамлах, эрх мэдлийг нь хумих бодлого явуулах

оролдлого хийх л юм бол капиталаа өөр газарт шилжүүлнэ, үйлдвэрээ өөр газарт шилжүүлж олон хүмүүсийг ажилгүйдүүлнэ гэх мэтээр сүрдүүлж, их гүрнүүдийн төр засаг барьцаалагдсан шиг ацан шалаанд ороод байгаа билээ. Хөгжингүй орны засгийн газрууд хамтын хүчээр олон улсын эрх зүй гаргаж, тэр эрх зүйдээ таарсан капитал ялангуяа банк санхүү, татвар, гаалийн хууль батлахгүй бол тэд хэзээд энэ ацан шалаанаасаа гарч чадахгүй, нэг нь хуулиа чангалвал үйлдвэрийн баян эзэн, банкны мөнгө хүүлэгч нартайгаа хамсан хамаг капиталаа өөр нэг оронд шилжүүлнэ гэж айгаад хий дэмий л бие биенээ хардаж суухаас өөр аргагүй болоод байгаа.

Адам Смитийн үзсэнээр хүн балар эртний цагаас аваад өнөөг хүртэл бараа таваар солилцож байдаг, энэ нь хүн төрөлхтний нийгмийн амьдралын салшгүй хэсэг аж. Гэтэл өнөө үеийн хүн судлаач нар Амазонад эртний хүй нэгдлийн гэж болохоор зохион байгуулалтаар амьдарч буй овог аймгуудын дунд хэдэн арван жил үргэлжилсэн судалгаа хийгээд мөнөөхөн бараа таваар солилцдог нийгмийн зайлшгүй үйл ажиллагааг олоогүй байна. Үүнээс гадна неолиберализмын амны уншлага болох “хүн бүрийн амиа хичээж довоо шарлуулсан эдийн засгийн өрсөлдөөн нь эргээд нийт нийгмийн сайн сайхан хийгээд баялагийг бий болгодог” гэсэн онол зүгээр нэг төөрөгдөл биш харин ч улс төр эдийн засгийн нарийн зорилготой санаатай явуулсан гуйвуулга байсныг сүүлийн үед шагшин шуугиж ярих боллоо.

Тэгэхээр олон улсын сэтгэл зүйн салбарт ямар тэмцэл өрнөж буй нь сонирхолтой асуудал юм. Барууны сэтгэл судлал Европын соѐн гэгээрлийн үеэс эрч хүчээ авсан байгалийг бүрэн гүйцэд танин мэдэх, улмаар хүнийг ч танин мэдэх, биет хүний, хувь хүний тухай ойлголт, анагаах ухааны бие ба сэтгэлийг эрс салангид авч үзэх арга дээр тулгуурлаж ирэв. Хүний сэтгэл тооны ухаан болон шинжлэх ухааны арга, технологиор судалж болдог эд зүйлс шиг үзэж хими, физик, биологи, анагаах ухааны нэр томьѐо, онолыг хүчээр хэргэлсээр. Хүний сэтгэл зүйг хүний нийгмийн амьдралаас салгаж ойлгох аргагүй нь мэдээж хэрэг атал хүний сэтгэл зүйг зөвхөн хувь хүнийх нь үүднээс авч үзнэ. Байгалийн шинжлэх ухааны элдэв онолыг арга загвар болгон ашиглах явдал нь мэдээллийн технологийн үед тооцоолон бодох машин, компютерийн програм, Ай Ти зэрэг салбар руу чиглэв. Хүний сэтгэл, оюун ухааныг ердөө л компютрийн програм шиг үздэгийн жишээг тархи судлалынхан хүний тархийг хардвер, эд эсийг нь микросхем, ой санамжийг нь темплэт, оюун ухааныг нь софтвертэй зүйрлүүлж ярьдаг бичдэг болсноос харж болно. Үүнийг зарим эрдэмтэд “тархи судлаач нар радио хүлээн авагч задалж тоглож, туршилт хийж буй хүүхэдтэй адил юм даа, задлах нь яахав механик ойлголтоор задлаад тавьчихаж байгаа юм, харин радиог эргүүлж эвлүүлэхтэй адил эвлүүлж чадахгүй нь харамсалтай.” гэж егөөджээ. Нийгмийн амьдралаас нь салган тайлбарлаж, нийгэм болон эдийн засгийн зохион байгуулалт, харилцаа, хууваарилалтад огт хамаагүй мэт үздэг нь санаандгүй хэрэг биш юм. Ингэж үзэе гэсэн эрдэмтэд байхгүй биш байгаа, гэвч тэдэнд энэхүү салбарт амжилттай ажиллах, судалгаа шинжилгээгээ явуулах нөхцөл боломж олддоггүй ажээ.

Сэтгэл зүйн салбар ингэж хөгжснөөр эрүүл хүнийг өвчтөн мэт ойлгуулж, хүний сэтгэл хөдлөлийн янз бүрийн хэлбэрийг паталогжуулжээ. Одоогоор сэтгэл зүйн өвчний төрөл

зүйл 300 гараад байгаа аж. Үүнийг DSM буюу Diagnostic and Statistical Manual of Mental Disorders хэмээх жагсаалтаас харж болно.

Хувь хүн өөрөө л өвчтэй, үүнд зөвхөн эвдэрсэн машинтай адил хэвийн ажиллаж чадахгүй байгаа тархи нь буруутай мэтээр ойлгуулж олон жил сэтгэл зүйн эмчилгээ нэртэй зөвлөлгөө өгч, сэтгэл зүйч нар энэхүү эмчилгээндээ нилээн их хэмжээний хөлс нэхэж авдаг. Мөлжлөг үүгээр ч зогсохгүй. Маш олон төрлийн эм тариа бичиж өгч хэргэлүүлдэг учир эмийн үйлдвэр хичнээн их ашигтай бизнес хийдэг нь ойлгомжтой. Хөөрхий “өвчтөн” “хэргэлэгч” “үйлчлүүлэгч” өөрийнхөө тухай олон жил яриад, маш хүчтэй химийн найрлагатай эм уусаар эдгэхээсээ илүү бүүр ч доордож, сэг сүг болоод дуусна. Хэрвээ сэтгэл зүйч нар үүнтэй эвлрэхгүй тэмцэж, сэтгэл зүйг нийгэмтэй холбоотой хөгжүүлэе гэвэл ийм сургалтыг санхүүжүүлэх төр, концерн, бизнесмэнүүд юу гэж олдох вэ? Тэд юу гэж өөрсдийнх нь явуулж буй үйл ажиллагаа, нийгэмд үүсч буй хор урхагт нь хариуцлагат тооцох гэсэн мэдлэг сургалтыг санхүүжүүлэх хэрэг вэ? Үүнтэй адил өнөөдөр бидний шинжлэх ухаан гэж ойлгоод, хүлээн зөвшөөрөөд, шүтэж бишрээд явдаг олон ойлголт онолд эрх мэдлийн нарийн учир шалтгаан орооцолдсон байдаг. Энэ бүхэн маш өргөн цар хүрээтэй, ээдрээтэй механизм байгааг бид тэр болгон анзаардаггүй. Сэтгэл зүйн зөвлөлгөө авч байгаа хүмүүсийг бид эргээд шударга бус нийгмийн золиос, эдийн засгийн мөлжлөгийн хохирогч гэж ойлгохоосоо илүү өвчтэй хүн гэж ойлгож, тэднийг ад үздэггүй юм аа гэхэд аюултай хүмүүс, яаж ч мэднэ хэмээн зайгаа авах нь элбэг. Ийм механизмыг бүрдүүлж байгаа ноѐрхлын чанартай мэдлэгийн үндсэн шинж тэмдгийг жагсаан харая:

  1. Туйлын үнэн гэж байдаг туйлын үнэнийг хайж олох, олвол хүний нийгэм жаргах юм шиг

хайх.

  1. Гүн ухаан нэгэнт үнэн хайж яваа тул түүнд юу үнэн юу худал, юу зөв юу буруу

болохыг тогтоох ариун үүрэг байдаг.

  1. Нэгэнт ийм үүрэгтэй учир ингэж ялгаж салгах эрхтэй. За ингээд баахан хувааж ялгах процес үйл явц бий болно.
  2. Ниймгийн хүчирхэг бүлэглэл энэхүү явцыг өөртөө ашигтайгаар эргүүлнэ. Тэдний байгуулсан боловсрол мэдлэгийн институт нь хүн нийгэмд хэрхэн биеэ авч явж байгааг эрүүл ухаантай ба галзуу солиотой, хэвийн ба хэвийн бус гэж ангилан тогтооно. Ийнхүү буруу үзэлтэй, галзуу, хэвийн бус хүмүүсээ нийгмээс тусгаарлан хорих. Хорихгүй бол нийгэмд асар их аюул заналхийлэл учруулна гэж үзнэ. Барууны энэхүү ялгаварлан гадуурхах үзэл хэрхэн институтжиж хөгжөөд хүчирхэг механизм болсныг аль загалмайтны шашны суртлаас нь аваад орчин үеийг хүртэл судалж харуулсан хүн нь Мишел Фуко. Түүний үзсэнээр анагаах ухаан, ялангуяа сэтгэл судлал гээч юм өөрөө бор зүрхээрээ гараад ирсэн биш, харин Европын нийгэм эдийн засгийн ширүүн тэмцэл дундаас, нөхцөл дундаас бий болж, харилцан хавсайдаж, хаацайлж, муу муухайгаа нууж хааж, өнгөлөн далдалж ирснийг харуулжээ. Үүнд гүн ухааны үзүүлсэн нөлөө, өгсөн хувь нэмрийг туйлын үнэн хайдаг даалгавартай нь холбож ойлгохоос өөр аргагүй гэж үзжээ.
  3. Соѐн гэгээрлийн үед үнэнийг хайх явдал баараагүй тодорхой мэдлэгийн эрэл хайгуул, хэнээрхэл болж хувирав. Энэ агуа их үйл ажиллагаанд хүнийг гадаад орчноос нь, гадаад орчныг хүний үйл ажиллагаанаас ангид тусдаа мэт үзэж, гадаад орчныг хүчээр зохиомол зохион байгуулалтад оруулах хэнээрхэл, түүний тухай ойлголтыг шинжлэх ухааны онолоор хайрцаглах явдал улам эрч хүчээ авчээ.
  4. Хүний бие сэтгэлийг салангид мэт үзэх. Үүнд Дескарт гэх мэт гүн ухаанч нарын дэвшүүлсэн онол маш их үүрэг роль үзүүлсэн. Түүний үзсэнээр хүний бие ба оюун ухаан салангид бөгөөд, хүний ухаан гадаад орчноосоо бас салангид хөгждөг. Тиймээс хүний оюун ухаанд өөрөөр хэлбэл хувь хүний бөндгөр дотор л туйлын үнэнийг нээж олох ѐстой аж. Энэ үеэс хүний оюун ухаан, тархи, сэтгэл зүйг маш их сонирхож, шинжлэх ухаанаар ухаж, уудалж, ашиглаж болдог эрдэнэсийн уурхай мэт л дайрав.
  5. Кант гэх мэт гүн ухаантан хүний ертөнцийг субьект обьект гэж хуваан, субьект өөрийнхөө толгой доторхоо ойлгодог болсон цагт л хүн төрөлхтөн шашны бурангуй ѐсноос ангижирч, шинжлэх ухаан үнэн баттай мэдлэг олж, олоод хүн төрөлхтнийг жаргаах зам тэгшрэх юм шиг суртал номлов. Ийнхүү Европын нийгэмд хүн бүр өөрийнхөө тухай байнга бодох, өөрийгөө чагнах, шиншлэх, шинжлэх ажиллагаа ихээхэн дэлгэрч яваандаа хүн бүр зогсоо зайгүй өөрийнхөө тухай ярих болов. Үүнийг Европын соѐн гэгээрлийн үеэс орчин үе хүртэлх сэтгэл судлал ба урлаг, уран зохиолын аль нь ч тод томруун харуулаад өгнө.
  6. Нийгэм, нийгмийн харилцаа, эдийн засгийн харилцаа, Европын оршин буй орон нутгийн онцлог зэрэг бол хүний сэтгэл зүйд огт хамаагүй мэт ойлгож ирснийг хүмүүнлэгийн ухааны олон салбарт эдгээр хүчин зүйлийг “гадаад хүчин зүйл” буюу externalities гэж үздэгээс харж болно. Байгаль орчныг хамгаалах гэсэн идэвхтэй иргэд эрдэмтэд ийм л онолтой халз тулж, ѐстой л хад мөргөсөнтэй адил болдог билээ. Позитивист, натуралист, эмпирисист, функционалист, когнитивист эрдэмтэд байгалийг танин мэдэхэд судалж буй юмаа ямар ч сэтгэлийн хөдлөлгүйгээр, ямар ч үнэ цэнэ өгөлгүй, өөрөөр хэлбэл ѐс суртахууны ямар ч хэмжүүрт огтхон ч падлийгүй мэт, хүйтэн хөндий рациональ ухаанаар, обьектию зарчмаар судлаж, эмпирисист аргаар зөвхөн фактуудад тулгуурлан бичих ѐстой гэж үздэг байв. Үүний үр дагавар гэвэл байгаль болон хүний тухай тус тусд нь судалж бичсэн эцэс төгсгөлгүй их ном бүтээл, мэдээллийн сан бүрэлдсэн бөгөөд ингэх тусам байгаль ба хүний нийгмийн хоорондын харилцаа орхигдож, улмаар байгалийн танихын аргагүй ариун дагшин чанарыг үгүй хийж нүцгэлж хаяжээ. Энэ явдлын үр дагаварыг онисыг нь тайлж онгойлгосон, цаашид гайхамшигтай чанараа алдсан байгаль буюу англиар demystified world германаар entzauberte Welt хэмээн нэрийддэг.
  7. Соѐн гэгээрлийн гол даалгавар болох баараагүй мэдлэгийг гүн ухааны туйлын үнэний төрөл арилжсан үргэлжлэл гэж үзэхэд буруудахгүй. Дээрх онолыг универсал буюу дэлхийн ямар ч орны ард түмэнд, тухайн цаг үе, нөхцөл байдлыг харгалзахгүйгээр үйлчилнэ гэсэн итгэл үнэмшил байдаг.
  8. Европт түгээмэл цаг хугацааны ойлголт нь шулуун зураас шиг нэг талт хавтгай геометрийн шинжтэй байдаг. Ийм цаг хугацааны тухай ойлголт дээр тулгуурлаж түүх соѐлоо бичихдээ хүн гэнэт тэнгэрээс унаж бууж ирээд тэнгэртээ буцахыг зорилго болгосон мэт чигээрээ явж, ингэж чигээрээ явахдаа анх тэнгэрээс олж ирсэн мэдлэгээрээ хүн төрөлхтний түүхийг бүтээсэн мэт бичиж иржээ. Энэ нь епропын гүн ухаанчдыг хүний амьдрал зөвхөн хүн төвтэй мэт ойлгоход хүргэжээ. Өөрийн өмнөх ухаантнаас өвлөж авсан ойлголтоо нэг бол цаашид магтан дуулах үгүй бол харааж зүхэн цоо шинэ юм гаргаж ирлээ хэмээн хэлбэр нь өөрчлөгдсөнөөс биш агуулга нь ижилхэн юм зогсолтгүй бичээд байсан нь европын гүн ухаан өөрөө амьдралын ямар тэмцэл дундаас, ямар ямар саад бэрхшээлийг дайрч, тойрч, займчиж, заримдаа эргэж буцаж, заримдаа согтуу хүн шиг явсныг харуулахгүй, улмаар ухаант хүмүүс өөрсдөө эрх мэдэлтэй хэрхэн орцооцолдсоныг бүүр ч харуулдаггүй, нуудаг халхадаг ийм өв үлдээжээ. Энэхүү цаг хугацааны шулуун зураас шиг ойлголтыг телеоложикал (гараа бариа хоѐр тодорхой, гараанаас барианд чигээрээ хүрэх мэт цаг хугацааны ойлголт) хувьсгалч (revolutionary) чанартай гэж үздэг. Энэ нь митафизик буюу дэлхий дээрх хүний амьдралаас тасраад тэнгэрт хөөрсөн мэт ямар ч ул үндэсгүй гүн ухааны ойлголтыг бий болгосон. Энэ тухай ганц бурхант шашны тухай үргэлжлүүлэн бичсэн хэсэгт тодорхой тайлбарлах болно.
  9. Гүн ухаан сэтгэл зүй хоѐр халз мөргөлддөг нэг уулзвар бол хүний амьдралын этика буюу ѐс суртахууны тухай ойлголт байдаг. Аливаа ард түмэн а) эрдэнэт хүний амь б) хүний амьдралын утга учир в) хүний эрхэм чанар гэсэн үндсэн гурван хэмжүүр байдаг ажээ.

Өнөөгийн барууны хувь хүнд өөрийнх нь амьдрал дээрх гурван үзүүлүүлэлтийн алинд ч хүрч чадахгүй байгаа мэт асар их сэтгэл санааны дарамт, айдас түгшүүр, нийгмийн бухимдал төрдөг нь европын сэтгэлгээний ерөнхий шинж чанар, дотоод агуулгатай холбоотой юм. Барууны анагаах ухаан үсрэнгүй хөгжиж, эдийн засгийн хувьд бусдаас хамгийн их өсөж баяжсан хэрнээ иргэдийнхээ үхлээс айх айдсыг намжаах биш харин ч дордуулжээ. Европын гүн ухаан өөрийн эцэг болох загалмайтны шашныг халж, Бурхан үхлээ хэмээн тунхаглаж, шинэ бурхан болох шинжлэх ухааныг залсан ч иргэд нь хүний амьдралын утга учрыг олсонгүй, олон хүний амьдрал байнга утгагүй мэт санагдаж, улам олширч байгаа “өвчтнүүдийн” хамгийн түгээмэл нэг шинж тэмдэг, зовиур нь “утгагүй амьдрал” болжээ. Эртний Грекийн гүн ухаанд хүний эрхэм чанар нь ѐс суртахууны хамгийн өндөр, хамгийн чухал шалгуур нь байсан бол өнөөгийн Европт эзлэх байр суурь нь өчүүхэн. Учир нь капитализмд бий. Амьдрал нь утгагүй санагдаж байгаа хүнээс хүний эрхэм чанарын тухай юу гэж үздэгийг асуувал даапаалсан явдал болох байх. Хүнийг өөрийнхөө хөдөлмөрийг зарахаас аваад сүүлдээ худалдаж авах машин болгосон энэхүү системд мөнгө гээч л ганц эрхэм шалгуур байна. Тиймээс ч хүн бол зөвхөн эдийн засгийн нэгэн төрлийн нөөц юм. Хүний нөөц гэсэн нэр томьѐо монголд орж ирээд одоо амтай болгон ингэж ярьдаг болсон.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Соёлын шарх (хэсэг 2)”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats