Популизмын ойлголтыг гуйвуулсан популистууд

Тухай:

Өнгөрсөн 3 сард “Либерал Хауз” хүрээлэнгээс  ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимтай хамтран “Улс төр ба популизм” сэдвээр эрдэмтэд, судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Судлаачид маань популизм гэдэг үгийг янз бүрээр тайлбарлав. Гэвч хэн нь ч тийм ойлгомжтой, хялбараар тайлбарлаж чадсангүй. Хэн нь ч яг тодорхой, оновчтой жишээ гарган хэлсэнгүй. Эцсийн дүндээ чухам юуг популизм гэх, юуг популизм биш гэх вэ гэсэн асуудлыг авч хэлэлцээд тодорхой хариулт өгч чадаагүй. “Ялгаж салгах нь тун хэцүү, боломж муутай зүйл” хэмээн санал нэгдэцгээсэн нь хэт бөөрөнхийлсэн дүгнэлт байлаа. Харин хэлэлцүүлэгт оролцогчид “Популизм гэдэг нь бусдын зүгээс эрх баригчид, элит бүлэглэлийн эсрэг явуулж буй арга хэмжээнүүд” гэсэн тодорхойлолт дээр санал нэгдэцгээж байсан нь тун сонирхолтой хийгээд хачирхалтай санагдав. Харамсалтай нь энэ нь судлаач, эрдэмтдийн түвшинд авч үзвэл тун дутуу, дулимаг тайлбар юм. Нэгэн эрдэмтний “ярьж буй зүйлээ хялбар ойлгуулах тайлбар өгч чадахгүй байгаа хүн нэг бол ярьж буй зүйлээ мэдэхгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг нуугаад буй хэрэг” гэсэн үг санаанд орж ирж байв.

Уг нь бол популизм гэдэг нь тэгж их будлиад, бөөрөнхийлөөд байх зүйл биш. Харьцангуй шулуухнаар тайлбарлаж болох ойлголт. Популизм гэдэг нь язгуураараа популис гэсэн Латин үгнээс гаралтай, ард түмэн, үндэстэн гэсэн утгыг илтгэдэг. Тиймээс уг мөн чанараараа популизм нь ард түмэн, үндэстний эрх ашгийг хамгаалсан үзэл баримтлалыг илтгэдэг. Гэвч орчин үед барууны улс төрд популизмыг сөрөг үзэгдэл мэтээр тайлбарлах нь давамгайлж буй нь улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчил, хүчний тэнцвэрийн өөрчлөлтүүдтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор манай эрдэмтэн, судлаачид маань популизм гэдэг үгийг хор уршигтай зүйл хэмээн сөрөг талаас нь голчлон тайлбарлаж эрх мэдлээ хамгаалах, алдаатай бодлогоо нуун далдлах, өөрсдөдөө хир халдаахгүй байх, бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгох гэж оролдож буй нь олон улсын түвшинд шинэ зүйл биш. Харин ч манай улс төрчдийн хувьд бусдаас авсан заавар, хэрэгжүүлж буй туршлага гэлтэй.

Тэгвэл популизмыг нэг талаас үндэсний эрх ашгийг хамгаалсан үзэл баримтлал, бодит үнэнийг илчилсэн үйлдэл гэж үздэг бол нөгөө талаас юу гэж тайлбарладаг вэ? Улс төрчдийн хувьд эрх мэдэл олж авах, нэр хүндээ өсгөх зорилгоор ард түмэнд таалагдах боловч бодитоор биелэх боломжгүй, худал амлалтуудыг өгөх нь популизмын бас нэгэн төрөл юм. Өөрөөр хэлбэл популизм нь эерэг-ард түмний эрх ашгийн төлөөх, сөрөг-үл биелэгдэх, худал амлалт өгөх гэсэн хоёр төрөл байна гэсэн үг.

Монгол Улсын нийт гадаад өр хэрээс хэтэрсэн байгаа талаар ярилцаж байсныг “Популизм хийлээ” хэмээн тайлбарлаж байхыг би сонссон. Хэрэв энэ үнэхээр популизм юм бол эерэг популизм байж таараа. Яагаад гэвэл энэ нь үндэсний эрх ашгийн асуудлыг хөндсөн бодит үнэн факт. Монгол Улсын нийт гадаад өр 21 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 180 орчим хувьтай тэнцээд байгаа нь эдийн засгийн аюулгүй байдалд харшилж буй ноцтой, тулгамдсан асуудал юм.

Мэдээж, одоо сөрөг популизмын жишээ хэлээч гэж хэн нэгэн шаардаж магад. Тэгвэл олонд хамгийн их танил болсон жишээнээс түүвэрлэн авъя. Монголчууд бид Гонконг-Бээжин-УБ-Москва-Лондонг дамжсан шилэн кабель татаж манай газар нутгаар дамжсан учир олон зуун сая ам.долларын төлбөр авч баяжина гэсэн үлгэр бий. Энэ мэдээж сөрөг популизмын тод жишээ. Учир нь энэ амлалт худал байсан төдийгүй биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй. Хүн бүхний мэдэх бас нэгэн жишээ байна. Монгол Улсыг Азийн өндөр хөгжилтэй дөрвөн бар улсын адил хүчирхэг нэгэн бар болгох амлалт. Харамсалтай нь тэр амлалтаас хойш хорь орчим жилийн дараа өдгөө Монгол Улс бар биш “баар улс” болсон хэмээн хэлцэх олны үгийг үгүйсгэж боломгүй. Монголын эдийн засгийг 70 хоногт босгоно, 100 хоногт хямралаас гаргана гэх худал амлалтууд ч мөн л сөрөг популизмын нэг хэлбэр мөн. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл саяхнаас хүчтэйгээр яригдаад буй Таван Толгойн “Мийгаа төсөл” болоод нэлээд хэдэн жил хүлээгдээд буй Оюу Толгойн төсөл юм. Эдгээр төсөл нь сөрөг популизмын хэв шинжүүдийг бүрэн агуулаад байгаа. Яагаад гэвэл эдгээр төслүүдэд яригдаж буй “асар их хөрөнгийн урсгал”, бүтээн байгуулалтуудын амлалтууд нь ихэнхдээ худал, биелэгдэх боломж муутай гэдэг нь батлагдсан буюу батлагдсаар байгаа юм.

Ямартай ч 1072 хувьцаа оноох замаар ард түмэнд өмчлүүлсэн гэгддэг Таван Толгойн хувьд Монгол Улс 120 сая ам.долларын өртэй байгаа бөгөөд асуудал “Мийгаа төсөл”-ийн санал болгож буйгаар бол хувьцаа эзэмшигч иргэдэд хохиролгүйгээр шийдэгдэх боломж муутай байгаа. Оюу Толгойн хувьд Монгол Улс ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртэй байгаа төдийгүй засгийн газар ОТ-оос авах ёстой татвараа авч чадахгүй байгаа юм. Үнэндээ уг уурхайгаас улсад орж ирэх орлого нь төлбөрийн баланс дээр хасах дүнтэй гарч байгаа. Үүнээс үзэхэд Таван Толгой, Оюу Толгойн төслүүдээс учирч буй хохирлууд нь Монголын ард түмнээс сөрөг популизмд төлж буй өртөг гэж үзэж болно. Судлаачдаас Монголд популизмын өртөг өндөр байсан, 2004 оноос хойш популизмдаж улсын хөрөнгийг үрэн таран хийж 10 тэрбум ам.долларыг цацсан, хулгайлсан хэмээн тоо баримт дурдсан нь сайшаалтай хэрэг. Хэдийгээр энэ тоог хэрхэн яаж тооцож гаргасан, баримтжуулсан бол гэдэг нь сонирхол татаж буй ч гол нь өдгөө эрх баригчдын үйл үйл ажиллагаанд (алдаатай, үрэлгэн бодлого) шүүмжлэлтэй хандвал популизм болно гэсэн мессежийг өгөөд байгаа нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй бөгөөд илүүтэй анхаарал татаж байв. Дашрамд дурдхад хэлэлцүүлэгт эрх баригчдын хөрөнгө шамшигдуулсан нөхцлийн талаар ярьж буй нь популизм гэхээсээ илүү эдийн засгийн хэллэгт “цагаан заан” хэмээн нэршсэн хөрөнгөд үрэлгэн хандах, мөнгө угаах нэгэн башир аргын талаар хэлцэж буй мэт санагдаж байв.

Судлаач, эрдэмтний байр суурьнаас бус харин улс төрийн үзэл бодлын өнцгөөс харж популизмыг тайлбарлах гэж оролдвол бэрхтэй бөгөөд зөрүүтэй, тодорхой бус ойлголтуудыг бий болгоно. Тийм ч учраас хэлэлцүүлгээс гарсан тайлбар, дүгнэлтүүд, жишээнүүд нь тодорхой бус, авцалдаа муутай байсан бизээ. Гэхдээ хэлэлцүүлэгт оролцогчдоос логикийн хувьд авцалдаа муутай ч тодорхой нэгэн мессежийг давтан өгөөд байсан нь “эрх баригчид, элит бүлэглэлийн эсрэг юм хэлж, ярьж буй бол тэр нь популизм юм” гэсэн дүгнэлт. Эрдэмтэн, судлаачдын гэхээсээ илүүтэй эрх баригчдын тусын тулд хийсэн байж болох улс төржсөн энэхүү хэлэлцүүлгийн гол мессеж нь логик утгаараа Австралын эрдэмтэн Даниал Албертази and Дункан Макдонел нарын тодорхойлсон “Популизм нь үндэстний эрх ашгийг хамгаалагчид болоод ямар нэг байдлаар илүү эрх мэдэл, баялгийг хуримтлуулж чадсан цөөнх, элит бүлэглэлийн хоорондын зөрчил” гэсэн тодорхойлолттой дүйцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр бас нэгэн асуудал хачирхал төрүүлж байсан нь Resource Nationalism-ийн тайлбар байв. АН-ын томоохон албан тушаалтай, гадаадад боловсорсон гэх “судлаач” эрхмүүд Resource Nationalism гэдэг нь “Баялгийн Үндэсний Үзэл” бөгөөд популизмын нэг хэлбэр юм гэж ирээд ярив. Эдийн засгийн мэдлэг муутай болоод англи хэл дөнгөж үзэж буй хэн нэгний хувьд бол ойлгож болох юм. Харин гадаадад төгссөн, “судлаач” нэр зүүгээд явж буй хүмүүсийн хувьд бол ингэж ярих нь тун харамсалтай хэрэг. Үнэндээ бол байгалийн баялгийг төрийн мэдэлд, ард түмний мэдэлд авах ажиллагааг resource nationalism гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл “Nationalize Resources” гэсэн утгыг илтгэдгээс бус үндэсний үзэл гэж тайлбарлах нь буруу бөгөөд асуудлыг тун өнгөцхөн ойлгожээ, зөвөөр ойлгож залруулаарай гэж хүсье. Нөгөө талаас байгалийн баялгийг ард түмний мэдэлд авахыг популизм гэж үзэх нь лицензийг эзэмшигч гадна, дотнын цөөн хэдэн иргэд, компаниудын эрх ашгийг хамгаалах гэсэн нэгэн заль, судлаачийн бус, улс төржсөн, ашиг сонирхолын өнцгөөс харсан дүгнэлт. Латин Америкийн орнуудад үүнд дундаа Венесуэл, Чилид амжилт олоогүй башир нэгэн арга юм. Монголчууд бидэнд байгалиас заяасан, өвөг дээдсээс маань өвлүүлж үлдээсэн баялгийг хэн нэгэн хүн хувьдаа эзэмшинэ, өмчилж авна гэдэг буруу. Байгалийн баялгийг хувьд шилжүүлснээр улс орон хөгждөг гэдэг нь худал гэдэг нь нотлогдсон. Ер нь хүний гараар бүтээгүй баялаг эсвэл нийтийн өмчийг хувьчлах нь хуулиар халхавчилсан хулгай юм. Олон түмэнд таалагдах гэж худал тайлбар, амлалт өгч, үнэнийг мушгин гуйвуулж байгаа нь популизм гэдгийг бид тодорхойлсон. Тэгвэл популистууд нь өөрсдөө популизмыг тодорхойлох гээд арга ядаад байгаа ч юм шиг. Үнэндээ популизмыг популистууд шүүмжлээд байх нь инээдтэй. Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга хашгирдагтай адил ч юм шиг.

Ямартай ч одоогийн эрх баригчдын чадваргүй байдал, гадна дотныхонтой нийлэн улсын хөрөнгийг үрэн таран хийж буй байдал, хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудал, өр шир хэрээс хэтэрсэн асуудлыг ярьж шүүмжлэлтэй хандвал популизм болох юм байна гэж ойлгов. Байгалийн баялаг, нөөцөө ард түмэн эзэмших нь буруу, популизм юм байна гэж ойлгов. Харамсалтай нь “эрдэмтэн, судлаачид”-ын гаргасан энэ дүгнэлтүүд тун үнэмшил муутай байна. Энэ нь популизм гэсэн ойлголтыг гуйвуулан хавтгайруулж ангайсан бүхнийг популист гэж хочлон амыг нь таглаж аваад хүссэн бүхнээ хийх гэсэн тактик юм уу ч гэж бодогдмоор. Гэхдээ нөгөө талаас улс төрчдийн зүгээс, үүн дундаа өнөөгийн шийдвэр гаргачдийн зүгээс ард түмэнд худал амлалт өгөх, үл гүйцэлдэх зүйлийг ярьж албан тушаалтайгаа зууралдах оролдлогыг буруушаах боломжийг олгож буй гэж үзэн талархууштай.

 

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Популизмын ойлголтыг гуйвуулсан популистууд”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats