Нэг тэрбумын зээл: Шархадсан дээр нь шууд гүйцээчихье гэсэн сэтгэхүй юу?

Тухай:

Өрөнд баригдлаа, дампуурлаа, сүйрлээ гэж дээр доргүй ярьсаар атлаа дахин их хэмжээний зээл, бүр нэг тэрбум долларын зээл Хятадаас авхаар болж байгааг юу гэж ойлгох вэ? Монголын эдийн засгийг шархтай байна гэж үзвэл шархадсан дээр нь шууд гүйцээчихье гэсэн сэтгэхүй юу? Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг шиг, тийм ээ. Үгүй гэж найдаж байна. Алж аварна гэж байдаггүй шиг эдийн засгийг амийг нь тасалж зовлонгоос ангижруулна гэж байхгүй. Нөгөө талаас долоон голтой амьтан гэдэг шиг Монголыг “гүйцээх” оролдлого шархыг улам сэдрээхээс голыг нь тасалж чадахгүй. Өөррөөр хэлбэл эрх баригчдын явуулж буй нэмж өр тавих бодлого, үйлдэл нь шархадсан Монголын эдийн засгийн шархыг улам сэдрээж өвтгөхөөс өөр нөлөө, үйлчилгээ үзүүлэхгүй.

Уг нь Монголын засгийн газарт өрийн дарамтаас сэрэмжлүүлсэн өрийн босго гэж бий харамсалтай нь энэ босго өнөөдөр ач холбогдлоо алдаад байна. Яагаад гэвэл:
1. Өрийн дүнг гаргахдаа өрийн ангилалын стандард журмыг зөрчин засгийн газрын өрд орох ёстой эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын зээлийг хасч тооцсон. Эрх баригчид төсвийн тогтвортой байдлын тухай хуулин (ТТБТХ) дахь өрийн тухай заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү өрийг бага харагдуулах заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Энэ заалтын дагуу тухайлбал “Эрдэнэс ТТ”-н “Чалко”-д төлөх 350 сая долларын өрийн үлдэгдэл, “Оюу толгой”-н 250 сая долларын өрийн үлдэгдэл (Засгийн газраас ОТ-н толгой компани Рио Тинтод төлөх өр) гээд төрийн өмчит бусад компаниудын өр, зээл нь ЗГ-ын өрийн дүнгээс хасагдсан байна. Угаасаа эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбаруудад л манай засгийн газрын өрийн ихэнх хувь нь ноогддог тул энэхүү хуулийн зохицуулалт нь өрийн хэмжээг, босгыг тогтооход ямаршуухан үүрэгтэй байсан гэдэг нь харагдаж буй юм.

2. Өрийг өнөөгийн үнэ цэнээр (ӨҮЦ) тооцож гаргаж буй бөгөөд ингэхдээ хэрэглэдэг дискаунт реит-ийг зохих хэмжээнээс өндөрөөр тогтоож байгаа нь засгийн газрын өрийг бодит байдлаас бага харагдуулж байгаа юм. Тухайлбал олон улсын санхүүгийн байгууллагуудын мөрддөг стандардаар 15 жилээс бага хугацаатай зээлд 3.11% “discount rate” хэрэглэх учиртай. Гэтэл сангийн яамнаас гаргасан өрийн тооцооллоос хархад олон улсад мөрдөгдөж буй стандардаас өндөр дискаунт реит хэрэглэдэг дүр төрх ажиглагддаг. Өрөнд дүн шинжилгээ, харьцуулалт хийхэд заавал ганц ӨҮЦ-ээр тооцох шаардлага үгүй гэж хэлж болно. Нэрлэсэн үнийн дүнд суурилсан дүн шинжилгээ, эрсдлийн удирдлагыг давхар хийгээд явж болно. Энэ нь өрийн талаар бодит ойлголтыг авхад дөхөм болно.
Тэгвэл бодит байдлаас ихээхэн бага харагдуулж байгаа өрийн тооцооллоор манай засгийн газрын өр ямар хэмжээнд байна вэ? Энэхүү стандард бус аргачлалын улмаас манай засгийн газрын өр хэрхэн зүй бусаар нэмэгдэж байна вэ?

Албан статистикаас үзвэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн үнээр 13,928.8 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр (ӨҮЦ) 11,086.6 тэрбум буюу ДНБ-ий 47 хувьтай тэнцэж буй аж. Энэ нь ТТБТХ-д заасан 2015 оны өрийн босго болох 58.3 хувьд хүрхэд даруй 11.3 хувиар дутаж буй өөрөөр хэлбэл засгийн газарт 2015 ондоо багтаж хүлээгдэж буй ДНБ-ний гүйцэтгэл болох 23,567.8 тэрбумын 11.3 хувьтай тэнцэх буюу ӨҮЦ-ээр тооцсоноор 2,663.1 тэрбум төгрөгийн нэмэлт өр тавих эрх зүйн орон зай байна гэсэн үг. Нэрлэсэн үнийн дүнгээр бодвол энэ нэмж зээл авах орон зай улам тэлнэ гэсэн үг. Ямар дискаунт реит хэрэглэж буйгаас хамаарч нэмж зээл авах орон зайг ихэсгэж мөн багасгаж болно. Ямартай ч энэ засгийн газар 2015 ондоо багтаж $1.3 – $1.4 тэрбум долларын зээл нэмж авах эрх зүйн орон зайг бүрдүүлсэн, түүнийгээ ашиглахаар улайрч байгаа аж. Хятад, Азийн хөгжлийн банк, Рио Тинто гээд зээлийн эх үүсвэрүүд ар араасаа цувраад бэлэн. Авах юм ч яах вэ асуудалгүй, харин өгөх л хэцүү дээ.

Засгийн газар зөвхөн зээл авхын төлөө оршин тогтнодог гэж үү?

Манай засгийн газар, эрх баригчид засаг барьна, төр барьна гэдэг гадаадаас зээл авах, өр тавих л гэж ойлгодог бололтой, үүнийгээ харин сайн хийцгээх юм. Бүр эртнээс хуулиндаа өөрчлөлт оруулаад араа жин тан болгоод. Яг үүн шигээ эдийн засгаа, улс орноо удирддаг бол сайн сан. Харамсалтай нь үгүй. Нэгэнт л авах болсон юм чинь авна л биз дээ гэж хэлэх нэгэн байна. Харин би энэ засгийн газарт, эрх мэдэлтнүүдэд энэ $1 тэрбум долларын зээлийг заавал авах шаардлага байхгүй, тиймээс битгий ав, эх орон, ард түмнийхээ ирээдүйг бод гэж хэлмээр байна. Энэ зээлийг авах шаардлагагүй гэж үзэх хэдэн үндэслэл байна:

1. Дараа дараачийн засаглал болоод дараа жилдээ ажиллах орон зай үлдээх шаардлагатай байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас дүгнэхэд 2016 онд ДНБ-ний өсөлт саарч, төлөвлөж буй өсөлтөд хүрэхгүй. Тиймээс ДНБ-тэй харьцуулан гаргадаг өрийн босгоны дотор багтах зээлийн орон зай улам хумигдана гэсэн үг. Нэг үгээр хэлбэл дахиад хуулиндаа өөрчлөлт оруулдаггүй л юм бол дараа жилээс зээл авах боломж байхгүй болно гэсэн үг. 2017 онд байдал улам хүндэрнэ, учир нь оны эхний улирлаас эхлээд бид их өрийн үндсэн төлбөрүүдийг хийж эхлэх бөгөөд үүнд биднээс хамгийн багадаа төсвийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хөрөнгө шаардагдаж байгаа.

2. Засгийн газрын өрийн босгыг эрх зүйн үүднээс бус харин бодит байдал дээр хархад сэрэмжлүүлсэн түвшингээс аль хэдийн давсан байгаа бөгөөд нэмж өр тавих нь Монгол улсын их өрийн дарамтнаас гарах цаг хугацааг улам хойшлуулах, магадгүй эргэн сэхэх боломжийг хаах магадлалтай байна.
3. Монгол улсыг өрийн дарамтанд оруулсан, (сүүлийн 3.5 жилд Монгол улсын нийт гадаад өр 2.2 дахин буюу $9.6 тэрбумаас $21.7 тэрбум болгон өссөн) засаглана гэдэг нь зээл авна, өр тавьна гэж ойлгодог ядмаг сэтгэхгүйтэй тэр л хүмүүс дахин зээл авна хэмээн улайрч байгаа нь зээлийн бодлогыг зөвтгөх итгэл төрүүлэхгүй байгаа төдийгүй, өмнөх шигээ авсан зээл нь үр дүн муутайгаар зарцуулагдаж хариуцах эзэнгүй үрэн таран болж эцэст нь ард түмний нуруун дээр ачаалал болж ирэх вий гэсэн болгоомжлолийг төрүүлж байгаа юм.

Эцэст нь хэлхэд зээл чухам ямар болзол, нөхцөлтэйгөөр орж ирэхийг бид мэдэхгүй. Олон улсын зах зээлийн үнэлгээг дагавал сайн юм лав болохгүй. Монгол улсын зээлжих зэрэглэл B2 буюу negative болж найдваргүй зээлдэгчийн тоонд орсон байгаа тул зээлийн хүү өндөр, арван хувиас дээш байх магадлалтай. Зээлийг бодвол хэсэг хэсгээр тасалж авах байх. Ямар ч нөхцөлтэй байсан зээл нь өр болж дарамтыг нэмэгдүүлнэ. Ёс суртахуунгүй, эдийн засгийн мэдлэггүй, мэргэжлийн ур чадварын дутагдалтай тэр л хүмүүс ахин дахин бидний, үр хүүхдийн минь ирээдүйгээс хулгайлаад байх нь зөв үү л гэж асуумаар байна.

Хэрээс хэтэрсэн өрийн дарамтанд орсон Монголын эдийн засгийг хархад өнөөдөр гүн гэхдээ аминд хараахан хүрээгүй шарх авсан хотны банхар лугаа байна. Тиймээ манайхан эдийн засгаа Бар, Чоно лугаа зүйрлэх дуртай. Гэвч бид ямар ч бар, ямар ч чоно биш зүгээр л хотны банхар. Зарим хүн Монголын эдийн засгийг хоньтой зүйрлэдэг, тун оновчтой зүйрлэл. Харин би хонь биш, ядаж нэг араатан, банхар байгаасай л гэж хүсдэг юм. Гэтэл гэрийн эзэн нь хотоо манадаг банхараа хайрлан хамгаалж асарч сувилахын оронд шархыг нь улам хөндөж бүр гүйцээх гээд байна уу даа л гэмээр. Тийм муухай эзэн байх гэж дээ. Угаасаа шархтай банхараа орхичоод, эсвэл нэг мөсөн дуусгачаад хотондоо үлдэхгүй нүүх гээд байгаа юм уу, ямар санаатай юм бол энэ эзэн? Гэвч гэр бүлийн бусад гишүүд, үр хүүхдүүд энэ санааг нь ойлгохгүй байна, түүний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монголын эдийн засаг сэхэх, сэргэх ёстой, харин нэмж өр тавих нь өөрийн хотыг манадаг шархадсан банхараа нэг мөсөн зүйл дуусгахаар улайрч буйтай адил юм. Гэвч саруул ухаант төрийн түшээд маань өр нэмэгдүүлхийн уршигт үр дагаварыг ахин нэг тунгаан болгоож ирээдүйгээ бодсон мэргэн шийдвэр гаргана гэж найдаж байна.

(“Зууны Мэдээ” сонины 2015 оны 11-сарын 12-ны дугаарт гарсан нийтлэл)

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Нэг тэрбумын зээл: Шархадсан дээр нь шууд гүйцээчихье гэсэн сэтгэхүй юу?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats