АМИНЧ ҮЗЭЛ ХИЙГЭЭД ХАМТАЧ ЁСНЫ ТУХАЙ

Тухай:

Өмнө нь би “Нийгмийн идэвхи ба Монгол” (2014.02.23.) өгүүлэл бичиж эдүгээ нийгмийн идэвхи ус агаар шиг хэрэгтэй тухай онол практикийн үндэслэлийг гаргасан. http://ganaa.mn/2014/02/23/hadyayasaa/

Одоо түүний эсрэг тал идэвхигүй байдлын тухай буюу аминч үзэл хийгээд хамтач ёсны тухай удаах өгүүллийг толилуулж байна. Ингэх цаг нь болсон гэж бодож байна.

Нийгмийн зэрлэгшил ба түүний шалтгаан
Эдүгээ:
– Эмнэлэгт хэвтэрт байгаа хөгшний дэргэд өв хөрөнгө булаалдан хэрэлдэж буй хойч үе
– Төрсөн үрээ гудамжинд орхидог адгийн шаарууд
– Төрсөн болон дагуур хүүхдээ тамлаж, тэр ч байтугай алж байгаа араатангууд
– Гэр орноор нь хүйс тэмтэрчихээд голомтоор нь шатаачихдаг зэрлэгүүд
– Эд мөнгөнөөс болж хүн алахаа юман чинээ бодохгүй бирдүүд монголын нийгмийн жирийн үзэгдэл болоод байгааг бүгдээрээ харж байна.
Эдгээр аймшигт үзэгдлүүд бүгдээрээ ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн, түүний мөн чанар юм. Нийгэм бүгдээрээ ийм болоогүй ч бид энэхүү адгийн жигшүүрт байдалд дасаж, буун өгч, түүний өмнө арчаагүйдэж, улам бүр автаж, хүчин мөхөстөж байна.
Социализмын сүүлийн жил буюу 1989 онд улсын хэмжээнд 72 хүн амины хэрэг гардаг байсан бол одоо жил тутам 700-900 хүн алж байгаа нь манай нийгмийн зэрлэгшлийг хөдөлбөргүй харуулна. Монголчууд бид гэмт хэрэгт нэгэнт дассан бөгөөд түүнийг цаг агаарын мэдээ шиг хүлээн авдаг болсон нь нууц биш.
Бараг ганц үндэстнээс бүрдсэн, шашин угсаатны онцгой зөрчил байхгүй, нэг хэл соёлтой, нэг иргэншилтэй жижиг үндэстэн яагаад ингэж аймшигтай зэрлэгшдэг байна ?!
Энэ бол нийгэм-иргэншлийн том шилжилт, капиталын анхдагч хуримтлалаас үүдсэн таваар болон мөнгөнд шүтэх үзэл буюу фетишизм хэт газар авч, нийгмийн ёс суртахуун доройтсонтой, хамгийн гол нь төр нийгмийн гаж, мулгуу үйл ажиллагаатай шууд холбоотой. Түүнчлэн энэ бол монголын нийгмийн уламжлалт болон хэвшмэл хамтач ёсны холбоо харилцааг санаатайгаар эвдэн устгаж, түүний оронд зөвхөн хар амиа бодох бэртэгчин үзлийг зориудаар суулгасан хөнөөлт бодлогын шууд үр дагавар мөн.
Энэхүү хөнөөлт бодлогын үр дүнд сүүлийн 20 гаруй жилийн дотор монголын нийгэм хийгээд түүний суурь харилцаа бүрэн эвдэрч, нийгэм атомжин, бие даасан, зөвхөн хар амиа хоохойлон амьдрахыг хичээгч бэртэгчингүүдээс монголын нийгэм бүрэлдэх болов. Хүний нийгэм бол бат тогтвортой, удаан хугацааны нийтлэгээр дамжсан харилцаан дээр суурилдаг болохоос хэсэг бусаг хүмүүсийн механик нийлбэр биш юм.
Монголын нийгмийн зэрлэгшлийн шалтгаан нь нийгмийн суурь анхдагч хамтач харилцааг эвдэж, хувь хүмүүсийг хар амиа хоохойлогч бэртэгчин болгон хувиргаж, нийгмийн бусад гишүүдтэй материаллаг ашгаас өөр ямар ч холбоогүй атом болгон задлан бутаргасан хөнөөлт бодлоготой шууд холбоотой. Энэ бодлогыг либерал сургааль номлолын хүрээнд ихэд хөхиүлэн дэмжсэн ба түүнийг хүлээн авч, идэвхийлэн номлогчид Монголд бэлэн байсан юм. Үр дүн нь монголын нийгмийн атомжилт, зэрлэгшил, тэгээд дээд зэргийн бэртэгчин монгол хүн болсон юм.
Энэ бүхнийг санаатайгаар, төлөвлөгөөтэйгээр, тухайлсан зорилготойгоор олон жилийн турш Монголд нэвтрүүлж, сурталчилж, дэлгэрүүлсэн юм. Тэгж сурталчилдаг үзэл сурталчид нь ч гэсэн нэн тодорхой.
Алдарт гүн ухаантан Эрих Фромм “Эрх чөлөөнөөс зугтахуй” хэмээх сонгодог бүтээлдээ нийгэм дэх хүний хувь шинжээ олохуй (индивидуализаци) хоёр талтай байдгийг анх анзаарсан юм. Түүнээс өмнө үүнийг хэн ч мэдэхгүй байсан хэрэг биш, Эрих Фромм зүгээр л шинжлэх ухааны хувьд томъёолон гаргасан хэрэг л дээ. Тэрээр индивидуальжих (хувь шинжээ олох) үйл явцад хүн нийтлэг, бүлэг, клан болон бусад хамтын нийгэмлэгийн уламжлалт хамтач ёсны бүтцээс тусдаа, түүнээс үл хамаарагч бие даасан социал субъект гэж өөрийгөө үзэх болдог. Үүний зэрэгцээгээр олон зууны турш хэвшин тогтсон социал холбоо харилцаа, түүний дотор харилцан туслалцах явдал сулран доройтдог. Энэхүү нарийн нийлмэл, зөрчилт үзэгдэл аж үйлдвэрийн капиталист нийгэмд түгээмэл байдаг гэж Эрих Фромм үзсэн юм.
Зах зээлийн нийгэмд хүмүүс эмх замбараагүй хөдлөх эгэл бөөмс шиг хөдөлгөөн хийдэг бөгөөд “хүмүүсийн үйлдэл зах зээлийн үйл явцаар тогтдог гадаад үр дүн үзүүлэгч тодорхой холбоо харилцаагаар дамжуулан үйлдлээ хийдэг, гэхдээ энэ нь тохиолдлын үр дүн байдаг. Тэр нь…цэвэр статистик хуульд үндэслэх…бөгөөд ийм болохоор түүнд утга учир ч байхгүй, зорилго ч байхгүй.” (Andre Gorz. Kritik der okonomischen Vernunft. Berlin, 1989. S.56.)
Энэ хандлага яваандаа харилцан туслалцаанд үндэслэсэн, социал харилцааны хэлбэржээгүй бүрдэл бүхий нийгмийг эвдрэлд хүргэдэг. Чухам үүнийг зах зээлийг онолчид тун их таашаан дэмждэг. Ухаандаа Фридрих Хейек гэгч орчин үед нийгэм гэдэг ойлголтын хэрэг огт байхгүй гэж үздэг. Тэр ч байтугай Хайек “нийгэм” гэсэн нэр томъёог хэрэглэх хэрэггүй гэж үзсэн. Түүнийхээ үндэслэлийг тэрбээр: “Хувийн дотно харилцааг дэмждэг хувь хүмүүсийн нөхөрлөл хийгээд уртын урт, эцэс төгсгөлгүй салбарласан солилцооноос гардаг зөвхөн тэр дохиоллоор холбогдож бүрэлддэг сая сая бүтэц зэрэг нь огт өөр төрлийн (тип) бүрдлүүд юм, эдгээрийг нэг үгээр нэрлэх нь биет алдаа төдийгүй, харин голдуу ах дүүгийн хамтын ажиллагаа гэсэн сэтгэл зүрхнийхээ төсөөллөөр өргөтгөсөн дэг журам бүтээх гэсэн бидний гэнэн хүслээр ямагт өдөөгдсөн байдаг” гэж тайлбарладаг. Улмаар Хайек түгээмэл зах зээлийн бүтцэд “эртний жижиг нийтлэг” хийгээд өнгө мөнгө харахгүй харилцан туслалцдаг өмнөх холбоо харилцаагаараа холбогдсон хүмүүсийн хамтлагт орон зай байхгүй гэж үзсэн юм.
Энэ нь эцэг эх, ах дүү, улмаар хөрш, тэр бүү хэл танихгүй хүнд хариу нэхэлгүй тус болдог монгол зантай хүн ардчилсан нийгэмд хэрэггүй гэсэн үг юм. Энэ санаа манай зарим хүмүүст маш их таалагдсан бөгөөд Хайекийг тэр дор нь орчуулж, суут онолч гэж байнга сурталчлах бөлгөө.
Гэтэл үнэн хэрэг дээр байдал ийм үү ? Үгүй л дээ. Орчин үеийн Англид дундаж хүн ажлынхаа 60%-ийг хариу тус нэхэлгүй, сайн дураараа эцэг эх, төрөл төрөгсөд, хөршүүддээ туслахад зарцуулдаг байна. Энэ бол өвөрмөц төрлийн “эдийн засгийн бэлэг” юм. (A Gift Economy: Notes on Alternatives to the Market // «Direct Action». 2001. Winter. No.21. P.6.)
Манайд энэ талын судалгаа байхгүй боловч Монголчууд тусч, нөхөрсөг зангаа бүрэн гээгээгүй гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд зорилго чиглэлтэйгээр явуулсан суртал нэвтрүүлгийн үр дүнд монгол хүний тусч, нөхөрсөг зан ихээхэн хэмжээгээр эвдрэлд орсон гэдэгт бас л эргэлзэх хэрэггүй юм. Хэрэв энэ чигээрээ явах юм бол тун удахгүй бид бүрэн зэрлэгших нь гарцаагүй. Чухам ийм ноцтой байдалд орсны учир энэ өгүүллийг бичиж байгаа юм.
Үйлчилгээний арилжааны түвшин өсөн нэмэгдэхийн хэрээр “шунахай” үйлдэл улам бүр газар авдаг бөгөөд энэ нь Монголд өдрөөр биш, цагаар өсөн нэмэгдэж байгаа нь бодит баримт юм. Үүний шалтгаан нь ардчилал, зах зээлийн улмаас нийгэм атомжиж байгаа аюулт үзэгдэл болно. Нийгэм атомжих нь нэн аюултай, хувь хүний хувьд ч, үндэстний хувьд ч сүйрэлтэй. Учир нь тийм нийгэмд хувь хүн эрх чөлөөтэй дураараа байж болох боловч нийтлэг хэрэгцээ, ашиг сонирхлоо хамтран илэрхийлж, хамгаалах чадваргүй болж үндэстний шинж чанараа алддаг.
Уламжлалт харилцааны тухай
Монголын нийгэм хот айл, саахалт айл, нэг гол усныхан гэсэн уламжлалт нийтлэгийн системтэй байсан. Үүнийг “жалгын нэг тарсан” гэж нэрлэдэг нь харьцангуй юм. Учир нь мал аж ахуйн гол гол ажлуудыг хамтын хүчээр хийдэг ардын ёс заншил хэвшин тогтсон байсан. “Тунгалаг Тамир” кинонд Итгэлт баян малынхаа ноосыг хамтаараа хяргаж буй нь үүний тод жишээ юм. Энд таваар-мөнгөний харилцаа огт байгаагүй, ардын ёс заншил, цэвэр ёс суртахууны хэм хэмжээгээр гүйцэтгэдэг байсан. Энэ бол ардын хамтач ёс юм. Нийтийн европ хэллэгээр бол коммунити юм. Гэтэл монголд коммунити угаасаа байгаагүй, түүнийг “ардчилсан маягаар” цоо шинээр байгуулах ёстой гэж үхэр шиг зүтгэдэг “онолч” Монголд олон бий. Дашрамд улс болгоны түүхэн ёсоор бүрэлдсэн нийтлэгүүд өөр өөр байдаг бөгөөд чухамд энд л тухайн улс үндэстний соёл, иргэншлийн хамаг сор, шим шүүс нь байдаг юм. Ухаандаа орос, хятад, солонгосын тосгод тэс өөр байх жишээний. Чингэвэл монголын хот айл, саахалт айлын системийн нийгмийн харилцаа, соёл эдгээрээс тэс өөр байх нь мэдээж хэрэг. Гэвч үүнийг анзаарч, тухайлан судалсан хүн тоотой хэдхэн.
Монголын уламжлалт нийтлэгт цорын ганц дутагдал байсан бөгөөд энэ нь орон нутгийн эдгээр нийтлэгүүд өөр хоорондоо холбоо харилцаагүй шахам, үндэсний хийгээд нийт нийгмийн түвшинд нэгдэн холбогдож чаддаггүй байсан юм. Энэ нь феодал-хамжлагын харилцаанаас шалтгаалсан гүн гүнзгий учир холбогдолтой агаад үүнийг одоо ярих нь эл сэдвийн хүрээнээс халин гарах биеэ даасан ихээхэн том сэдэв юм.
Ямар ч гэсэн монголчуудын тусч, нөхөрсөг, хамтач зан суртлыг гадна дотнын олон хүн гайхан тэмдэглэсэн байдаг.
Шинэ хамтач харилцаа
ХХ зууны эхэн үеэс Монгол орон орчин үеийн аж үйлдвэрийн нийгмийн зохион байгууллалтад орж эхлэв. Энэ нь аж үйлдвэр бий болсон, армитай болсон, төрийн болон аж ахуйн газрууд байгуулагдсан зэрэг нийгэмд гарсан хувьсгалт өөрчлөлттэй холбоотой.
Орчин үеийн аж үйлдвэрийн болон албан газруудад ажиллах болсноор монголчууд хөдөлмөрийн нарийн хуваарьт татагдан орж, хамтын хөдөлмөр эрхлэх болсон нь түүхэн их дэвшил байлаа. Энэ бол феодал-хамжлагын ёсны харилцаанд дарагдан байсан хот айлын анхдагч системийн дэргэд нийт улс үндэстний хэмжээний, асар том, асар өргөн боломжтой, нэн дэвшилтэт систем байсан юм.
Энэ систем хамтач ёсны цоо шинэ хэлбэр байсан бөгөөд монголын нийгмийн цоо шинэ үзэгдэл байсан юм. Учир нь монголчууд цэрэг дайнаас бусад салбарт буюу эдийн засаг, нийгмийн хамтын зохион байгуулалтат ёсонд анх удаагаа орсон юм. Энэ ёсны дагуу монголчууд хамтран үйлдвэрлэж, хамтран бүтээх их үйлсийг бүтээж сурсан билээ.
Удаах нь хөдөө аж ахуй, нэн ялангуяа мал аж аж ахуйг хоршоолсноор хөдөлмөрийн дэвшилтэт хуваарь нэвтэрч, хөдөлмөрийн хамтын зохион байгуулалт бий болж, хамтач ёс цоо шинэ дээд түвшинд гарч, хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилсэн юм. Энэ бол асар их үсрэлтийн шинжтэй дэвшилт байлаа. Энэ дэвшлийг хувийн өмчийг хураасан гэх ганц талаас нь шүүмжлэх нь утгагүй бөгөөд явцгүй. Учир нь хөдөө аж ахуйг хоршоолсны үр дүнд хамтач ёсны гол үр дүн болсон хөдөлмөрийн хамт олон асар олноороо бүрэлдэн төлөвшсөн юм.
Үүний зэрэгцээ Монголд хотжих үйл явц өрнөж, олон мянган малчин хот газар ирж суралцах, ажиллах зэргээр амьдрах болсон ба энэ нь бүгдээрээ ямар нэг хамт олонд харъяалагдана гэсэн хэрэг байв. Монголд хамт олноос гадуур хүн байгаагүй юм. Одоо бол хамт олонгүй буюу муугаар хэлбэл “золбин хүмүүс” хэт олон болсон гэдэгт эргэлзэх зүйл байхгүй.
Гэхдээ хот газарт уламжлалт харилцаагаа тэр чигээр нь хадгалан үлдэх боломж хомс байсан учраас монголд хотын гэж болох өвөрмөц соёл бүрэлдэн тогтсон юм. Энэ нь зун болмогц хөдөө явж амрах, хүүхдээ хөдөө явуулах, өвлийн идэш авах, ах дүү, нутгийн хүмүүсээ хотод ирэхэд нь үйлчлэх, зун зусланд гарах зэрэг туйлын олон хэлбэртэй.
Энэ үед хөдөөний уламжлалт харилцаа, хотын шинэ харилцааны хооронд зөрчил гарах нь мэдээж хэрэг. Үүнийг онолын хэллэгт хот тосгоны зөрчил гэдэг. Энэ бодит зөрчлийг “өнгөрсөн нийгмийн үлдэгдэл” хэмээн нэрлэж, халж өөрчлөх чиглэл баримталж байсан. Малчдыг хагас суурин байдалд оруулна гэж төлөвлөн ажилладаг байв. Гэхдээ нийгмийн суурь харилцааг илт дайсагнаж байгаагүй. Эл асуудлыг одоо болтол анхааран судалсан хүн байдаггүй юм.
Социализмын үед монгол хүний хувьд хөдөлмөрийн хамт олон уламжлалт нийтлэгийг ямар нэг хэмжээгээр орлох ёстой болсон юм. Энэ үүргийг хөдөлмөрийн хамт олон муугүй биелүүлж байсан ба нам засгаас хамт олны энэ оролдлогыг хөхиүлэн дэмждэг байлаа. Учир нь хувь хүнийг тогтоон барих, түүнд нөлөөлөх хамт олноос өөр арга хэрэгсэл байхгүй байсан юм.
Социализмын үед хамт олон зөвхөн үйлдвэрлэлийн төдийгүй, нийгмийн олон үүрэг гүйцэтгэдэг байлаа. Ухаандаа эмнэлгийн тусламж, амралт хийгээд үйлчилгээ, зарим төрлийн хангамж, асрамж зэрэг нь үндсэндээ хамт олны мэдэлд байв. Одооны залуус бүхнийг нам удирдаж байсан гэдэг нь харьцангуй юм. Харин хамт олны нийт сүлжээг л нам удирдаж, хатуу хянадаг байсан юм.
Зарим том албан газар өөртөө амралттай, өөртөө хүүхдийн зуслантай, өөрийн гэсэн зуслангийн байруудтай байсан нь үндсэндээ хамт олны мэдэлд, тэдэнд зориулсан байв. Хүнд жаргал зовлон тохиолдоход хамгийн түрүүнд хамт олон туслалцаа үзүүлдэг байсан бөгөөд энэ утгаараа “сайн хамт олон муу ах дүүгээс дээр” шахам байсан нь нэн тодорхой баримт юм. Ухаандаа хүн эмнэлэгт хэвтэх, өвдөх, үхэл зовлон тохиолдоход хамт олон ямагт дэргэд нь байдаг байв, мөн байранд орох, хурим найр хийхэд хамт олон л ирдэг байв. Мөн хамт олны дотор ойр дотно найз нөхдийн хүрээ бий болж, тэр нь насан туршийн үерхэлд хүргэдэг байв.
Хамтач, хүнд туслах ёс монголд нэн түгээмэл, ардын ёс заншил болтлоо хөгжиж чадсан юм. Ухаандаа зам дээр гараа өргөсөн хүнд машин заавал шахам зогсож авдаг, зорьсон газарт нь хүргэж өгдөг, зам дээр машин эвдэрсэн тохиолдолд дурын ямар ч жолооч зогсож, чадах ядахаараа туслаж, ихээхэн үнэтэй дугуй, сэлбэгээр хүртэл тусалдаг нь ардын ёс мэт байсан. Өөр бусад салбарууд болон өдөр тутмын харилцаанд ч гэсэн ийм сайхан хүнлэг, тусч жишээ олон байсан. Энэ бол ардын хамтач сайхан ёс заншил шинэ нөхцөлд баяжин хөгжиж ирсний тод жишээ мөн.
Социализмын үед хүмүүс бие биенээ тагнаж чагнан хоорондоо ч ярихаасаа айдаг байсан гэдэг яриа бол ардчилагчдын дэндүүлсэн цуурхал, худал гүтгэлэг юм. Зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг тагнаж чагнах асуудал огт байгаагүй.
Ийнхүү Монголд бүрдэн төлөвшиж байсан хамтач ёс бол олон согогтой байсан боловч нийгмийн дэвшилд асар их үүрэг гүйцэтгэж, монголын нийгмийн тулгуур, суурь харилцаа болж байсан юм. Монголын социализмыг хүнээ хайрладаг, хүмүүс нь бие биенээ хайрлаж хүндэтгэдэг нийгэм гэж үзэж бүрнээ болно. “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриа хийгээд бүх нийтийн хөдөлгөөн үүнийг гэрчилнэ. Гэтэл 1990 оноос хамтач ёсыг эвдэж эхлэв.
Эвдэн сүйтгэл
1990-ээд оны эхээр “бүх нийтийн шударга ёсны” хөдөлгөөн өрнөв. Манайхан ардчиллыг шударга ёс гэж дэндүү эндүү бодсон юм. Хамгийн шударга бус зүйлээс шударга ёс нэхдэг ард түмэн хэр олон байдгийг би мэдэхгүй. Романтик ардчиллын энэ хийрхэл тун ч удалгүй намжсан юм. Тэр үед өчүүхэн төдий шударга бус зүйл гарвал шууд босон тэмцдэг байсныг олон хүн санаж байгаа. Тухайлбал, архив, номын сангийнхан хүртэл ажил хаяж, өлсгөлөн зарлаж байлаа шүү дээ. Одоо бодоход энд сүртэй шударга бус зүйл байгаагүй нь тодорхой.
1990-ээд оны эхээр тавьж байсан ардчилсан шаардлагууд дэндүү “шударга”, тэр байтугай коммунизмын мөрөөдлөөс ч даван гарсан байлаа. Үйлдвэр, аж ахуйн дарга, захиралуудаа шууд сонгодог болно гэж дайрав. Үг хэлсэн ямар ч даргыг “битгий захиргаадаад бай” гэж загнадаг байсан цаг саяхан. Ийм даварсан юм гэж дэлхийд байхгүй л дээ. Энэ бол жинхэнэ анархизм байсан бөгөөд түүнийг ардчилагчид тун сайн сурталдаж баадуудаж байв.
Ингээд эхлээд мөнөөх үйлдвэрүүдийг нь хувьчилж, хэдхэн хүн хувааж аваад, хамт олныг нь буюу монголын хөдөлмөрчин ангийг шууд гудамжинд хөөж гаргав. Хамгийн гол нь монгол хүн гудамжинд гарсанд хамаг гай зовлон байсан юм.
Одоо монгол хүн золбин нохой шиг гав ганцаараа амиа тэжээх ёстой болсон юм. Түрүүлж яс олох хэрэгтэй, энэ ясаа хэнд ч алдаж болохгүй, булаах гэсэн нохойтой уралцах хэрэгтэй, цаашаа хараад ганцаараа идэх хэрэгтэй. Чи бол энэ ертөнц дээр гав ганцаараа. Ийм зарчим үйлчлэх болов. Энэ бол хүний нийгмийн биш, нохойн зарчим юм. Ийм байдалд олон улс ордог ч “зэрлэг капитализм” гэж нэрлээд түүнээс татгалздаг, үтэр түргэн салахын түүс болдог. Ийм зарчмыг Монгол Улс төрийн хэмжээний үзэл суртал болгов. Үүнийгээ либерализм гэж тайлбарлав. Ингэхлээр нийгэм мэдээж атомжиж л таарна.
Ингээд ирэхээр аймаар аймаар шударга бус зүйл энд тэндгүй гарч, түгээмэл зүйл болсон учир монголчууд эхлээд тоохоо болив. Тэгээд тэмцэхээ болив. Удалгүй шударга бус үйлээрээ уралдах болов. Сүүлдээ “шударга хүнээр манаа мануулдаг” гэсэн афоризм гаргаж, түүнийгээ онол болон практикийн хувьд сурталчилж эхлэв. Ингэж бүх нийтээрээ хар амиа бодохыг нийгэм атомжина гэдэг ба монголоор бэртэгчин нийгэм боллоо гэсэн хэрэг юм.
Чи зөвхөн хар амин бод, яахав гэр бүлээ бодож болно, харин түүнээс цааш хамт олон, үндэстэн, тэр ч байтугай Эх орон гэдэг бол зохиомол, хиймэл, утгагүй ойлголт гэдгийг албан ёсны түвшинд ил тод сурталчлах болов. Үүний гол бөгөөд тэргүүн үзэл сурталч нь Баабар болов. Тэрээр “Эх орон үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн эртний английн маргааны үгийг үндсэн сэдвээс нь салган авч бие даасан утга мэт сурталчлах болов. Энэ нь монголчуудыг эх орон, өөрийн үндэстнээ үзэн ядах үзлийн цөм болж, монголчуудыг олон жил хордуулж байна.
Эдүгээ манайд төр засаг хийгээд нийгмийн арчаагүй бодит байдалд дургүйцэх явдал асар их газар авсан нь нотолгоо шаардахгүй үнэн юм. Нөгөө талд нь эл байдлыг өөрчилж зохион байгуулалттай тэмцэх хамтын үйлдэл ор тас байхгүй байна. Энэ зөрөөг онолын хэллэгт идэвхигүй байдал, монгол хэлээр үхээнц байдал гэж нэрлэж болно. Цаашилбал монгол хэлэнд хийморгүй, заяа нь хаясан, унхиагүй, арчаагүй гэхчлэн үй түмэн үг байх. Бүгдээрээ манай бодит байдал яг тохирно. Энэ нь нийгэм атомжиж, хүмүүс бэртэгчин болсны бодит үр дүн, зайлшгүй төлөв байдал юм.
Сүүлийн үед хүнээ хөгжүүлье гэж энд тэндгүй орилох болов. Гэвч нийгмийн дотор байгаа атлаа нийгмээс ангид мэт байгаа тэрхүү атомжсан хүнийг хөгжүүлэх ямар ч боломж байдаггүй юм.
Дэлхийг чичрүүлж явсан суут Монголын үр сад ингэж арчаагаа алдах ч дээ гэж зарим үед бодогдох. Яагаад ?! Харин энэ яагаад бол онолын нухацтай судалгааны ажил мөн. Харамсалтай нь үүнийг манайхан огт сонирхдоггүй. Энэ нь мөнөөх л атомжиж, бэртэгчин болж, тэр нь оюун сэтгэлгээний залхуурал болтлоо даамжирсны үр дүн мөн. Нөгөө талаас “ямар нэг тодорхой хүчин” монголуудыг санаатайгаар ийм арчаагүй болгосон гэдэгт би огт эргэлздэггүй.
Монголчууд бэртэгчин болж, нийгэм атомжсаны хамгийн хорлогчинтой үр дүн бол монголчууд эрх ашгаа хамгаалан, хамтран тэмцэх чадвараа бараг бүрэн гээсэн явдал мөн. Энэ ч гэсэн сайтар бодож, зорилго чиглэлтэйгээр олон жил явуулсан хорт бодлогын бодит үр дүн мөн. Гэвч эл арчаагүй байдлаас гарах, салах, ангижрах олон арга бидэнд буй.
Эдүгээ Монголын нийгмийн арчаагүй байдалд онош тавих гэж их оролдох болов. Тэгвэл асуудал бүр гүндээ, нийгмийн суурь харилцаанд байгаа юм. Харамсалтай нь энэ асуудлыг бараг хэн ч сонирхохгүй, судлахгүй байна. Ингээд бүх төрлийн оношыг буруу бөгөөд өнгөц тавьж байна.
Нийгмийн хамтач ёсны харилцан туслалцах суурь харилцааг устгаад оронд нь саланги тусгай, атомжсан бэртэгчин ёсыг төрийн түвшинд сурталчилж байгаад манай бүх гамшиг оршино. Асуудал социализм, капитализм, тэр ч байтугай либерализмдаа байгаа юм биш, харин аль ч нийгэмд зайлшгүй байх ёстой хамтач ёсыг ул мөргүй устгаж, төрийн түвшинд бэртэгчин ёсыг дэлгэрүүлж, нийгмийн ёс суртахууныг уландаа гишгэж, монголын нийгмийг углуурга заадсаар нь задалж хорлосон болон хорлосоор байгаад оршино.
Учир нь зөвхөн хар амиа бодоод нийтийн, хамтын, үндэстний гэсэн юм бүхнээ сүйтгээд хорлоод бай гэж сургадаг либерал үзэл онол гэж энэ дэлхийд байдаггүй. Харин Монголын төр, намууд хийгээд түүнд ойрхон үзэл сурталчид л тэгж солиорох бөлгөө. Хэрэв төр засаг нь нийгмээ ийм маягаар уг сууриар нь задлан бутаргаж байвал түүнийг халж солих ганц л зам үлдэнэ.
Мөн монголчуудын заяа буян харьчихаагүй учраас үндэсний эв нэгдэл, хамтач ёсоо сэргээн дэлгэрүүлэх хангалттай хүч, суурь дэвсгэр Монголд байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Ямар ч гэсэн монгол үндэстний нэн тэргүүний зорилт бол хаа сайгүй нэвчиж бугшсан бэртэгчин үзэл хийгээд бэртэгчингүүдтэй тэмцэж, түүнийг ялан дийлэх явдал мөн. Ер нь ингэхэд асуудлын уг шалтгаан бидэнд өөрт маань байгаа болохоос гаднын ямар нэг хүчин зүйлд байгаа юм биш. Ийн ялах цорын ганц найдвартай хэрэгсэл хийгээд арга бол хамтач ёсоо сэргээн тогтоох, үндэсний эв нэгдлээ бататган бэхжүүлэх явдал мөн. Гэвч энэ нь тэнгэрээс өөрөө буугаад ирэхгүй, хэн нэгэн лам бөө, ид шидтэн бидэнд бэлэглэхгүй, харин бидний монголчуудын оюун ухаан, сэтгэл зүрхэнд далдын далд дараастай буй бөлгөө.
Залхуу, үхээнц, арчаагүй хүний гуйсан хүссэн зоргоор өөрөө гүйгээд ирдэг илүүдээ гарсан идэвхтэй Тэнгэр бурхан гэж байдаггүй юм. Дээрээс нь нийт үндэстэндээ биш, ганц хар толгойдоо зориулж залбирахаар ямар ч үйлс бүтэхгүй нь мэдээж хэрэг. Харин хүмүүс нь хамтач, эв нэгдэлтэй, өөрсдөө жавхаа хийморьтой, идэвхтэй, зорилготой ахул Тэнгэр Бурхан зөвхөн тэдэнд туслах нь гарцаагүй.
Хэрэв монгол хамтач ёс, эв нэгдлийг уншигчид сонирхох аваас судалгааны цувралын дараагийн өгүүллүүдийг толилуулахад би бэлэн байна…
Жич: “Нийгмийн идэвхи ба Монгол” хэмээх өмнөх өгүүллийг дахин уншихийг зөвлөж байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 07 дугаар сарын 01.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “АМИНЧ ҮЗЭЛ ХИЙГЭЭД ХАМТАЧ ЁСНЫ ТУХАЙ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats