ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛ (Литр цэвэр ус үйлдвэрлэхэд гурван литр ус зарцуулдаг!)

Тухай:

Хүмүүс бид бүх юмны үнийг мэддэг атлаа ганц ч юмны үнэ цэнийг гадарладаггүй. Оскар Вилд

Зөв, цэвэр хэрэглээ мэт боловч хуванцар савтай ус байгаль орчныг хамгийн их сүйтгэдэг бүтээгдэхүүний нэг юм. Усны мэргэжилтэн Элизабет Ройтегийн 2008 онд хэвлүүлсэн “Ус хэрхэн худалдаанд гарав, бид яагаад худалдаж авдаг вэ” номонд бичсэнээр АНУ-д гэхэд л савласан ус жилд дунджаар 50 тэрбум борлогддогийн талаас илүү хувийнх нь хуванцар сав дахин ашиглагдахааргүй хаягддаг байна.

Савласан усыг зөөвөрлөх, хадгалах нь ч байгаль орчинд халтай. Цэвэр ус савлан худалддаг бизнесийнхэн жилд хэдэн зуун тонн нүүрс түлэх, хэдэн мянган автомашин нэгэн зэрэг асаахтай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн хийг агаар мандалд цацдаг. Үүн дээр хуванцар савтай бусад төрлийн ундаа үйлдвэрлэгчдийн “хувь нэмэр” үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Савласан усны үйлдвэрүүд гүний усыг дундалж, ундны усны нөөцөд ч сөргөөр нөлөөлдөг. Үйлдвэрлэгчид литрийн хэмжээтэй савласан ус үйлдвэрлэх гэж гурван литр ус зарцуулдгийг тогтоосон олон улсын мэргэжилтнүүдийн судалгаа ч бий.

Гэсэн ч дэлхий нийт савласан усанд жилд дунджаар 120 тэрбум ам.доллар зарцуулсан хэвээр байна. Усаар гачигдсан юм уу, усны найдвартай ундаргагүй бүс нутагт савласан уснаас өөр сонголт байхгүй нь мэдээж. Үүнд байгаль эхийн өмнөөс “өршөөл үзүүлж” болно. Харин хэд алхаад л цоргоноосоо ус тосчхож болох хүмүүсийг аль болох савласан ус хэрэглэхгүй байхыг, байгаль орчныг хамгаалах үйлсэд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулахыг байгаль хамгаалагчид уриалдаг. Гэвч савласан усны бизнес олон хүний халаасыг түнтийлгэдэг болохоор хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүс хуванцар савтай усыг ил, далд сурталчилсаар байна.

Колумбын их сургуулийн Нью-Йорк хот дахь салбар болох Дэлхийн хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар савласан усны борлуулалт 2010 оноос сүү, кофе, жимсний ундааныхаас давж гарчээ. Өдгөө хуванцар савтай цэвэр ус бүх төрлийн ундаа дотроос борлуулалтаараа шар айраг, хийжүүлсэн ундааны дараа буюу гуравт орох болов.

Савласан усны худалдаа өссөөр буй ч байгаль хамгаалагчид болоод зарим албаны хүн олон нийтийг гоожуурын ус хэрэглэхийг уриалж, тэмцлээ үргэлжлүүлсээр байна. 2009 оны есдүгээр сард чухам тийм хүмүүсийн хичээл зүтгэлийн дүнд Австралийн Бунданун хэмээх жижиг хот савласан усыг бүрэн хориглосон дэлхийн анхны хот болжээ. Иргэдийнхээ цангааг тайлахын тулд хотын энд тэндгүй ундны усны цорго, жижиг усан сан барьсан тус хотын жишгийг дагаж АНУ-ын Сан-Франциско, Сиэтл зэрэг хот нэгдсэн хэрэглээндээ зориулж савласан ус худалдаж авахаа больсон бол Чикаго хотын захиргаа савласан ус бүрт таван центийн татвар нэмж ногдуулаад байна. Эдгээр хотын зарим зоогийн газарт мөн савласан усны оронд шүүж цэвэршүүлсэн гоожуурын ус худалдах болсон бол Европын зарим хотод, тухайлбал Дани, Германы жижиг хотуудад иймэрхүү журам хэрэгжих болжээ.

Гоожуурын усыг савласан уснаас илүүд үзэх болсон нь савласан усны бизнес эрхлэгчдийг барьц алдуулж, заримыг нь дахин ашиглагдахуйц сав бүтээхэд хүргэж байна. Хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган зэрэг элдэв металлаар хийсэн усны савыг өдгөө хаа ч худалддаг. Гэвч дахин ашиглах зарим савыг мөн л хуванцраар хийдэг, тэр нь голдуу нөхөн үржихүй, зүрхэнд сөрөг нөлөөтэй бисфенол A (ВРА) хэмээх бодис агуулдаг аж. Үүнийг тогтоосны дараа саяхнаас усны сав үйлдвэрлэгдэгчид бүтээгдэхүүн дээрээ “ВРА байхгүй” гэсэн шошго наах болсон ч үйлдвэрлэгч бүр хэрэглэгчийнхээ эрх ашгийг чухалчилдаг гэх 100 хувийн баталгаа үгүй билээ.

Саван дахь ус ч гэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан гэх баталгаа үгүй. 2008 онд ашгийн бус Байгаль орчны групп хэмээх олон улсын байгууллага савласан ус хамгийн олноор нь үйлдвэрлэж, борлуулдаг хэд хэдэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилж, хуванцар саван дахь ус үйлдвэрлэлд бүрэн туршигдаагүй химийн бодис ихтэйг тогтоосон байна. Мөн усны нэг удаагийн хуванцар савыг сүүлийн үед полиэтилентерефталат буюу PETE хэмээх давирхайгаар хийх болсныг тэд тогтоожээ. Полиэтилентерефталаттай эдийг ахин дахин ашиглахад хуванцар савны дегидроэпиандростерон (DEHA) хэмээх хорт хавдар үүсгэгч бодис идэвхэждэг байна. Энэ нь хүний бензыл бутыл фталат буюу ВВР хэмээх дааварт сөргөөр нөлөөлдөг аж.

Эдгээрээс гадна олон түмний өмч байсаар ирсэн, байх ч ёстой үнэт эрдэнэ болох усыг өмчилдөг нь савласан усны бизнесийн өөр нэг сөрөг тал юм. Усны мэргэжилтнүүдийн онцолдгоор савласан ус үйлдвэрлэгчид нийтийн усны ундаргаас бүтээгдэхүүнээ авч содон сонин нэртэй, цэвэрхэн гадаргатай хуванцар саванд хийгээд гоожуурын уснаас дунджаар 2900 дахин өндөр үнээр худалддаг нь дэндүү шударга бус явдал юм. Гэхдээ савласан усны үйлдвэрлэл эрхлэгчид их хэмжээний ашиг орлогоосоо нийтийн усны эрүүл ахуй, хангамжийг сайжруулахад зарцуулдаг бол бас ч өөр хэрэг билээ.

ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛ

  • Дэлхий нийт жилд дунджаар 2.4 тонн хуванцар сав хаядгийн 75 хувь нь цэвэр усных байдаг.
  • 2013 оны судалгаагаар дэлхий нийт 2012 онд хуванцар савтай 800 тэрбум орчим бүтээгдэхүүн худалдаж авсны дөрөвний гурав нь доторх шингэн нь дууссаны дараа шууд хогийн саванд оржээ.
  • Ус, ундааны хуванцар сав бол эрэг орчмын бүс нутгийг хамгийн ихээр бохирдуулдаг гурван зүйлийн нэг.
  • Хуванцар саванд агуулагддаг химийн хорт бодисууд сав хаягдсаны дараа буюу дотор нь шингэн зүйл хийж ашиглахгүй байлаа ч идэвхтэй байдаг.
  • Хуванцар савны хөрсөнд шингэх дундаж хугацаа 700 жил. Гэхдээ зарим төрөл нь гялгар уут шиг хэзээ ч өөр биетэд уусаж шингэдэггүй.
  • Хуванцар саван дахь химийн бодисууд амьтны дотор эрхтэн, арьс, үсээс гадна хүний мэдрэлийн эсийг гэмтээдэг нь нотлогдсон.

 

ЯАХ ЁСТОЙ ВЭ

Найдвар тасрах болоогүй байна. Хуванцар савны хор хөнөөлийн талаар дэлхий нийт ярьдаг болсноос хойш анх удаа 2008 онд дэлхий дахины хуванцар савны хэрэглээ өмнөх оныхоос нь буурсан тооцоо гарсан бол 2013 оны судалгаагаар усны нэг удаагийн бус савны худалдаа дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад олон улсад 30 орчим хувиар өссөн дүнтэй байв.

Агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг нэмэлгүйгээр хуванцар сав бүтээхэд ашиглах ионы шингэн хэмээх түүхий эд гаргаснаа Сингапурын эрдэмтэд 2013 оны сүүлчээр зарласан. Харин өнгөрсөн жил англи эрдэмтэнд аман дотор хайлдаг, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цэвэр усны уутанцар бүтээснээ танилцуулжээ. Европ мэргэжилтнүүд гэрэл, дулаан ялгаруулагч тусгай төхөөрөмж ашиглан хуванцар савны хор хөнөөлийг багасгах арга сэдсэн нь бий. Төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төхөөрөмжийг бүтээх ажил ид өрнөж байна. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй цоргоныхоо усыг шүүж, буцалган уух нь байгаль орчныг болоод өөрийгөө ч хайрласан үйлдэл болох юм.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛ (Литр цэвэр ус үйлдвэрлэхэд гурван литр ус зарцуулдаг!)”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats