“…Европт төвийг сахих бодлого цагийн шалгуурыг тэсч давж чадаагүй нь үнэн”

Тухай:

Монголын Ерөнхийлөгч төвийг сахих бодлого баримтлах тухай мэдэгдэл хийсэн. Мэдээж энэ нь мэдээлэл мэдлэг муутай, засаг төрөөс ч барагтай юмыг ард түмэнд мэдээлэх шаардлагагүй гэж үздэг болохоор энэ нь олонхийн хувьд гэнэтийн зүйл байсан нь илэрхий. Дараахан нь НҮБ-ын ЕА-н чуулганы индрээс ч мөнөөх бодлогоо нотлов. Ард түмэн ч, Умард, Өмнөд хоёр хөрш ч гайхан хүлээж авсан бололтой. Зүй нь аливаа улс орон гадаад бодлогын ийм чухал асуудлаар санаачилга гаргахын өмнө маш их бэлтгэл хийдэг, хөрш зэргэлдээ орнууд, гуравдахь хөрш гээд маш олон талын санаа бодлыг наад зах нь тандаж үзэх, хоёр болон олон талын шугамаар судлах, санал солилцох идэвхтэй ажил явуулах, дотооддоо олон түвшинд хэлэлцүүлэг ярилцлага, мэтгэлцээн өрнүүлэх, манайд тоогддоггүй ч бусад улсад бол бодлогын үндсэн саналыг боловсруулан гаргаж ирдэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн саналыг авах гэх мэтээр өргөн дэлгэр ажил хийдэг жишигтэй юм билээ. Манайд ч үүнээс гажих учир шалтгаан уг нь байхгүй л баймаар. Ядаж л уг саналаа тал бүрээс нь хөдөлшгүй болгон нэгдсэн санал бүрдүүлж байж зарлан тунхаглах ёстой байсан болов уу. Харин энэ удаа тийм юм болоогүй бололтой. Иймэрхүү ноцтой асуудал, буурьтай гэхээр санал санаачилгыг бэлтгэж ажил болгох үйл хэрэг нэг бус, хэд хэдэн жил, бүр магадгүй 10 жилээр ч үргэлжилдэг явдал ч байдаг шиг. Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Эдүгээ уг асуудал УИХ-аар яригдах бололтой. Монгол улс төвийг сахих тухай хуулийн төсөл ч УИХ-д оруулаад амжсан бололтой.

ТВ-гээр ярих нь олон нийтийн дунд санал асуулга маягийн юм явуулахад олонх буюу 50-иас дээш хувь нь “зөв” гэсэн санал өгсөн гэж мэдээлжээ.
Төвийг сахих бодлого гээч энэ предметийг чухам хэр мэдэж, юуг үндэслэж, ямар санаа агуулж дэмжиж байгаа нь тодорхой бус,

Ийм товч удиртгал хийгээд А.мөхөс хүн өөрийн бага сага гадарлах Австрийн төвийг сахих бодлогын хувь заяа хэрхэж буй тухай цөөн зүйл өгүүлье.
А.Хитлер Австрийг 1938 онд Фашист Германд нэгтгэснээс хойш Австрийн фашистууд Хитлерийн фашизмтай сүлбээлдэж дайнд оролцсон улс билээ. Тиймээс ч дайны дараа Австрийг дайнд ялсан 4 гүрэн мөн л Германы нэг адил эзэмшлийн 4 бүсэд хуваан захирч байсан түүхтэй. Ингээд 1955 онд Австри нь Москвагийн меморандумаар төвийг сахих үүрэг хүлээж, өөрөөр хэлбэл эрх чөлөө, тусгаар тогтнолоо төвийг сахих бодлогоор зольж авсан учиртай. Тэр үеэс хойш олон ч үйл явдал өрнөж, нөхцөл байдал ч их өөрчлөгджээ.
Одоо австричууд энэ бодлогоо тодорхой нэг цаг үеэс хойш юу гэж үзэх болсон, ямар ямар алхам хийсэн талаар өгүүлье.
1994 : Австри улс Европын хамтын нийгэмлэг (сүүлд Европын холбоо болсон)-т элсэх болоход төвийг сахих бодлого нь саад тотгор болж байсан. Гэвч Австрийн гол хоёр нам болох Ардын нам (барууны нам), Социал-демократ нам хоёр эвтэйхэн маневр хийж ард нийтийн санал асуулга явуулан энэ асуудлаар дэмжлэг авсан байдаг.
1995 : Европын хамтын нийгэмлэгт элсэв.
1996 : НАТО-гийн энхийн төлөө түншлэлд гишүүнээр нэгдэв.

Австрийн тэргүүлэх улс төрчид болон дээр дурдсан хоёр нам төвийг сахих бодлогоосоо салах янз бүрийн арга чарга хайж байсан нь харагддаг.

1996 : Европын парламентын ерөнхийлөгч Клаус Хэниш “Австри болон скандинавын түнш орнууд болон Ирландын төвийг сахих бодлогыг цаашид авч явах боломжгүй боллоо” гэж мэдэгдэв.
1996 : Ардын намын дарга В.Шюссел төвийг сахих бодлого олон салбарт “үхмэл хууль зүй” боллоо. Эв санааны нэгдэл төвийг сахих бодлгоос дээгүүр тавигдах ёстой” гэж мэдэгдэв.
1996 : Холбооны канцлер В.Шюссел Австрийн төвийг сахих бодлого Австрийг НАТО-д элсэхэд харшлахгүй гэсэн мэдэгдэл хийв.
1997 : Ардын намын удирдах зөвлөл Австри нь НАТО-д элсэх ёстой. Төвийг сахих бодлого одоо яригдах сэдэв биш болов гэж мэдэгджээ.
2001 : Австри аюулгүй байдал хийгээд батлан хамгаалахын номлол батлав. Тэнд Австри нь төвийг сахих бодлогоос де факто салах ёс гүйцэтгэсэн тухай тэмдэглэжээ. Холбооны канцлер В.Шюссел Австрийн төвийг сахих бодлого цаг үедээ нийцэхээ больсон, хуучирсан зүйл гэсэн утгатай зүйл ярьжээ.
2001 : Холбооны канцлер В.Шюссел улсынхаа үндэсний баярыг тохиолдуулан хэлсэн үгэндээ …хуучны ул болсон төвийг сахих бодлого 21 дүгээр зууны нөхцөл байдалд нийцэхгүй болсон гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.
2004 : Холбооны ерөнхийлөгч Т.Клестил шинэ жилийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ ТСБ-ыг эргэн харах нь зүйтэй гэсэн зүйл хэлжээ.
2010 : Австри нь ЕХ-ны гишүүн Грект туслах үүрэг хүлээв.
2010 :: ЕХ-ны танкийн 450 цэрэг Австрид цэргийн сургуульд оролцов гэх мэт.

Иймэрхүү ажил үйл өрнөсөөр өнөөдөр Австри нь хэдий төвийг сахисан орон боловч албаны хүмүүсийн үгээс байр суурийг нь ерөнхийд нь ойлгож болно. Тухайлбал Австрийн Гадаад хэргийн сайд саяхан нэгэн мэдэгдэлдээ “Бид төвийг сахихын төлөө л дөө. Гэхдээ Европт төвийг сахих бодлого цагийн шалгуурыг тэсч давж чадаагүй нь үнэн” гэсэн утгатай зүйл ярьсан байдаг.
Хэдийгээр Австри, Монгол хоёр газар зүйн талаар ч, геополитикийн хувьд, хөгжил, менталитет гээд бусад олон зүйлээр ихээхэн ялгаатай ч Австрийн төвийг сахих бодлогын үүх түүх, хувирал өөрчлөлт, туршлага, өнөөгийн байдал нь Монгол улс төвийг сахих бодлого барих гэсэн өнөөгийн чиг шугамыг боловсруулж хэрэгжүүлэхэд яах аргагүй сургамжтай, хэрэгтэй зүйл гэж үзэж энэ болгоныг улиглав.

Д. Моононцагаан

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: ““…Европт төвийг сахих бодлого цагийн шалгуурыг тэсч давж чадаагүй нь үнэн””

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2018
M T W T F S S
« Jul    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Google Analytics Stats