Х.ЭТВҮҮД: “Монголчууд тэнгэрээс ямар нэгэн удирдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.”

Тухай:

/2004 оны намар санагдана, Индиана мужийн Блүүмингтон хотод очиж Индианагийн Их сургуулийн монголч эрдэмтэн Христофер Этвүүдтэй уулзаж ярилцлага авч байж билээ. 11 жил өнгөрчээ. Гэсэн ч Этвүүд багшийн яриаг эргэж уншихад сонирхолтой байлаа./

Индиана Мужийн Блүүмингтон дахь Индианагийн Их сургууль, монголч эрдэмтэн Христофер Этвүүд :

– Гэхдээ нэг онцлог нь Монголоос өөр үндэстнүүд Чингис хааныг хэдий генефондын талаар залгамжилж болох ч хэлний талаар өөр, хоёрт Чингис хааныг нийтээр дуртай хүлээж авдаггүй. Харин Монголчуудын дотроос Чингис хаанд дургүй хүнийг олохгүй ээ. Ер нь Монголын түүхийн бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.

Бараг хоёр жилийн өмнө Индиана Мужийн Блүүмингтон дахь Индианагийн Их сургуулиар орж, монгол судлалын нэрд гарсан эрдэмтэн мэргэдтэй уулзан, ганц хоёр үг солих завшаан тохиосон билээ. Тэдний нэг нь Христофер Этвүүд. Эхлээд Этвүүд багшийг зурагнаас нь харахад хямсгар ч байж мэдэх, туранхай жижигхэн хүн шиг санагдсансан. Харин нүүр тулан уулзахад тийм биш, харин ч хөгжилтэй, яриа хөөрөөсөг, их найрсаг хүн ажээ. Туранхай жижигхэний хувьд би бүүр ч алд дэлэм зөрүүлсэн байсансан.

Христофер Этвүүд багшийг хэрвээ номын ширээний араас өөр газар таарвал магад хөл бөмбөгчин ч юм уу гэмээр чийрэг чанга хүн байв. Цэгцтэй, санаагаа тов тодорхой илэрхийлдэг энэ хүн Монгол хэлээр нэлээд өвөрлөгч аялгуу оруулж ярина. Анх монгол хэлийг өвөр монголд сурсан гэхээр аргагүй биз. Харин ч тэрээр уран санаа, түүхэн баялаг мэдлэгээр дүүрэн яриандаа өдгөө бидний тэр бүр яриандаа хэрэглэхийг больсон олон сайхан үг, хэллэгийг хавчуулах нь түүний сонирхолтой яриаг улам ч сонсууштай болгоно. Хэдий бидэнд ч, эл эрдэмтэн багшид ч цаг зав хомс байсан ч хоёр цаг гаруй сууж билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийг манай улсад айлчлахад Этвүүд багш орчуулагчаар нь явсан. Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкэрийг Монголд айлчлахад нь орчуулга ч хийж явсан гэнэ лээ. Саяхан 8 сарын эхээр Улаанбаатар болсон Монголч эрдэмтэдийн Их хуралд Этвүүд багш бас оччихсон харагдсан. Энэ зун мөн Миннесота мужийн Их сургуульд Монголын түүхийн сэдвээр лекц уншихаар уригдсан гээд ойрд бидэнд уулзаж учрах завдал гарсангүй.

Түүний эрдэм ажлын гол бүтээл нь “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” /Encyclopedia of Mongolia and the Mongol Empire/ ажээ. Тэвхийсэн зузаан эх хувиа үзүүлж байсан. Одоо энэ ном нь хэвлэгдэж олны хүртээл болжээ. Amazon.com-оор ороод хайвал олдох байх. 100$ орчим долларын үнэтэй эд. Ганц хүнийх бүү хэл хэд хэдэн хүний бүтээл гэхэд ч ахадмаар ажээ. Энэхүү нүсэр бүтээлийг нь хараад монголчууд маань эх түүхийнхээ хувьд бас нэгэн сайхан бүтээл туурвилтай, лавлах материалтай болжээ хэмээн олзуурхан баярлаж билээ. Ийнхүү Этвүүд багш Америка гүрэнд, дэлхий дахинд Монголыг маань сурталчилч явна.

Тэрээр өдгөө Индианагийн Их сургуульд “Монголчуудын байлдан дагуулал”, “Орчин цагын өвөр Монгол”, “20 дугаар зууны Монголчууд”, “Ордос дурсгал”, “Монгол хэл” зэрэг хичээлүүд заадаг ба тухайлан судалдаг сэдэв нь “Монгол болон өвөр Монгол дахь үндэсний хөдөлгөөн”, “Эзэнт гүрний үеийн монгол, хятад мэргэд”, “Монголын гэр бүлийн түүх” гэнэ.

***

Бидний яриа хар аяндаа л өрнөлөө. Учир юун гэвэл Христофер Этвүүд багшид би өөрийн бичсэн “Хувьгүй хаан Аригбөх” номоо сонирхуулан барихад тэрээр “Аригбөхийн талыг барьж бичсэн үү?” гэлээ.

– “Тэгэлгүй яах вэ” гэвэл Тэрээр :

– Ер нь монголын түүх бичлэгт Аригбөх, Галдан бошигт хоёрын зөв, Занабазар, Хубилай хоёрын буруу, Ойрдуудын зөв, Халхуудын буруу гэсэн дүгнэлт нэлээд түгээмэл болсон байна гэв.

– Таны хувьд аль талыг нь зөвтгөж байна вэ? Гэвэл..

– Би одоо Хубилай болон Аригбөх нарын хэнийх нь зөв буруу байсны тухай ярихгүй, харин Галдан, Занабазар хоёрын тухайд гэвэл би Занабазарын талыг баримтална. Яагаад гэвэл нэгдүгээрт Галдан нь хэдий Зүүн гарын хаант улсыг нэгтгэж, өргөтгөсөн боловч улс дотроос нь түүнийг эсэргүүцсэн сөрөг хүчин ихэссэн.

Миний бодлоор Занабазар Манж улсад бууж өгсөн нь Монгол улсад халамжтай болсон, тэгсэнгүй болбол Зүүн гар улс шиг хядуулж, эсвэл яг казах шиг оросын харьяанд орж магадгүй байсан. Хэрвээ Оросын харьяа болсон бол 1911 онд тусгаар тогтнолоо олох асуудал байхгүйгээр, бүүр хожим Казахстан шиг 1991 он хүртэл бараг оросын харьяат байсан байх болов уу гэж бодож байна.

Нөгөө талаар Галдан нь шарын шашныг хэт их хурц маягаар баримталж, Занабазарын барьсан сүм хийд, уран барилгыг сөнөөсөн нь монголын соёлын хөгжилд нэлээд харштай болсон.

Ер нь халхын түүхийн элдэв нугачааг үзвэл Халх Монголчууд бүх зүйлийг яг зөв хийсэн гэж бодогддог. 1691 онд манжид бууж өгөөгүй бол Оросын харьяат болох боломжтой байсан. 1911 онд Чин улсаас салаагүй бол өвөр Монгол шиг хятадын харьяат болох байсан. 1915 онд байгуулсан Хиагтын гурван улсын гэрээ хэвээрээ байсансан бол 1949 онд тусгаар тогтол байгуулахад их хэцүү байсан. Тийм учраас хэдий тухай тухайн үеүүдэд буруу гэж байсан ч автономыг цуцалсаны үр дүнгээр 1991 оны хувьсгал гарсан гэж болно. өмнөх түүхэн дэх бүх буулт, ухралтууд нь эцэстээ монголын бие даасан байдлыг хамгаалан хадгалсан үйл явц байсан гэж хэлж болно.

Ер нь бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.

– Ази, Европыг дамнасан Монголын эзэнт их гүрэн байгуулагдсанаасаа хойш нэгэн жаран хүрэхгүй хугацаанд оршин тогтноод задарсан. Энэхүү задралын шалтгааныг Та хэрхэн үзэж байна вэ?

– Ил хаант улс, Алтан ордон, Цагаадайн улс гэх мэтийн орнууд, мөн Аригбөх ч, Хубилай ч тэр, аль нь ч Монголын эзэнт гүрнийг нэгтгэн захирч чадахгүй байсан гэж бодож байна. Мөнх хааныг нас барахад л Монголын Их гүрэн задрах нь зайлшгүй болсон.

Хэрвээ Аригбөх хаан болсонсон бол хаант улсын төв Монгол хэвээр байх байсан. Хубилай хааны улс нь өвөр Монголд төвлөрч байгаад Дайду буюу Бээжинд урагшлан шилжсэн. Хубилай хаан хэрвээ тэгэж нүүлгээгүйсэн бол дараа нь Марко Поло гэх мэтийн харь орны улсууд очихгүй байх магад. Хэрвээ Марко Поло Дайдуд очоогүй бол дараа нь Колумб Америкийг нээхгүй ч байсан байх магадгүй. Тийм учраас Хубилай хаан түүхийн том гавьяатан. Монгол эзэнт гүрний түүхэнд нэгээхэн том алхамыг хийсэн хүн.

Монголын эзэнт гүрэн задарсаны бас нэг гол шалтгаан нь Мөнх хааныг нас барахад түүнд Бөртэ үжин, Туркина, Ойгул хаймиш гэх мэтийн нэр нөлөө бүхий том хатан байгаагүй учраас хаан орыг баригч хүн байсангүй. Хэрвээ тийм нэгэн нөлөө бүхий хатан байсансан бол нийт алтан ургийнханыг хамруулсан Их хуралдай хийх боломж байсан байж магадгүй юм.

Зарим монгол хаад өөрийн хатанд их дуртай байжээ. Хубилай тийм байв. Чингис хаан, өгөөдэй хаан ч тийм байв. Гэхдээ Мөнх хааны хамгийн хайртай хатан нь өөрөөс нь өмнө нас барсан учир түүнийг нас барах үед голлох хүн байсангүй. Ийнхүү хааны оронд түр барих хүн байгаагүйгээс хаант их улс задарсан.

– Та Монголын түүхэнд гүйцэтгэсэн Хубилайн үүргийн талаар…?

– Өөрийгөө дэмжигчдийг цуглуулаад хууль бус хуралдай хийж, Их хааны ширээг хууль бусаар булаасан түүхэн дэх анхны хүн нь Хубилай юм. Аригбөх Хубилайгаас нэг сарын дараа өөрийгөө хаанд өргөмжлүүлсэн.

Рашид-ад-Дин Хубилайн хуралдааны он, сар, өдрийг огтхон ч дурдаагүй. Тийнхүү он, сар, өдрийг нь тодорхой бичээгүй нь мартаж, цалгардсаных бус байх аа. Хубилайг Аригбөхийн дараа хуралдай хийж, хаанд өргөмжлөгдсөн гэсэн тийм нэгэн сэтгэгдэл төрүүлдэг юм байна.

Хожим Монголчууд Хятадаас зугтах үед зарим хаад Аригбөхийн үртэс байсан. 1388 онд Есүдэр Хубилайн үртэс хааныг алуулаад Аригбөхийн нэг үртэсийг хаан болгосон байжээ. Монголын түүхийн нэлээд хэдэн хаад Аригбөхийн үртэс байсан. Мөн өгөөдэйн үртэс ч хаан байсан. Саганцэцэний эрдэнийн товчоос үзэхэд тэр өөрөө Даян хааны үртэс байсан учраас Хубилайн талыг баримтлаад Аригбөхийн үртэс хаан ширээнд суусныг ер дурдсангүй. Тэгээд Хубилайгаас хойшхи бүх хаадыг түүний үртэс/үр сад/ болгосон байна.

– Өнөөдөр зарим түүхийн материалуудыг харж байхад Хүннү нарыг монголын өвөг дээдэс байсан гэхэд эргэлзээ төрөхөөр баримтууд тааралддаг шүү?

– Өмнө нь энэ сэдвээр доктор М.Саруул-Эрдэнэ бид ярилцаж байсан. Миний үзэхэд Хүннүгийн хүмүүс нэлээд олон монгол угсаатны өвөг дээдэс байж магадгүй ч гэсэн тэдний ярих хэл нь монгол хэл биш, түркийн хэл байсан гэж бодож байна.

Хэлний талаас нь авч үзвэл монголын дээдэс нь Хүннү гэхээсээ Сяньби нар нь илүү ойр байдаг. Сяньбийн гаралтай улсууд нь Табгач, Жүжан /Нирун/ нар, европд бол Аварууд байсан.

– Аварууд үнэхээр Монгол угсаатан мөн гэж үү?

– Мөн гэж бодож байна.

– Тэгвэл Скифүүд..?

– Тэд Перс. Хэлний талаар монгол биш. Арьсны талаар ч мөн цагаан байсан. Хүннү нар нь харин арьсны талаар монгол байсан бололтой байдаг.

– Энэтхэгт түрж орсон Ари нарыг зарим судлаачид Төв Азиас ирсэн, Монголын өвөг дээдэс гэх юм билээ?

– Ари үндэстнүүд Европоос Оросын өмнөд хэсэг, Хар тэнгэсийн хойт тал нутгаас нүүж ирсэн улс гэж би боддог. Онцлон судлаагүй юм байна.

– Таныг монголын түүхийг сонирхож, монголын түүх судлаач болоход юу нөлөөлөв?

– Өмнөд насны шүтэн барилдлага байсан болов уу даа, бүү мэд. Дээд сургуульд байхдаа голдуу монголын эзэнт гүрний түүхийн хичээлд суудаг байлаа. Жувейни, Нууц товчоо, Марко Поло нарын номыг уншаад Монголын түүхийг их сонирхох болсон. Эхлээд эзэнт гүрний үеийг сонирхсон. Дараа нь 1986-1988 он хүртэл өвөр монголд 2 жил байсан. өвөрмонголын өнөөгийн байдлыг их сонирхож байлаа. Тэр үед өвөр монгол нь дөнгөж л дэлхий нийтэд мэдэгддэг болоод байсан учир хэн ч мэддэггүй сэдэв байсан. Дараа нь Монгол Улс бүр нээлттэй болж, дэлхийд бас нэгэн сайтар судлагдаагүй сэдэв гарсан. Монгол залуус та нар Жак Вейдерфордийн “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” гэдэг номыг уншив уу?

– Уншсан. Бүүр эх хэл дээрээ уншсан шүү. Та түүнтэй танил уу?

– Үгүй. Утсаар ярьсан.

– Тэрээр Монголын түүхийг тусгайлан судалсан хүн үү?

– Үгүй, хүн төрөлхтөний түүхийг судалсан байна. Энэ номондоо эрдэм шинжилгээ, уран сайхан хоёрыг хосуулсан бичсэн гэсэн.

– Түүний номыг Монгол хэл рүү хэн орчуулсан бэ?

– Монголын түүхч, археологич, доктор Х.Лхагвасүрэнгийн Чингис хаан гэдэг хувийн их сургуулиас эрхэлж орчуулан хэвлүүлсэн байна билээ.

– Хэролд Лэмб гэдэг хүний бас нэгэн ном гарсан байна. Та түүнийг харав уу?

– Тэрийг би үзсэн. Түүнийг хэрэглэсэн сурвалж бичгүүд нь голдуу Персийн сурвалжууд.

Вейдерфорд, Лэмб хоёрын ялгаа нь Вейдерфорд Монголд хэдэнтээ очиж монгол хүмүүстэй ярилцаж, үйл явдал болсон газар нутгийг нүдээр үзэх завшаантай байсан бол Лэмбд тийм завшаан байсангүй. Вейдерфорд номондоо Чингис хаан ганцхан Александр шиг байлдаач биш өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэн байгуулагч гэж илэрхийлсэн. Лэмб бол Чингис хааныг зүгээр нэг дайчин байсан гэж үзжээ. Баахан дээрэмдсэн, дайтсан талыг нь илүү бичсэн байна.

– Таны хувьд Чингис хаан хэн бэ?

– Миний бодлоор Чингис хаан бол ганц биеийн гавьяагаар тийм олон том үйл явдал хийсэн хүн биш. Түүний үйл хэргийг үндэстний хувьд, гэр бүл, шадар нөхдийнх нь хүрээнд авч үзэх хэрэгтэй. Чингис хаан бол янз бүрийн санал бодолтой, үндэс угсаатай хүмүүсийг өөртөө татаж, нэгэн зорилгын төлөө нэгтгэж чадсан, тэднийг хүч чадлаа өөртөө бүрнээ шавхан зориулахад хүргэсэн их сайн зохион байгуулагч, сайн менежер, менежментийн агуу их ухаантай хүн.

Нэг онцлог нь Чингис хаан ээж, эхнэрийнхээ үгийг дагахад бэлэн байсан. Зарим хүмүүс монголын байлдан дагууллыг ганцхан алан хядлагын талаас үздэг нь буруу, гэхдээ түүнийг хэт багасгах нь мөн л буруу. Сайн муу аль ч талаас нь үзэж дүгнэх хэрэгтэй.

“Нууц товчоон”-ы зохиогч нь монгол хүн учраас харь үндэстний хүнийг алан хядсан тухай ерөөсөө яриагүй байна. Ганцхан татаруудыг хядсан тухайд л ярьсан байна. Татаар бас монголын нэг хэсэг учраас түүнийг бичиж болно гэж үзжээ.

– Нууц товчоонд Чингис хаан Чонос овгынхоныг далан тогоонд буцалгаж алсан гэдэг. Гэтэл тэр далан тогоонд буцалгасан тухайд манай түүхчид нэлээд маргаантай байдаг. Зарим нь тогоонд буцалгаагүй, харин тийм нэртэй газарт алсан гэсэн ч санал гаргадаг. Энэ талаар таныг санал?

– Тэр сэдвийн тухайд монголчуудын өөрсдийнх нь бичсэн эх сурвалжууд нь хүртэл ялгаатай байна. Нэг сурвалж нь “Нууц Товчоо”, нөгөө нь “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” юм. Энэ сурвалжийг уг нь монголоор бичсэн.

Энэ бол Сармаань гэгч хүн 1288 онд Хубилайд өргөсөн “Магад хууль” гэдэг номын хятад орчуулга байна. Энэ хоёр монгол сурвалж бичигт хэн буцалгасан нь зөрөөтэй байдаг. “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-д Жамуха өөрийн чоносын харьяатуудыг буцалгасан гэдэг. Түүний энэ харгис байдлаас болж олон овог аймгууд түүнээс салж, Чингист ирж нийлсэн гэдэг. Миний хувьд “Нууц товчоо”-нд бичсэн нь зөв гэж бодож байна.

“Нууц товчоо”-г 1252 онд бичсэн байна. Сармааний зохиол нь 1288 онд бичигдсэн. Тэгэхээр хожуу бичигдсэний хувьд Сармааны зохиол нь өөр зарим шинэ баримт ашиглаж, “Нууц товчоо”-г залруулсан юм байгаа болов уу, эсвэл нууц товчоонд юу бичсэнийг үзээд дургүй болоод зөрөөд өөрчилсөн ч байж магад юм, алийг нь ялгаж хэлэхэд хэцүү.

Түүнээс гадна энэхүү Далан тогоог орчуулгын талаас яаж тайлбарласан, газрын нэр ч юм уу, яагаад “далан тогоо” гэсэн нь ч бас л судлууштай асуудал.

– Та “Монголын Нууц Товчоо”-г 1252 онд бичигдсэн гэлээ. Гэтэл эрдэмтэд хүртэл 1240 онд бичигдсэн гэдэг дээр ямагт санал нэгдэж ирсэн шүү дээ? “Нууц Товчоо”-нд ч Хулгана жилийн Хуран сард Их хуралдай хуралдаж байхад бичиж төгсгөлөө хэмээн бичсэн биш үү?

– 1240 онд “Нууц товчоо” бичигдэх боломж байхгүй. Яагаад гэвэл Гүюг хаан Дорнод Европын аян дайнаас бүр 1241 онд буцаж ирсэн. Гэтэл “Нууц товчоо”-нд Гүюг хааныг Дорнод Европын дайнаас буцаж ирсэн тухай тодорхой бичигдсэн байгаа.

“Нууц товчоо”-д Өгөөдэй хаан миний дараа миний үртэс дотроос “өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд оровч нохой шиншихгүй” хүн гарвал өөр хүний үртэсийг хаан ор суулгаж болно гэсэн бол Жувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-нд “өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд оровч нохой шиншихгүй” хүн байсан ч миний үртэс дотроос хаан суух ёстой гэж зөрөөтэй бичсэн байна. Сүүлчийнх нь Өгөөдэй хааны үзэл баримтлал мөн.

Тийм учраас миний бодлоор Өгөөдэйн үртэс бус өөр хүний үртэс Мөнх хааныг хаан болсоны дараа л “Нууц Товчоо” бичигдсэн гэж бодож байна. Зарим улсууд 1252 онд Их хуралдай байгаагүй учраас “Нууц Товчоо” энэ онд бичигдэх бололцоогүй гэдэг. Монголын том хурал жил болгон болдог байсан. 1252 онд ч мөн Их хуралдай болсон гэж бодож байна. Тэгэхээр “Нууц Товчоо” нь Мөнх хааныг 1251 онд хаан болсоны дараа түүний зарлигаар бичигдсэн.

– Тэгвэл хэн бичсэн байх вэ?

– Түүнийг бүү мэд ээ.

– “Нууц товчоо”-г Шихихутаг, Елүй Чуцай, тэр ч бүү хэл өгөөдэй хааныг өөрөө бичсэн гэсэн таамаглал ч байдаг…?

– Хэн бичсэнийг зарим баримтлалаар таамаглаж болно. Жишээлбэл энэ бичээч маань Шихихутагийг их талархан бичсэн атлаа Мухулайн үйлдлийг их багасгаж бичсэн байдаг. Мөн хятад, перс зэрэг гадаад орнуудын үйл явдлыг ерөөсөө ойлгодоггүй, газарзүйн огтхон ч мэдлэггүй хүн байсан байна.

Тийм учраас түүнийг монголоос гараагүй хүн гэж үзэж болно. Мөн Өүлэн үжинг их дээдэлдэг хүн байжээ. Энэ мэт баримтлалуудыг авч үзвэл “Нууц Товчоо”-г бичсэн хүн бол Шихихутагийн шавь бөгөөд Өүлэн үжиний ордонд амьдарч байсан хүн болов уу.

Шихихутаг, Өгөөдэй нар “Нууц Товчоо”-г бичих боломжгүй. Хэдий “Нууц Товчоо”-г бичсэн хүн нь ордны дотоод амьдралыг сайн мэддэг ч гэсэн 1220-1230-аад оны үеийн үйл явдлуудыг биечлэн үзсэн хүн биш юм. Яагаад гэвэл “Нууц Товчоо”-д зарим алдаа бий. Жишээ нь Мухулайд 1206 онд Гүй ван гэсэн цол өргөмжилсөн гэж бичжээ. Энэ бол худлаа. Мухулайд энэ цолыг өргөсөн нь 1216 онд Хятадад хойт хэсгийг эзэлсэний дараах явдал юм.

Гүй ван бол Хятад хэлний нэг цол хэргэм. Чингис хаан 1206 онд яагаад Хятад цол хэргэмийг ашиглаж байсан нь ойлгомжгүй байна.

“Нууц товчоо”-нд хойт Хятадад хийсэн Чингис хаан болон Өгөөдэй хаан нарын байлдааны ажиллагааг хооронд нь хутгаж бичсэн байдаг. Тухайлбал Тулуй хааны хойт Хятадад хийсэн байлдаан нь Чингис хааны үеийн байлдаан биш, харин 1232 онд Өгөөдэйг хааны үед болсон билээ.

– Сорхугтани хатныг бичсэн гэсэн таамаглал ч бий..?

– Алтан ордны дотоодын улс төрийн учрыг маш сайн мэддэг, нэр нөлөө бүхий Сорхугтани бэхи шиг хүн энэ мэтээр алд дэлэм андуурч бичих боломж байхгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн бол Шихихутагийн шавь. “Нууц товчоо”-г 1252 онд бичихэд 30-35 настай байсан байж магадгүй. Тиймд 20-30-аад оны үйл явдлыг биечлэн үзээгүй, хүнээс сурвалжилж мэдсэн хүн нь илэрхий байдаг. Хэдийгээр тийм ч гэсэн энэ түүхийг уран сайхны талаас маш их чадалтай, дүрийг их нарийн илэрхийлсэн, бичгийн их чадвартай, авьяастай хүн байжээ. Хэрвээ Өгөөдэй хаан юм уу, Сорхугтани хатан нар бичсэн бол ордны дотоод амьдралын талаар тийм илэн далангүй ярихгүй байх болов уу. Ер нь ямар нэгэн улс төрч, улс төрийн үйл явдлын гүнд байсан хүн түүх бичихдээ тэгэж их илэн далангүй ярьдаггүй гэж би бодож байна.

– Түүхэн хүмүүсийн нэрийг ажиглавал сонирхолтой зүйл их байдаг санагдана…? Тэр үеийн монгол хүний нэрэнд түрэг гаралтай үг их байжээ дээ.?

– Тийм шүү. Тухайлбал Аригбөхийн Ариг гэсэн нь “цэвэр”, “ариун” гэдэгтэй адил утгатай турк үг. Тэгэхээр Аригбөх нь Ариунбөх гэсэн уг болов уу. Хубилайг “Лу Алтантовч”-д Хувилгаан сэцэн хаан гэсэн. Гэхдээ энэ нь бүддийн шашныг маш их хүндэтгэж, Манзширийн хувилгаан хэмээгдэж байсан учраас хувилгаан гэдэг утгыг хожим нь нэмсэн болов уу.

Язгуур нь “хувь” байж болно. Хүний нэрэнд “лай” гэдэг дагавар их байдаг. “хувьтавилан” гэсэн үг байж ч болох. Гүюг хааны хатан Огулхаймишийн “огул” нь “хүү”, “хаймиш” “хайсан” гэсэн түрэг гаралтай үг. Тэгэхээр энэ хатны нэр нь “Хүү хайсан” болно. Уг нь хүүтэй болмоор байдаг, тэгээд охин гарахаар нь тийм нэр өгсөн байж болно.

– Хөлөг хааны нэрийг та тайлбарлаж өгнө үү? Зарим үед Хөлөг морины Хөлөг ч гэж ойлголдог тал бий.

– Хөлөг хааны нэр нь “Үлэгү” буюу “Илүү” гэсэн утгатай үг. Түргээр ч мөн адил “Үлэгү” гэдэг нь “том” гэсэн утгатай. Түүнээс биш хөлөг морины Хөлөг огтхон ч биш ээ.

– Монголын эзэнт гүрний үеийн түүхээс судлагдаагүй атар онгон хэсэг байдаг уу?

– Тийм юм зөндөө бий. Жишээлбэл Ил хааны онгон нь “Шахи кү” гэдэг газарт байгаа тухай сурвалж бий. Яг ийм нэртэй уул Иранд байгаа. Өлзийт хаан лалын шашин, сүннит, шийтийн шашны алийг нь сонгох вэ гэсэн нэгэн том маргаан мэтгээн хийх үед Тарамтааз гэдэг уйгур гаралтай нэгэн монгол ноён Лалын шашны зарим улсууд эгчтэйгээ гэрлэж болно гэж үздэг. Зарим нь авга эгчтэйгээ гэрлэж болно гэдэг учир эдгээр шашин дэмий. Бид монголынхоо уугуул шашныг баримталж явбал зүйтэй гэжээ.

Дэвид Морган хэмээх персийн судлаач бичсэн номондоо энэ баримтыг иш татаад “Бүдүүлэг монголчууд лалын шашныг ерөөсөө ойлгохгүй байсан нь илэрхий байна” гэж дүгнэжээ. Энэ бол их буруу. Лалын шашинтнуудын хувьд аавын ах дүүгийн охидтой гэрлэхэд цааргалах юмгүй, харин ч дуртай байна. Харин монголчуудын хувьд аавын ах дүүс нь цус нэгтэй тул гэрлэж болохгүй учир байна. Тэгээд ч монголчууд өөрийн овгын хүмүүсийг ах дүүгээ гэж үздэг. Монгол хүний бодлоор аавын талын охинтой гэрлэвэл эгч, дүүстэйгээ гэрлэж байгаатай яг адил. Энэ персийн судлаач учраас монголчууд бүдүүлэгтээ юм ойлгохгүй байгаа гэж ярьж байгаа нь буруу, үнэн хэрэг дээрээ овгын гадуур, овгын дотуур хуримлахын ялгааг л харуулж байна. Монголчууд бүдүүлэг биш ээ. Тарамтаазын хэлсэнээр монголчууд овгын гадуур гэрлэх замтай байжээ. Харин исламд бол шашны соёлын нөлөөгөөр овгын дотуур гэрлэх чиг баримтлалтай байгаа.

– Алтан орд, Цагаадайн хаант улсын нэрийн тухайд ойлгомжтой. Харин Ил хаант улсын нэрийн талаар…?

– Ер нь бол “Ил болху” гэсэн үгнээс гарсан байна. “Ил” бол номхон буюу дагасан, “болху” бол урвалга хийдэг буюу тэрсэлдсэн гэсэн утгатай. Судлаачид Ил хаан гэдгийг үг дагадаг хаан гэж үзсэн байна. Гэхдээ зарим шинэ тайлбар ч гарсан. Гүюг хааны тамган дээр “Ил болху иргэн дор хүрвээс Аюутугай, биширтүгэй” гэсэн нь “дагасан болон тэрсэлдсэн иргэн дор” гэсэн утгатай үг байна. Монгол хэлэнд буян нүгэл, хар цагаан, сайн муу гэх мэтээр эсрэг утгатай холбоо үг байдаг. Түүний адил “ил болху” гэсэн нь эсрэг утгатай хоршоо үг юм.

Миний бодоход Ил хаан өөрийн байр суурь тогтвортой биш байсан учраас Юань гүрний дэмжлэгийг хүлээж авах бодолтой байсан. Тиймээс улсаа Ил улс гэж нэрлэсэн байна. Тэгвэл Юань гүрний дэмжлэгийг хүлээж авах магадлалтай болно. Яагаад гэвэл хойноос нь Алтан ордны улс, баруун хойноос нь Цагаадайн хаан довтолж байсан учраас хүчирхэг Юаниас дэмжлэг авах учиртай гэж бодож байсан. Чингис хааны удмын зарим хүмүүс Чингис хаан Персийн тэр газрыг ямар нэгэн алтан ургийн хүнд өмчилж өгөөгүй учраас энэ газар нутаг нь алтан ургийн нийтийн өмч гэж үзэж байсан. Чингис хаан амьд мэнддээ хувиарласан хувиарт Ил хаант улсын газар нутаг ороогүй. Тийм учраас энэ газарт Хаант Улс байгуулна гэдэг нь Чингис хааны гэрээсийг зөрчиж байна. Иймд Ил хаан өөрийн байр суурийг Чингис хааны соёрхолоор батлагдсан Алтан орд болон Цагаадайн ордны улсаас баахан буурай гэж бодож байсан байна.

Тийм учраас улсынхаа нэрийг Ил буюу дагасан хаант улс болгосон гэж үзэж байна. Ил хаант улсын хаан нь хаан ширээнд суухдаа ч Юан гүрний хаанаас батламжыг хүлээж авдаг байжээ.

– Монголчуудын тэр цагт хүчирхэг болсоны шалтгааныг түүхчид янз бүрээр л тайлбарладаг. Тооны олноор, зарим нь цэрэг дайны урлагаар, Л.Гумилев бол эрчимийн онол ч гэж гаргасан санагдана. Таны хувьд бол энэ хүчирхэгжлийг юугаар тайлбарлах вэ?

– Хүчирхэг болсоныг учрыг юуны түрүүнд цэргийн талаас нь үзэх хэрэгтэй. Монгол нүүдэлчид нь уугаасаа байлдааны аргад тухайн үеийн европынхоноос хамаагүй илүү сайн байсан нь мэдэгдэж байдаг. Түүний морьт цэрэг их хүчтэй байсан. Гэхдээ Чингис хааны үеийн монголчууд ганцхан морьт цэрэгтэй биш хот, балгадыг эвдлэх чадалтай байсан нь тэдний хүчин чадлыг үлэмж өсгөсөн.

Хожим Юань улс мөхсөний дараа Эсэн тайш гэх мэтийн 15-16 дугаар зууны үеийн монгол хаад Мин улсад олон удаа довтолсон ч гэсэн хот балгадыг эвдэлж чадаагүй. Тэд Чингисийн үеийн цэргийн эрдэм чадлыг алдаж мартсан байсан.

Харин Гэхдээ Чингис хаан хойд Хятадыг эзлэх үедээ 1211 онд хот балгадыг эвдэлж мэдэхгүй байсан ч маш хурдан сурч хоёрхон жилийн дараа эвдэлж эхэлсэн байна. Ийнхүү Чингис хаан хөрш орнуудын цэргийн арга тактикийг маш хурдан авч, бүтээлчээр ашигласны ачаар монголчууд тийм хурдан хүчирхэгжиж чадсан. Түүн дээр Чингис хааны зохион байгуулах менежментийн ухааныг нэмэх хэрэгтэй. Ер нь нүүдэлчид цэргийн талаар хүчтэй ч гэсэн улс төрийн талаар их задгай, зорилго нэгтэй болж нэгдэхдээ их муу байсан. Харин Чингис хаанаас Мөнх хааныг нас барсан хүртэл монголчууд үндсэн нэг зорилготой, их нэгдэл нягтралтай байсан байна. Уур амьсгалын юм уу, биологийн эрчим хүчээр юм байж болохыг үгүйсгэхгүй.

Аливаа үндэстний бууралт, өсөлтийг хэдэн зуун жилээр тооцож, одоо тэгнэ ингэнэ гэдэгт би итгэхгүй байна. Түүх гэдэг нь тийм механик шиг юм биш ээ. Цаг цагаараа явдаг. Гэхдээ би Гумилевийн зохиолыг нарийн судлаагүй. Ер нь бол Гумилев шиг судлаачдын судлал нь бодитой баримтыг үндэслэсэн биш, нэлээд хийсвэр онолын юм учраас би одоог хүртэл нэг их сонирхсонгүй.

– Саяхан Казахын нэг түүхч Чингис хааныг Казах хүн байсан, өнөөгийн монголчууд бол Чингисийн хойчийг залгамжлагчид биш, харин жинхэнэ залгамжлагчид нь Казахууд байсан гэж бичсэн байна билээ. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

– Үндэстний залгамжлал нь нэг талаар генефонд, нөгөө талаар хэл соёл байдаг. Орчин цагийн Монголчуудын соёл нь Чингис хааны үеийн Монголчуудынхаас ялимгүй өөр. Гэхдээ генефондын талаар Чингисийн монголыг бүрнээ залгамжилж байгаа. Хэлний талаар мөн үсэг бичиг жаахан өөрчлөгдсөн ч ярих хэл нь яг монгол хэл учраас Чингисийн залгамж мөн гэж үзэж байна.

Өөр үндэстнүүдийн хувьд Чингисийн Монголыг залгамжилж буйг илэрхийлдэг зарим нэгэн зүйлс бий. Тухайлбал Афганы хазар нарыг зөвхөн генефондын талаар монгол гаралтай гэж болно. Казакын цагаан ястнуудын зарим нь Чингис хааны үртэс, өөрөөр хэлбэл Зүчи хааны үртэс мөн. Зарим нь Аргун овгын үртэс ч байдаг. Татааруудын дотор ч Монгол гаралтай хүн байж магадгүй. Гэхдээ нэг онцлог нь Монголоос өөр үндэстнүүд хэдий генефондын талаар залгамжилж болох ч хэлний талаар өөр, хоёрт Чингис хааныг нийтээр дуртай хүлээж авдаггүй. Харин Монголчуудын дотор Чингис хаанд дургүй хүнийг олохгүй ээ.

Английн нэгэн Генефондыг судлаач эрдэмтэн Чингис хааны үртэс одоо 18 сая хүн ам болсон гэж судалгаа хийсэн байна билээ. Монголчууд зөндөө олон байсан. Одоо ч байна. Гэхдээ Чингисийн монголуудын залгамжыг хамгийн тодоор илэрхийлэх хүмүүс нь өнөөгийн Монгол Улсын болон өвөр Монголын монголчууд мөн юм.

– Монголын түүх, ер нь дэлхийн түүхийг судалж, үзэж байхад сэтгэлийг ихээр татсан ямар түүхт хүн байна вэ?

– Монголын түүхийг үзэж байхад хамгийн дотно сэтгэгдэж байгаа нь Инжинаши юм.

– Яагаад?

– Инжинаши өвөр монголд, суурин ба нүүдэлчин хоёр соёлын хооронд амьдарч байсан. Хятадын уран зохиол их сонирхож, хүндэтгэн үздэг, сайн мэддэг байсан ч монгол үндэстэндээ их хайртай байсан. Би америкийн хүн ч гэсэн Монголын судлаач. Би ч бас хоёр соёлын хооронд зогсож байх шиг байна. Инжинашийн олон үндэстний соёлыг адил тэгшээр хүндэтгэх үзлийг би их хүндэтгэн үздэг. Түүний зохиолыг унших их дуртай.

– За баярлалаа. Монголын түүх сонирхогчдод, ялангуяа судлаачдад маш сонирхолтой сайхан зүйл ярьж өглөө. Таны эрдэм номын ажилд улам их амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан Б.Номинчимэд

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Х.ЭТВҮҮД: “Монголчууд тэнгэрээс ямар нэгэн удирдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.””

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats