МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ МӨХӨХ ВЭ?

Тухай:

Тавин жилийн дараа

Монголчуудыг мөхөж байгаа үндэстэн гэсэн айхтар яриаг ХХ зууны эхээр өрнөдийн хүмүүс дэлхий дахинаа дэгдээсэн юм. “Тавин жилийн дараа мөхнө” гэж тэд анхны таамаг гаргажээ. Гэвч тавин жилийн хугацаа нь дуусахад 600- гаадхан мянган ам бүлтэй байсан монгол улс хоёр сая дахь иргэнээ эх барьж авсан юм. “Зуун жилийн дараа мөхнө” гэж дараах таамаглал нь гарчээ. Гэвч тэр хугацаа нь дуусах хараахан болоогүй байна. Мөн 300 жилийн нас өгсөн ч “500 жилийн дараа мөхнө” гэж хамгийн өгөөмөр нэгэн таамагласан нь бас бий. Тэр тухай ихэд шуугицгаах боллоо. Тэгэхээр яагаад ийм таамаглал гарах болсныг сөхөж үзвэл их олон юм ойлгогдох бизээ.

Тавин жилийн насыг бидэнд хэн
хэзээ, яагаад өгсөн бэ?

Хорьдугаар зууны эхээр өрнөдийн улс гүрнүүдийн хараа дорно зүг рүү эргэж Ази тивийг нойрноос нь сэрээсэн юм. Монгол,Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам, Түвдийн зүг өрнөдийн аян эхлэж түүний үйлийн үрээр Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад улсууд хоёр хоёр хуваагдаж өнөө хүртэл салж сарнисан гэр бүлийн хэрүүл тасраагүй чигээрээ шинэ зуунд шилжив бололтой. Харин хоёр Вьетнам нийлжээ. Хятад, Тайваниа авахаар завдаж Хонконгоо нэгтгэхэд нэгэнт тулж ирээд байна. Монголын хувь заяа бол тэдгээрээс төө өмнө гурав хуваагдах тавилантай учирч хальж гарах нь гарч, буруу харах нь харж, өвөрт орох нь орж гадаа үлдэх нь үлдээд хэдийнэ хэвшил болж орхисон байлаа. Гэвч хорьдугаар зууны “олз хуваах” их гүрнүүдийн шинэ мөрөөдөлд өнөөх Монгол мөн л дахин багтжээ. Шууд хуваах шууд бусаар хуваах хоёр аргын аль нь тохирохыг тандаж мэдэхээр Монголын үл ойлгогдох уудам тал говь руу эрдэм номын мөр хөөх сайхан нэрээр өрнөдөөс эрдэмтдийг хойно хойноос нь дараалан илгээж эхлэв. Прежевальский, Потанин, Певцов, Ядринцев, Козлов, Хэдин, Эндрюс гээд л хаант оросын голдуу жуулчид хорьдугаар зууны эхээр монгол руу ёстой л бэлчиж билээ. Тэднээс дуулиан багатай ч гэсэн худалдаа наймааны зорилготой өөр өдий төдий экспедиц монголд бужигнаж байсан. Тэр жилүүдэд монголын тухай олон арван ном хэвлэл гаргаж байж. Тэр бүхнийг эргэн харвал монгол орны баялагт гайхан бишрэхийн хамт хүн ардын нь хувь заяанд харамссан үг өгүүлбэр олонтаа тохиолдоно.
Монгол орныг “шуудайтай алт” гэж тэд нэрлэсэн юм.
Монголчуудыг “мөхөж буй үндэстэн” г эж тэд бас нэрлэсэн нь олон. Хоёулаа үнэн үг байсан нь хоржоонтой. Яагаад “шуудайтай алт” гэсэнд тайлбар хэрэггүй. Харин яагаад “мөхөж байгаа үндэстэн” гэсэнд тайлбар хэрэгтэй. Яагаад гадаадын хүмүүс монголчуудыг мөхөж байгаа үндэстэн, тавьхан жилийн дараа үгүй болно гэж хорьдугаар зууны эхээр “муу ёрлосоноо” тэд өөрсдөө ном зохиолдоо тодорхой бичжээ.

Нэгэн зүйл.

“…Бараг л урьдаас санаатайгаар энд тархаасан тэмбүү өвчин ард олонд халдварлажээ.
Хятадууд бас энд тахал холерын халдвар тархаахыг оролддог тухай ч яриа бий” гэж оросын тагнуул Пестовский “Орчин цагийн монгол” гэдэг номондоо дурджээ. (1915 онд хэвлэгдсэн мөн номын 11 дүгээр талд) Тэмбүү өвчин хятадын Дэнфү хотоос монголд дэлгэрээд мөнөөхөн хотын нэрээр “алдаршжээ”. Тэр нь харцаас хааныг хүртэл олон эрс эмсийг үргүй болгожээ.

Бас нэгэн зүйл.

“…Хятадаас монголд явуулж буй бодлогын эцсийн зорилго нь энэ улс орныг бүрэн хоосруулж үндсэн хүн амыг нь хорогдуулахад оршино. Тийнхүү монголчууд бөөн хятадууд дотор живж уусах юм” гэж И.И.Попов “Тэнгэр тэтгэсэн гүрнээс дундад иргэн улс хүртэл” (М. 1912 он, 224 дүгээр талд) номдоо дурджээ. Монголчуудыг гурван зууны турш колоничлохдоо хятадууд түүхий шавар хэрэмтэй цэргийн хэдэн хориг цайз (Ховд, Улиастай, Амгаланбаатар) модоор зангидаж босгосон хэдэн сүмээс өөр юу ч барьж байгуулаагүй юм. Цагийн гар даахаар нэг ширхэг ч барилга байгууламжийг тэд монгол газар үлдээсэнгүй.
“Хятадын засгийн газар Монголд хорвоод хосгүй автономит өгөөд бүхэл бүтэн зуунуудын туршид монголд соёл эдийн засгийн арга хэмжээ зохион байгуулахад нь нэг ч улаан мөнгө өгөөгүй юм” гэж оросын агрономич И.М.Морозов бүүр 1918 оны үед бичсэн нь аргагүй үнэн үг юм. (Монголд хийсэн Москвагийн худалдааны экспедиц, М. 1912, 278 дугаар талд)

Өөр нэгэн зүйл.

“…Хувцас нь элдэв бөөс хуурсаар шигээстэй байхад монгол хүн бараг л тэдгээртэй найз юм шиг ажрахгүй, харин европ хүн тийм гэрт амсхийх ч заяа үздэггүй. Ийм бохир заваанаасаа болж монгол хүн ой гутан зугтаамаар эвгүй өвөрмөц үнэр ханхлуулдаг…” гэж мөнөөхөн Морозов мөнхүү номын 223 дугаар талд бичжээ. Ахуйн хувьд иймдээ хүрсэн монгол хүний хүнс тэжээлийн тухай гэвэл “монголчууд өвчилсөн болон үхсэн малын тэр ч байтугай бүр боом, сахуу, тахал өвчнөөр үхсэн малын махыг ердөө эрүүл малын мах шиг л идэхээр барахгүй хот сууринд бусад хүнсний зүйлтэй хамт зарж худалдахыг ч зөвшөөрдөг” гэжээ. (Мөн номын 225 дугаар талд)
Эрүүл мэнд, идэж уух, эрх мэдэл нь иймэрхүү болчихсон улс үндэстэнд мөхөх сүйрэх хугацааг нь бодоод үзэхэд сайндаа л нэгэн жаранд тэсэх төдий хугацаа үлджээ гэж таамаглахаас аргагүй хэрэг байжээ. Үнэхээр л тэр янзаараа өнөөг хүрсэнсэн бол монголчууд үндэстний хувьд үгүй болох нь гарцаагүй байсан бизээ. Гэхдээ гадаадын хүмүүс бас ч сохор таамаглалаар хийсвэр ханддаггүй нь оносон хэрэг. Жишээ нь мөнөөхөн И.Морозов цааш нь бичихдээ “одоо үед (1912) хятад пүүс юмуу наймаачинд өргүй монгол хүн олоход хэцүү болжээ… Монгол хэзээ нэг цагт өөрийнх нь байсан малсүргийнхээ зөвхөн адгуулагч, манаач нь төдийхөн болж хоцорчээ…Гэхдээ дарангуйлагчдыг үзэн ядах үзэл сэтгэл зүрхэнд гүнзгий нуугджээ” гэжээ. Яг тэрний ачаар л монголчууд мориндоо мордож аз жаргалын аянд гарч төрөө төвхнүүлж насаа уртасгаж чадсан билээ. “Тавин жилийн дараа мөхнө” гэсэн хар төлгийг монголчууд худал хуурмаг хоосон үг болгон чадаад тэрхүү заасан хугацаа нь болоход 600-хан мянгаас хоёр сая ам бүлтэй өнөржсөн айл болж чадсан юм.
Тэгвэл “зуун жилийн дараа мөхнө” гэсэн үг бас худлаа болохнээ? Тэр тухай дараачийн өгүүлэлд үзэж ажааму!

Монголчууд хэзээ мөхөх вэ?

Зуун жилийн дараа!

Монголчууд тэр тусмаа өнөөгийн БНМАУ (монгол) улсын нутаг дэвсгэр дээр аж төрж буй монголчуудыг ойрын зуун жилд үгүй болно гэж өрнөдийн нэгэн монголч эрдэмтэн айлдсан юм. Тэрээр далдыг харагч юмуу, зөгнөлт зохиолч биш. Харин юм юманд нухацтай ханддаг түүхч эрдэмтэн хүн. Тэгвэл оргүй юм хэлээгүй баймаар даа.
Ганцхан 100 жилийн насыг бидэнд хэн юуны учир өгөв?
“Нүүдэлчин ардын хүүхэд өрсөлдөгч соёлтнуудад уусан алга болно. Ингэж аж төрөхийн нэгэн түүхэн хэлбэр манай үед алга болж байна” гэж английн нэрт монголч эрдэмтэн Р.А.Рупен саяхан бичсэн (тавиад онд) “Монголын үндсэрхэг үзэл” номондоо цохон хэлсэн үг нь түүнээс “монголчууд зуун жилийн дараа үгүй болно”’гэсэн дүгнэлт гарах гол үндэслэл нь болсон бололтой. Түүний үгийн гол утга бол нүүдэлчдийн соёл иргэншил нь аажмаар суурин соёл иргэншилд уусах замаар талийж одохыг хэлсэн ажээ. Үүнд үнэний тал бий. Яагаад гэх хүн цөөн биз ээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар ийш тийш сониучлан хараад алхаж яваа гадаадын ямар ч жуулчнаас сэтгэгдлийг нь асуухад “өө ердөө л европын аль нэгэн улсын жижигхэн хотоос ялгах юм алга” гэж хариулдаг, үгүй гэж үг сөрөх арга байхгүй, засаг төрийн ордны нь чанх үүдийг таглаад яг л Кремлийнх шиг хар улаан чулуугаар өнгөлсөн дөрвөлжин бунхан байдаг. Орон сууцны хорооллоор ороход Москвагийн Шинэ Черемушкийн аль нэг сууцанд орж байгаа юм шиг л санагддаг. Айлын хаалганы цоож түлхүүр нь ч ижил байдаг. Ёстой л өнөөх алдартай кинонд Москва дахь сууцныхаа түлхүүрээр Ленинград дахь орон сууцанд андуураад орчихдог тухай гардгийн үлгэр давтагдаж мэдэхээр…
Улаанбаатарын гудамжаар алхаж яваа залуучуудын зөвхөн навчгар хамар, хар үсээр нь л монгол гэж танихаар… Тэдний гутал, хүрэм, малгай, өмд, цамц, зангиа… ер нь юм бүгд нь цөм гадаадынх… Амнаас гардаг таван үгний нь гурав дөрөв нь мөн л гадаадынх…
– Улсын дараамын чиатрын билетийн кааснаас компанийнхаа броокэрт боонд авна гээд ярьж явна. Түүний амнаас гарсан 9 үгиин хоёрхон нь монгол үг. Мөдхөн “авна” гэдэг нь хаягдаад ганцхан “улсын” гэдэг үг үлдэнэ. Тэр нь л бүү гээгдээсэй дээ гэж залбиртугай. Буриадууд тэр үгийг хаяад “реслубликийн” гэдэг болчихсон. Өвөрлөгч нар дотор “го” гэж гоншигнох дуртай хум ч цөөнгүй. Халимагууд харин саяхнаас “тангач” гэцгээж ахин хэлд орж байна.
“Хэл, хил, мал гурвынхаа төлөө тэмцье” гэж ойрдоо монголын радио яруу найрагчийн үгээр дуугардаг болжээ. Гэвч эхний хоёр нь дайвар үг төдий үлдээд “малын” төлөө голдуу л бид өөрөө өөрсөдтэйгөө тулалдсаар л байна. Малгүй болчихвол монгол хөөрхийлөлтэй нь үнээн. Өөр амь зуулга байхгүй. Хилгүй болчихвол монголын бие нь үгүй болно. Хэлгүй болчихвол монголын сүнс нь үгүй болно. Үүнийг л тавиад жилийн тэргээд эрдэмтэн Роберт Рупен олж хараад бичжээ. Бичсэнийг нь монголчууд өөрсдөө хүлээж аваагүй. Учир нь тэр үед “өвчний шинж тэмдэг” бүдэгхэн байсан. Өвчин болчихно ч гэж бодоогүй. Харин ч өрнөдийн соёл иргэншлээс суралцахад саад тотгор тавих гэлээ гэж дургүйцсэн. Үүнд ч буруу юм байгаагүй. Гэхдээ давс ихэдвэл хоол хор болдог ёсон бий.
Яагаад Рупен монголыг НҮБ-д элсээгүй байх цагт ирээдүйг нь зуун жилийн орон цагаар хэмжих болсныг нь одоо түүний 1958 онд хэвлүүлсэн номноос товчлон сийрүүлье.
“Монголын ирээдүйн асуудал Хятад, Зөвлөлтийн хоорондын харьцааны ерөнхий чиг шугамаас ихээхэн хамаарах юм. Үүнд таван нөхцөл байж болохыг авч үзье” гэж уул хэсгээ эхлээд Рупен цааш бичсэн нь:
Гадаад Монгол улс Хятад руу буцан шилжиж магадгүй болох нь:
а) 1936 онд Эдгар Сноу Мао Цзе-дунаас интервью авахад: “Хятадад ардын хувьсгал ялах цагт Гадаад монгол өөрөө хүслээрээ хятадын холбооны нэг хэсэг болж орно” гэжээ. 1944 онд Мао Цзе-дун үүнийгээ Гюнтер Штейнд давтан хэлжээ.
б) Коммунист Хятадын газрын зурагт БНМАУ-ын хойд хилийг зааглаагүй харин Зөвлөлт БНМАУ-ын хилийг тод харуулж Хятад, БНМАУ-ын хилийг заагаагүй байна.
в) Хятад, БНМАУ-ын хооронд худалдааны ажил сэргэн жил бүр өсч буй.
г) Гадаад монголд цөөн орос суудаг атал хятад иргэд бөөн бөөнөөр нүүж ирсээр байна.
Дотоод ба Гадаад монгол хоёуланд нь Орос ноёрхож магадгүй болох нь:
а) Хуучин оросууд (1925 ба 1945 онд) панмонголизмыг хүлээн хүлцэж байснаас үзэхэд иймэрхүү зүйл тохиож магадгүй.
б) Дотоод монголын хэл бичигт хийсэн өөрчлөлт нь үүнээс өмнө Гадаад монголд зөвлөлтөөс хийсэн кирилл бичиг хэрэглэх өөрчлөлтөд үндэслэв.
в) Дотоод Монгол дахь Цининг хүртэл трансмонголын шинэ төмөр зам нь Оросын мэдэлд юм.
Дотоод монгол хятадын, Гадаад нонгол Оросын нөлөөллийн хүрээнд хэвээр байж болох нь:
а) Дотоод ба гадаад монгол XX зууны ихэнх үед тусгаар салангад байсан.
б) Дотоод монголын автономит мужийг хятадын коммунист намын монголчууд удирдаж байсан болохоос Гадаад монголын коммунистууд толгойлж байгаагүй.
в) Коммунист Хятад улс Гадаад монгол улсыг хүлээн зөвшөөрч Улаанбаатарт элчин сайдаа суулгаж байна.
г) Зарим өндөр мэргэжилтэй, туршлагатай орос мэргэжилтнүүд, Хятад Дотоод монголыг, Орос Гадаад монголыг хөгжүүлнэ гэдэг байна.
д) Дотоод монголд хятад иргэдийн тоо монгол иргэдийнхийг маш их хэмжээгээр давж байна.
е) БНМАУ-ыг ЗХУ-д хураамжлахыг Орос оролдвол Хятад улс нэлээд сайн эсэргүүцнэ байх.
БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн хураамжилж болох тухайд:
а) Хорин жилийн туршид “Бүгд Найрамдах” гэж байгаад Зөвлөлт Холбоот Улсад хураамжлагдсан Тагна Тувагийн жишээ монголд мөн тийм хувь заяа тохиолдож магадгүй гэж бодогдуулна.
б) Монголын коммунист нам (МАХН) улсаа жолоодож байгаа ба БНМАУ-ын албан үйлс ЗХУ-тай гайхмаар ижилхэн тохирч байх юм.
в) Зөвлөлтийн нөлөө хараан дор 37 жил байж коминтерний удирдлагад захирагдаж байгаагаас үзэхэд Монголын биеэ даасан байдал тун хэлбэрийн төдий юм.
Монголын биеэ даасан байдал ихсэж болох нь:
а) Монгол улс Хятад, Орос хоёрын хооронд яс хаяж хэрэлдүүлэн ашиг олж чадах бололцоотой юм.
б) Боловсрол нөхцөлөө дээшлүүлж орчин нөхцөлөө хянаж чадах болсон нь монголчуудад өөрсдөө ажил хэргээ явуулах боломжийг нэмэгдүүлж байна.
в) Төвлөрсөн засаг захиргаа ба улс төрийн хяналттай байгаа нь Улаанбаатар дахь засгийн газраас гаргасан шийдвэрээ биелүүлэх бүрэн бололцоотой болгож байна.
г) Цөөн тооны Орос тус улсад сууна. Гадаад монголын засгийн газар хятад иргэдийг захирч хянаж байдаг бололтой юм.
д) БНМАУ-ын засгийн газар монголчуудаас бүрдсэн ба эдний зарим нь жинхэнэ монгол эх оронч үзэлтэн болох нь гарцаагүй байна.
НҮБ-д Монгол гишүүнээр элсэхийн сайн талууд:
а) Монголын национализм (үндсэрхэг үзэл) нь занал сүрдүүлэгт орж хавчигдан шахагдаж байсан боловч олон улсаас түүнийг хүлээн зевшөөрч болох гавьяатай бодит үнэн зүйл юм.
б) НҮБ-аас монголыг хүлээн зөвшөөрөх нь түүнээс өөрийн өвөрмөц тусгаар биеэ даасан байдлаа хадгалахад нь тусалж үндэсний хэлбэрээ алдан түүгээр ч үл барам түүхийн хогийн саванд хаягдахаас аварч болох талтай.
в) Монголчууд нь коммунист бус орон ба ард түмэнтэй, үүнд өрнөдийн оронтой холбоотой байхыг ямар ч эргэлзээгүй хүсэж байна.
г) Тэд үйл хэрэг, хөгжлийн асуудлыг хязгаарлагдмал боловч нэлээд хэмжээгээр өөрсдөө барьж байна.
д) Монголыг ЗХУ-д хураамжлан нэгтэх эсэх асуудлыг Орос цэгнэн үзэж байгаа энэ үед БНМАУ-ын НҮБ-ын гишүүн болох асуудал орост муугаар нөлөөлж болох юм,
Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн тооны монгол төмөр хөшигнөөс гаран дэлхийг үзэж түүний амьдралыг мэдэх юм.
Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн ч гэсэн өрнөдийнхөн албан ёсоор чөлөөтэй явж БНМАУ-ын тухай бүрэн гүйцэд баримт мэдээ олж болох юм.
НҮБ-д гишүүнээр элсэхийн саар талуүд:
а) БНМАУ НҮБ-д орсон ч, ороогүй ч өөрөө биеэ даасан бодлого явуулж чадахгүй, одоогоор болон ойрын ирээдүйд Ерөнхий Ассамблей дээр ЗХУ-тай дуу нийлүүлж байх болно.
б) Тус улсын засгийн газарт чөлөөтэйгээр шилж сонгогдсон хүмүүс биш гагцхүү улс төрдөө дурамжхан бөгөөд хүлцэнгүй ард иргэдийг удирдан суугаа цөөн тооны сонгомол (элит) бүлэг этгээдүүд ордог.
в) Үндэсний Хятад (формоза) нь БНМАУ-ыг НҮБ-д орохыг яриангүй эсэргүүцнэ.
г) АНУ нь Монголыг НҮБ-д оруулахыг дэмжвэл бодлоо өөрчилсөн болж коммунистууд үүнийг “бууж өгсөн” гэж тайлбарлах болно гэжээ.
Монголын ойрын ирээдүйг 1958 оны 4, 7, 10 дугаар саруудад Их Британий Вангийн нэрэмжит Төв Азийн сэтгүүлд хэвлүүлсэн “Монголын үндсэрхэг үзэл” бүтээлдээ Роберт Рупен ингэж бичсэнийг бага зэрэг товчилсон чөлөөт орчуулгаар дээр иш татлаа. Энэ бүхэн тэр л маягаараа өнөөг хүртэл үргэлжилсэн бол Рупений тооцоо онох ч байсан байж болно. Гэвч үйл явдал өөрөөр эргэж монголчууд 1961 онд НҮБ-д элссэн юм. Улмаар 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгон авсан билээ. Гэвч эрдэмтэн Рупений санамжаас нэлээд зүйл түүний хэлснээр буюу түүнээс ч долоон дор байдлаар давтагдсаар байгааг анзаарахгүй юм бол түүний таамаглалын хугацааны бараг тал хувь нь өнгөрчихөөд байгаа ажээ. Үлдсэн хагас зуун жилд монголчууд биеэ шинжиж! төрөө засах тун ч их ажил үлдээд байгаа юм биш үү! Болгоогтун!

Гурван зуун жилийн дараа

“Монголчуудыг 50 жилийн дараа мөхмой” гэж энэ зууны эхээр монголоор аялан явсан өрнөдийн жуулчид зөгнөн бичсэн. Тэд ядуу дорой, өвчин эмгэгт баригдсан цөөхөн хэдээс монголчуудыг нүдээр хараад тэгж хэлцгээсэн. Тэр цагтаа яах аргагүй үнэн үг байлаа. Гэвч монголчууд үр үндсийг нь таслах гэж байсан нийгмийн өвчнөөс эрс шийдэмгий салж чадсаны хүчинд тавин жилийн нас өгсөн муу зөнг тасласан юм.
“Монголчууд зуун жилийн дараа мөхмой” гэж энэ зууны дундуур өрнөдийн эрдэмтэд хэлж байсан. Тэр бол улс төрийн шинжтэй дүгнэлт байсан. Юу гэвэл улс орныхоо тусгаар тогтнол, улс төрийн бие даасан байдлыг хангаж чадахгүй бол хоёр талынхаа аль нэг том хөршид нэгдэн нийлж, живж үгүй болох аюул илэрхий харагдаж байжээ. Тагна Тува ард улс ч юмуу түвд улсын хувь заяа ч үүнийг давхар нотлон байсан хэрэг. Гэвч монголчууд нэгдсэн үндэсний байгууллагад бүүр дөчөөд оны сүүлчээс эхлэн арав гаруй жил элдэв бэрхшээлийг даван туулсаар гишүүнээр элсэн орж чадсан юм. Дэлхийн зуугаад оронтой “алтан аргамжаар” холбогдож чадсан билээ. Тийнхүү улс төрийн баримжаагаар зуун жилийн нас өгсөн тэр зөнг худал болгох болзлыг хангажээ.
“Монголчуудаас 300 жилийн дараа юу ч үлдэхгүй” гэж бас нэг хүн хэлжээ. Энэ тухай дор өгүүлье.
“Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж Ван Дайк урьдчилан хэлж байна хэмээн 1929 онд Москва, Ленинградад хэвлэгдсэн “Ханьжоугаас Москва хүртэл” номын 134 дүгээр хуудсанд дурайтал биччихсэн байгаа.
Гурван зууны тэртээхийг бүүр 1927 онд олоод харчихдаг ямар гээч “мэргэн” эр байгаа вэ? Арай Нострадамус биш биз? гэж бодогдож болох юмаа. Нээрээ, тэр ямар гээчийн хүн байгаа вэ,
Леон Ван Дайк гэдэг тэр хүн нь Бельгийн католик шашны хар лам байжээ. Тэр ламыг “язгууртны асар өргөн боловсролтой олон хэлний ном бүхий номын сантай, гэрэл зураг маш сайн авдаг хятад, монголын амьдрал ахуйг харуулсан хэдэн мянган гэрэл зурагтай хүн” гэж уул номонд Америкийн сэтгүүлч авгай Анна Стронг бичжээ. Үнэхээр тэр үедээ язгууртны өргөн боловсрол мэдлэгтэй ба католик шашны хар ламын хувьд шашны дээгүүр зиндааны мэдлэгтэй энэхүү бельги иргэн монголын хувь заяаны талаар оновчтой үг хэлж чадах оюуны чадавхитай гэж цаг үедээ итгэгдэхээр нэгэн байжээ. Тэрээр хятадын Нэнси хотод монголоос нэг их холгүй аж төрж байжээ.
“Нээрээ монголчууд ямар нэгэн ач холбогдол, үнэ цэнэтэй гэж үү? Тэднээс ямар нэгэн бүтэлтэй юм гарна гэж үү?” хэмээн Анна Стронг мөн номынхоо 134 дүгээр талд асуулт тавьж бичжээ. Чингэж асуусан асуултандаа зарим хариу авснаа ч тэр дурджээ.
“Энэ асуултад би арай хожимхон хойт зүгт аялахдаа өргөө (урга) гэж урьд нь нэрлэгдэж байгаад одоо гадаад монголын нийслэл Улаанбаатар хот гэж ахин загалмайлагдсан хотоос зарим хариуг нь оллоо” гэж бичжээ. (мөн номын 134 дүгээр талд)
Хориод оны дундуур монголоор дайрч явсан тэрхүү сэтгүүлч эхнэр бол Анна Луиза Стронг гэгч бөгөөд хятадад залуу зандан насандаа очиж хувьсгалчидтай танилцан дараа нь хэд хэдэн ном бичсэн хүн юм. Сүүлд нь Мао- гийн тухай ч ном бичиж түүний ивээлээр Хятад улсад насны бөгсөнд орогнох болжээ.
“Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж айлдсан хар лам Ван Дайкийн үгэнд Улаанбаатар хотоос хариу авсан гэж Америкийн сэтгүүлч авгай бичсэнийг олон жилийн дараах хэрэг явдлын мөн чанартай холбож үзэх юм бол эргэцүүлж бодохоор зүйл басчиг цөөнгүй.
Нүүдэлчдийн соёл иргэншлийг мөхөх гол хүчин зүйл бол суурьшлын соёл иргэншил юм. Үүнийг дэлхий дахины байдал аяндаа ил тодоор ойлгомжтой хэлээд өгч байгаа билээ. Дэлхий бүхэлдээ нүүдэлчид, бядан явагчдын өлгий байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр 10 саяас илүү хүн амтай аймшигт хар “Мегаполис” гэгдсэн том хотууд тив болгонд хэд хэдээрээ буй болж нүүдэлчин гэж нэрлэчихмээр хүмүүс гэвэл ердөө л монгол, цыган (оорцог) хоёр үлдсэн ажээ.
Монголчууд ч гэсэн өнөөдөр жинхэнэ нүүдэлчид мөн үү? Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү нь хот суурин газарт аж төрдөг болжээ. Дээр дурдсан номд гардаг Өргөө хот энэ зууны эхээр гуч гаруйхан мянган хүнтэй тосгон байсан. Гэтэл тавиад жилийн дараа зуун хорин мянгат хот болж улмаар сүүлийн гучхан жилийн дотор хагас саяас 700 мянган хүн амтай нүсэр хот болон хувираад байна. Саяхан хот байтугай шавар тагз байгаагүй Бурхантын хөндийд Дархан хот, Эрдэнэтийн овоонд Эрдэнэт хот, аймаг болгоны төвд хорь гучаас доошгүй мянган хүн төвлөрсөн бэсрэг хотууд бий болжээ. Бас сумдын төв гэж нэг жижиг мөртлөө суурин гацаанууд буй болсныг хамруулан тооцвол 360 гаруй суурин газарт монголын гурван хүн тутмын хоёр нь суурьшсан амьдралын эзэд болон хувирчээ.
…Хот руу тэмүүлэх тасралтгүй “урсгал” нэгэнт буй болжээ. Тэр урсгалын хурд улам бүр нэмэгдэж байна.
1982 онд Улаанбаатарт жилдээ 2000 хүн ирж суурьшиж байсан бол арван жилийн дараа 1992 онд 6848 хүн ирсэн байна. Түүнээс хойших жилүүдэд нийслэл чиглэсэн “хүний урсгал” улам өтгөрч 1994 онд 8080, 1995 онд 11 мянган хүн Улаанбаатарт суухаар ирэгсэд хүн бүлийг нь эрс нэмж хүнс хоол, үйлчилгээ шаардах болов. Дээр нь бас гадаадынхны хөл дарж зөвхөн 1993 он гэхэд л 7819 гадаадын иргэд суух болсны 5078 нь хятадууд байв. Ийнхүү монгол улс хүн амынхаа гучаад хувийг, хөдөлмөрийн нөөцийнхөө гуч гаруй хувийг нийслэлдээ бөөгнөрүүлсэн “хачин улс” болон хувирав. Ийм “хачин улс” дэлхийд хоёрхон байгаа бөгөөд (Чили 38.3, Уругвай 42.6 түүний дараа гурав дахь нь Монгол болов. Бахархах юм мөн үү гэвэл хараахан тийм бус ажээ. 1995 онд нийслэлд шилжин ирсэн арван нэгэн мянган хүний ард нь дор хаяад л нэг хүнд хорин таван толгойгоор бодоход 275 мянган мал хариулах эзэнгүйдэж нутагтаа үлдсэн малчдад нэмэгдэл ачаа болж байгаа биш үү? Мөн тэр хэмжээгээр (тухайлбал 1996 онд шилжин ирсэн гурван мянган гаруй өрх айл) өвөлжөө, хаваржаа эзгүйрч байж болно. Бүр өргөн хүрээгээр бодож үзвэл нүүдэлчдийн соёл иргэншлийг тээгчдийн эгнээ шингэрч байна гэсэн үг. Хүнгүй соёл иргэншил гэдэг амьгүй болтлоо борцлогдсон соёл иргэншлийн идэвхгүй өв маягаар үлддэг. Монголчууд малаа орхин худаг ус, өвөлжөө хаваржаагаа огоорон хот суурин руу тэмүүлэх болсон нь ердөө л тавиад оноос хойш буюу саяхан эхэлсэн үзэгдэл. Дөчөөд оноос арван найман аймагтай болж аймгийн төвийн шавыг тавьж байх тэр цагт Ховд, Улиастай, Цэцэрлэг, Алтанбулаг, Баянтүмэнгээс өөр суурьшсан газар бараг байгаагүй. Говь- Алтай аймгийн төвийг одоогийн Алтай хот гээд байгаа тэр газарт байгуулахаар шийдвэрлэсэн тухай хурлын баримт бичигт “Чөдрийн морины өвстэйг бодож” Есөнбулагт байгуулахаар болсон байдаг нь хот байгуулах цагаан толгойг мэдэхгүй зөвхөн хот айлын түр буух бууц товлох хэмжүүртэй хүмүүс байсныг гэрчлэн үлджээ. Энэчлэнгээр улсын нийслэл Улаанбаатар хотыг ч хот байгуулалтын нарийн тооцоогүйгээр дээр дээр нь нэмэн барьж байгуулсаар өнөөдөр хүн амын гуравны нэгийг бөөгнөрүүлсэн нүсэр бөгөөд ундуй сундуй суурин, тэгээд ч идэш хоол, сууц үйлчилгээг нь дийлэхээргүй “хөлд дарагдсан” хөөрхийлөлтэй мөртлөө олон ам бүлтэй, омголон зантай, хэрэг зөрчил, хулгай дээрэм, муу муухай юм үүрлэсэн шоргоолжны үүр шиг орон газар болон хувирав.
Нийслэлд амьдрал хөнгөн биш боловч сонирхол татах юм цөөнгүй байгаагийн гол нь орчин үеийн тохилог орон сууц, гэрэл цахилгаан, үзвэр үйлчилгээ, эд бараа, хөгжил хөдөлгөөнөөр хөдөөгөөс хавьгүй давуу юм. Тэр бүхэнд татагдсан хөдөөгийн залуус хот руу дэнгийн эрвээхэй шиг тэмүүлнэ. Хүүхдийнхээ аяыг дагадаг өвгөд хөгшид мөн л тэднийгээ бараадна. Тийнхүү өнөөх дэлхийд содон харагдаж гайхуулах гээд байгаа “нүүдэлчний соёл иргэншил” гэгч маань “суурин соёлын” нялуун цээжинд тас тэврүүллээ. Агь таанын үнэр нь сүрчиг бүрчигнийхээр солигдоно. Гол горхины хоржигноон нь машин тэрэгний хархираагаар солигдоно. Айраг цагааны сэнгэнэсэн амт нь архи пивоны нясуугаар солигдоно. Дөрвөн хананд хашигдаж уур уцаар нэмэгдэж алсын бараа харахгүйд нүдний хараа муудна. Уурын халаагуурт дасан хүүршээд жавар даахаа больж, суугаа амьдралын эрхээр судас шөрмөс суларч монгол зүснээс өөр монгол гэмээр юмгүй болно.
“Монголоо алдмар” гэдэг хараал жинхэнэ ёсоороо хүрч морьтон ардынхаа заншил соёлоос хагацна.
Нүүдэлчдийн соёл иргэншлийг аврах хадгалах тухай хичнээн мэргэн цэцэн гоё үгээр яривч суурьшлын соёл иргэншилд өөрийн эрхгүй гулсан орж уусан ууссаар “монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж хэлсэн Ван Дайкийн ёрлол нь дурдсан хугацаанаасаа өмнө ёсоороо болохыг няцаах баталгаа долоо хоногт 150 хүнээр ам бүл нь төрөлтөөр биш түрэлтээр нэмэгдэж байгаа Улаанбаатар нийслэлд л өнөөдөр лав алга. Монголын асуудал гэдэг бол одоо хотын асуудал болоод байна. Нэгэнт бөөгнөрөлийн гол төв болчихсон хотуудыг тараах, үгүй хийх ямар ч арга байхгүй тэгэх ч ёсгүй. Төрчихсөн хүүхдийг хэвлийд нь буцаах аргагүйн адил нэгэнт төрчихсөн хот суурингууд хоног хоногоор томорч л таарна. Суурин соёл иргэншлээс зайлж зугатсан ард зон өнөөгийн дэлхийд алга. Суурин соёл бүхнийг залгина.
Өнгөрсөн зууны жар далаад оноос Оросын тариачид хот суурингуудад тэмүүлж хөдөө нутаг нь эзгүйрсэн шиг энэ зууны жараад оноос монголын малчид хот сууринд татагдаж малын бэлчээр зэлүүдширч байгаа нь нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэвшил мөдхөн төрөл арижихын цондон болж байгааг зөвхөн бельгийн хар лам Ван Дайк ч биш өрнө зүгийн ажигч гярхай хүмүүс томруулагч дурангүйгээр харж ажиглаж, хэлж бичиж байгаа нь ойлгомжтой. Илүү давуу талуудаараа суурин соёл иргэншил ноёрхох арга зам ганцхан бий. Тэр нь хоёр соёл иргэншлийн зүй зохистой хослуулсан нөхцөл байдлыг бүрдүүлэх төрийн үзэл баримтлал бий болгож урт удаан хугацаанд цогцолбор хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого юм. Өөрөөр хэлбэл хоймсон соёл иргэншлийн (бицивилизация) бодлогыг монгол хүн бүрийн дотор ухаанд бойжуулж буйлуулах хэрэгтэй юм. Тэгсэн цагт бид соёл иргэншлийн хувьд гурван зуу байтугай гучин мянган жилд ч урт настай удаан жаргалтай аж төрж чадна.

1996 он

Л.Түдэв

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ МӨХӨХ ВЭ?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats