Сатьяжит Рай: Кино нийгмийг өөрчлөх шидгүй, амьдралын үнэнийг л таниулах үүрэгтэй

Тухай:

“Энэ эрхмийн киног үзээгүй бол нар, саргүй ертөнцөд амьдарч буйгаас ялгаагүй” гэж Акира Күросава хэлжээ. Энэтхэгийн бенгал угсаатан, кино найруулагч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач Сатьяжит Рай (1921-1992) 1982 онд Америкийн “Cineaste” сэтгүүлд уг ярилцлагыг өгсөн байна.

 

 -“Бяцхан харгуйн дуун” таныг хэр өөрчилсөн бэ. Энэ киногоо хийж байхдаа Бенгал нутгаа шинээр нээв үү?
-Тэгэлгүй яах вэ. Би хотод төрж, өссөн болохоор жингэнэ бенгал тосгоны аж амьдралыг сайн мэддэггүй байлаа. Тосгоны ардаас гадна тухайн нутаг орны онцлог, байгалийн тогтоцтой нь танилцаад ирэхээр эрхгүй дасаж, хөдөө буйдын амьдралыг хайрладаг юм билээ.
-Энэ киног хийхэд танд юу нөлөөлөв. Ер нь кино урлагт яаж татагдсан бэ?-Апугийн гурвалаас гадна миний “Холын аянга” киноны эх зохиолыг бичсэн Бибүти Бушан гэдэг зохиолч надад асар их нөлөө үзүүлсэн хүн. Түүний зохиолуудаар л би хөдөөгийн амьдралтай танилцаж, “Хотоос яв” гэсэн алсын нэгэн дуудлагыг анх сонссон доо. Бас Таагүрийн зохиолууд байна. Надтай адилхан өрнө, дорно болоод хот, хөдөөгийн ялгааг мэдэрсэн, аль алиных нь дунд төлөвшиж боловсорсон уран бүтээлч гэвэл би Таагүрийг хэлнэ. Ерөөс Энэтхэгийн аль нэг том хотод өсөж, Английн сонгодог уран зохиолтой эрт танилцсан ямар ч хүн түүнийг хүндэлж, хайрлана. Таагүрийн тухай дурссаных, энэтхэгчүүд бид барууныхны бодож, төсөөлдөгөөс ч илүү өрнийн урлаг соёлыг мэддэг, барууны хөгжим, урлаг, уран зохиол бидэнд маш хүчтэй нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Энэ нөлөөг мэдрээгүй, барууны урлаг соёлыг гүн гүнзгий биш гэхэд зохист хэмжээнд нь мэддэггүй дорно зүгийн нэг ч хүн кино урлагийг бүрэн дүүрэн ойлгохгүй шүү.

-Анхны кино маань хүмүүст хүрэх гэж их удсан юм шүү дээ. Үзэгч, шүүмжлэгчдэд шинэлэг санагдсан байж болно. Харин манай кино бүтээгчид юу ч ойлгоогүй. Саяхнаас даа, ердөө 5-6 жилийн өмнөөс л Пунагийн Кино хүрээлэнгийн оюутнууд “Бяцхан харгуйн дуун”-ы тухай ярьж байна.
-Би ер нь нэг ч киногоо, ялангуяа “Бяцхан харгуйн дуун”-аа олон улсад танигдана гэж бодоогүй. Хаа ч байдаг амьдралын үнэнийг олж, түүнийгээ харуулах л чухал юм гэдгийг гадаад, дотоодын үзэгч, шүүмжлэгчдийн хандлагаас ойлгосон. Түүнээс биш яалаа гэж сэтгэл дундуур байх вэ.

-Та аль бүтээлдээ хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?

-Бүх киногоо засах боломж олдвол “Ганцаардсан эхнэр”-тээ л гар хүрэхгүй. Миний хувьд төгс бүтээл болсон. “Ойд өнгөрүүлсэн өдрүүд”, “Бурхан заан” гээд өөрт аятайхан санагддаг өөр хэд хэдэн кино бий. Гэхдээ аль нь ч “Ганцаардсан эхнэр”-ийг гүйцэхгүй.

-Миний сонгосон зохиолын баатрууд л тийм байж таараад байдаг юм. Гэхдээ таны хэлснээр миний хувийн бодолтой ч холбоотой л доо. Эмэгтэй хүн биеийн хүчээр эр хүнийг дийлэхгүй. Харин түүнийг нь нөхөг гэсэн шиг бурхан бүсгүйчүүдэд сэтгэлийн хат илүү заяажээ. Үнэнч, журамтай, ил тод, хүнлэг байх тал дээр эрчүүд эмэгтэй хүний хаа нь ч хүрэхгүй. Бас эр хүнээс илүү хүлээцтэй байж чаддагийг нь би биширдэг юм. Зөвхөн бенгал эмэгтэйчүүд гэлтгүй, аль ч газрын эмэгтэйчүүд ийм байдаг шүү дээ.

-Миний “Зуучлагчид”-ыг л гутранги гэж болно. Бусад бүх кинондоо би хүн ёсны харилцааг л харуулсан.

-Гэхдээ та өлсгөлөн, ядуурлаас болж ядарч цөхөрсөн хүмүүсийг их гаргадаг.

-Чадал чинээгүй хүмүүс ямар байдаг вэ, тийм хүмүүсийг л би “Бяцхан харгуйн дуун” дээрээ гаргасан шүү дээ. Жаахан хэтрүүлсэн юм бий, түүнийгээ хүлээнэ. Гэхдээ дүрүүдийнх нь сэтгэлийг мэдэрч, ойлговол нэг их анзаарахгүй дээ. Угтаа бол анзаарах ч ёсгүй юм. Харин “Холын аянга” дээр аль болох байгалийн өнгө, гэрлийг ашиглахыг хичээсэн. Эргэн тойрных нь байгаль хэчнээн сайхан, тосгоны эмэгтэйчүүд ямар үзэсгэлэн гоо харагддаг билээ. Гэсэн ч тэр сайн сайхан бүхэнд аврал байхгүй. Бодит амьдрал дээр бүр найдвар ч байгаагүй. Хэдэн сая хүн өлбөрч үхсэн. Харин ч би байгалийн өнгө будгийг ашиглаж өлсгөлөнгийн аймшигтай дүр зургийг бараг гаргаагүй гэж боддог.

-Нэгэнт тогтчихсон, хөдөлшгүй зүйл рүү халдаад яах юм. Улс төр, нийгмийн тогтолцоог үгээр өөрчлөх ямар ч боломжгүй. Тэр тусмаа кино урлаг нийгмийг өөрчлөх шидгүй, тийм ч үүрэггүй. Кино бол урлаг. Гагцхүү амьдралын үнэнийг таниулах л үүрэгтэй. Нийгэмд ямар нэг тодорхой өөрчлөлт авчирсан нэг ч гэсэн кино, тийм найруулагчийг нэрлэ л дээ.

 

-Лени Рифеншталь нацизмын ухуулагч байсан, Сергей Эйзенштейн хувьсгалыг магтан дуулсан.

 -Үгүй дээ. Эйзенштейн хэдийнэ өрнөөд эхэлчихсэн хувьсгалд оролцсон болж, кино хийх боломж л эрэлхийлсэн төдий. Харин Рифеншталь тухайн цагийнхаа ганц хүчирхэг дэглэмд ганц чаддаг зүйлээ хийж зүтгэсэн нь тэр. Фашизмын эхэн үед сэхээтнүүд хүртэл төөрч, будилж байв шүү дээ. Таагүр ч гэсэн тэр үед Муссолинийг баатар эр, жинхэнэ удирдагч гэж үнэлж байсан гэдэг юм.

-Тэгвэл та өөрийгөө найруулагчийн хувьд нийгэмд ямар үүрэгтэй гэж боддог вэ?

-“Өрсөлдөгч” гэдэг миний нэг кино бий. Ах, дүү хоёрын тухай гардаг юм. Дүү Наксалит нь зоригтой, зоргоороо. Тийм зангаас нь эмээдэг ч ах нь дүүгээ яаж ч байсан хайрлана, хамгаална. Өөрт нь айхтар хүсэж, тэмүүлсэн зүйл байхгүй. Найруулагчийн хувьд надад дүү нь биш, ахынх нь дүр илүү сонирхолтой байгаа юм. Яагаад гэвэл түүнийг хэн болохыг, ямархуу бодол санаатайг хэн ч мэдэхгүй. Түүнийг үзэгчдэд нээж өгөх нь миний үүрэг. Товчхондоо бол би найруулагчийн хувьд ч, хувь хүнийхээ үүднээс ч өөрөө чухал биш хэрнээ бусдыг товойлгож, тодотгож өгдөг туслах дүр байхыг хүснэ.

-Тэднийг бодвол би арай эрт зүгширсэн шиг байдаг. Даанч боловсрол, мэдлэгээр маруухан үзэгчдийн үед төрсөн, зарим талаар азгүй хүн дээ. Залуу байсан үеэ бодоход би их өөрчлөгдсөн байна. Харин кино хийхдээ барууны үзэгчдэд ямар санагдах бол гэж боддоггүй маань огт өөрчлөгдсөнгүй. Бенгал хүмүүст л үлдэх бүтээл хийхсэн гэж хүсэж, зорьсоор өдий хүрлээ. Үзэгчид маань надтай хамт өсөж, төлөвшжээ. Намайг найруулагч болох үед бенгалчуудын киноны талаарх ойлголт тун гэнэн, бараг л марзан, тэнэгдүү байсан. Бергман, Феллини хоёрт ийм бэрхшээл байгаагүй байх. Тэдэнд байсан шиг бэлтгэгдсэн үзэгчид, техникийн давуу тал, боломжууд надад олдсонгүй. Миний ажиллах арга барил, тогтсон үзэгчид тэднийхээс хэзээд ондоо байлаа. Киног яаж ойлгох ч ухаанаа олоогүй үзэгчидтэй би 30-аад жил ажиллалаа шүү дээ. Энэ хугацаанд энэтхэгчүүд өөрчлөгдсөн ч дийлэнх хэсэг нь миний найдаж, хүлээж байсан хэмжээнд сэтгэлгээний хувьд өсөж өндийсөнгүй. Арт кино хурдтай хөгжиж байна. Гэтэл Бенгалд дээрдсэн юм алга. Мөнгөнөөс өөрийг боддоггүй эндхийн найруулагчид ямар инээдэмтэй, хөгийн юм хийдэг гэж санана. Кино гэж нэрлэхээс ч ичмээр тийм юмнуудтай зэрэгцүүлээд миний киног театраар гаргаж байна даа.

Г.Лхагвадулам

aniryortonts.blogspot.com

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Сатьяжит Рай: Кино нийгмийг өөрчлөх шидгүй, амьдралын үнэнийг л таниулах үүрэгтэй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats