Соёлын шарх ба үзэл санааны ноёрхол

Тухай:

Соёлын Шарх (Загалмайтны шашны барууны сэтгэл зүйн ба гүн ухааны өвд өнөөг хүртэл нөлөөлсөн нөлөө)

Бурхан багш “миний сургаалийг өөр гадны хүч биш сүм хийд, лам нар өөрсдөө л үгүй хийнэ” гэж хэлсэн гэдэг. Монголын баруунд гүн ухаан судалж ирсэн эрдэмтэд ч мөн л гүн ухаан гээч юмыг үгүй хийж яваа лам нар гэхэд хилсдэхгүй. Монголын сэтгэл зүй ч мөн л ийм маягаар буруу замаар будаа тийж буцахдаа шороо тээх шинжтэй болжээ. Чомски өнөөгийн хүмүүнлэгийн ухааны эрдэмтэдийг “шинэ лам нар” гэж үздэгт их учир бий. Барууны боловсролын систем нь ихэвчлэн систем болон капитализмаа бүрэн хүлээн зөвшөөрч, тойрон хүрээлж, үг дуугүй даган баясдаг хүмүүсээ шүүж авч багш эрдэмтэн профессор болгож, хегемониал дискурс буюу ноёрхлын дээрэнгүй үзлээ түгээн дэлгэрүүлж, системийнхээ, капитализмынхаа суурийг улам батжуулж байдаг. Систем дагагчийг (establishment intellectuals) сонгон шүүж, эргэлзсэн эсэргүүцсэн хүнийг боловсролын системээс ялган гадуурхаж тусгаарладаг энэ механизм нь бага балчир насанд бүүр цэцэрлэгийн үеээс олон нийт мэдэх аргагүй далд хэлбэрээр эхэлдэг гэж үзжээ. Өөрийн гэсэн бодолтой, зааж байгаа хичээлд эргэлзэж асуудал дэвшүүлдэг хүүхдийг зөрүүд, нийгмийн чадавхи муу, зан араншин нь хэгжүүн гөжүүд гэх мэт онош тавьж түлхэн холдуулдаг. Мөн барууны шинжлэх ухааны арга хэмээн бие биенээсээ тусгаар саланги хүмүүнлэгийн олон салбар бий болгож, зөвхөн тухайн мэргэжил салбарын эрдэмтэн л “туйлын үнэнийг” айлддаг шиг үздэг нь зөвхөн “шинэ лам” болох эрдэмтдэд ихээхэн эрх мэдэл, статус олгоод зогсохгүй амьдралд таарахгүй олон онол бий болгох,төөрдөг байшин шиг тэрхүү онол суртахуунаар дамжуулан нийгмийн тодорхой нэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах эрх мэдлийн нүсэр том байгууламжтай байхад чиглэсэн ажээ.

Байгалийн шинжлэх ухааны салбарууд салбар хоорондын зааг хязгаарыг төдийлөн бие бинээсээ харамлаж, манаж хамгаалах гэж улайран тэмцдэггүй атал тэднээс байнга нэр томьѐо, жааз хайрцаг хуулж суудаг хүмүүнлэгийн салбарууд ингэдэг нь эрх мэдэл болон эрх мэдлийн үзэл сурталтай хичнээн их орооцолдсонтой нь холбоотой аж. Фуко энэ аалзны тор шиг ноёрхлын дискурсыг шүүмжлэхдээ “Физикийн эрдэмтэн Ньютон, Айнштайны томьѐог хэргэлэхэд иш татсан татаагүй ямар ч физикч хараад л шууд танина. Гэтэл би Марксын онолоос иш таталгүй бичээд байхад хүмүүнлэгийнхэн тэр бүр анзаарч танихгүй өнгөрөх нь их.” гэж егөөдсөн нь бий. Салбарынхаа зааг хязгаарыг ингэтлээ улайран хамгаалдаг хэрнээ хэн гэж нэртэй онолчийн юуг нь иш татсанаа хэлэхгүйгээр биччихээд байгааг олж хардаггүй нь нэг ёсны зугаатай онигоо юм. Барууны их дээд сургуульд олноор байгаа ийм багш нарын хэлснийг сурж, тоть шиг давтдаг хүмүүс өөрийн нутагт өөрийн нийгэмд ноёрхолын дискурс тарааж түгээж яваагаа ихэнхдээ мэддэггүй. Үнэндээ тэдэнд зааж байгаа зүйлс цаг үеэсээ хэдийнэ хоцорсон урсгал дагасан эрдэмтэн профессорын мэйнстрим мэдлэг байдаг аж. Энэхүү ноѐрхолыг гуравдагч орнууд болох Хятад, Энэтхэг гээд хүн ихтэй улс орнуудын элит өөрснөө сохроор дуурайн тарааж байгаа нь тэдний өөрийн дарангуйллын системд нэмэр болж байгаа хэрэг. Ноёрхлын аюул гайхалтай нь баруунд биш ийм үзэл бодлыг тахин шүтэж буй дэлхийн гуравдагч орнууд болох хүчирхэг гүрнүүдэд бий болж, одоо ид исч хөөсөрч байгаа үе шатандаа орлоо. Өөрөөр хэлбэл барууны систем хүн амын хөгшрөлөөс болж дэлхийд ноёрхох хүч нь хэдийнээ буурч, доройтож байгаа нь ойлгомжтой. Харин тэдний ноёрхлын гол нуруу болох элдэв шинжлэх ухааны нэрээр халхалсан ойлголт онолыг хүн ам ихтэй Энэтхэг, Хятад зэрэг орны “шинэ лам нар” тус бүрийн улс орондоо сохроор тарааж түгээж байгаа явдал нь хамгийн түгшүүртэй хэрэг юм. Дуураймал нь эхээсээ ч илүү аюултай болж эргэсэн явдал хүн төрөлхтний түүхэнд бишгүй их бий.

Энэхүү товч нийтлэлд Европ ба барууны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, оюуны санд өнөөг хүртэл үргэлжилж байдаг үндсэн хэдэн гүн ухааны ухагдахуун ойлголтод загалмайтны шашны суртахууны өв хэрхэн нөлөөлж, хэлбэр нь өөрчлөгдөж хэд дахин хувирсан ч доторх агуулга нь ноёлсон хэвээр байгаа хийгээд түүний дагуулсан болон дагуулж болох үр дагаварын тухай бичие. Нийтлэлийн бүхий л санаа оноог нийтлэл тэрлэгч өөрөө бодож олсон биш харин Мишел Фуко (Michel Foucault), Ноам Чомски, Эдвард Саид, Славож Жижек, Ян Ассманн (JanAssmann), Патрик Брэкен (Patrick J. Bracken) нарын бүтээлд тулгуурласан болно. Монголчууд Монголд сүүлийн үед болж буй нийгэмд өрнөж буй маш хурдан өөрчлөлтүүд ба түүний сөрөг үр дагаварт өртөж буй нь энэ өөрчлөлтүүдээс ашиг олж байгаа хэсгээсээ хамаагүй олон билээ. Ийм нөхцөлд барууны сэтгэл судлалын бүтээлүүд ихээхэн сонирхож эхлээд байгаад гайхах юм үгүй. Гэвч энэ тухай олж хүртэж буй материалд ихэвчлэн ноёрхлын үзэл суртал шингэсэн, орос хэл дээр орчуулсан маруухан орчуулгаар эсвэл англи хэл дээрх мэйнстрим бүтээлээр дамжсан байдаг нь ажиглагдаж байна.

Барууны хүмүүнлэгийн ухаанд колончлолын эсрэг болон постмодернист зэрэг шинэ урсгалаар сүүлийн үед ноёрхлын үзэл суртлыг шүүмжилсэн их хэмжээний бүтээлүүд гарч ирсэн ба үүнд Чомски, Фуко нараас аваад олон гарамгай эрдэмтдийн барууны гүн ухаан ба түүний өвийг шүүмжилсэн бүтээлүүд маш их нөлөөлсөн юм. Эдгээр хүмүүс салбарыг хооронд нь албадлагаар салангид байлгаж, мэдлэгийг өмчилж, хэдхэн хүний баялаг мэт төвлөрүүлж, үнэд хүргэж, зохиогчийн эрх патент зэргээр мэдлэгийн хүртээмжийг мөнгөтэй хүмүүсээр хязгаарлаж, түгээж тараадаг хуучин явцуу дэглэмийг тал талаас нь нураах оролдлого хийж эхэлсэн. Ийнхүү шинжлэх ухаан биш мөртөө шинжлэх ухааны салбар болох гэж зүтгэдэг хүмүүнлэгийн олон салбарт хэдэн арван жил үргэлжилсэн төөрөгдлийг зах зухаас нь ойлгох, олон нийтэд таниулах сөрөг СОЁН ГЭГЭЭРЭЛ гэж хэлж болохоор хөдөлгөөн бий болсон билээ.

 

Нийтлэлч Улаансухай 2014. 11. 29

Үргэлжлэл бий…

 

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Соёлын шарх ба үзэл санааны ноёрхол”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats